• Эхлэл
  • Ж.Үнэнбат:10 хувийн зээл олгох боломж байхгүй

Ж.Үнэнбат:10 хувийн зээл олгох боломж байхгүй

2016/04/27

Зах зээлд түгжигдсэн барилгууд           

Барилга хот байгуулалтын яам барилгын компани болон банк санхүүгийнхны уулзалт өнөөдөр болов. Өдгөө орон сууцны худалдан авалт зогсч барилгын салбар хүнд байдалд орлоо.

Гэтэл Засгийн газраас найман хувийн зээл олгоно гэсэн мөртлөө банкин дээр ирээд гацдаг. Албаны хүмүүс байрны зээлийн урьдчилгааг 10 хувь болгоно гэсэн яриа гаргаснаас болж иргэдэд хүлээлт үүсч, улам бүр гацалт бий болгож байгаа гээд барилга, банкны салбарынханд олон асуудал тулгараад байгаа.

Уулзалтын үеэр ч энэ асуудлыг хөндөж санхүүгийн хямралтай холбоотойгоор барилгын салбарт зээл олгохгүй байгаа нь уналтад оруулж буйг бизнес эрхлэгчид ярьж байна.

Энэ байдлаас гарах гарц нь эрэлтийг дэмжсэн бодлого тул салбарын яамнаас дэмжиж өгөхийг барилгын компанийн удирдлагууд хүслээ. Өнөөгийн байдлаар зах зээлд борлогдоогүй 15 мянган барилга байгаагийн 20 орчим хувь нь 80 ам.метрээс дээш хэмжээтэй аж. Харин зээлийн урьдчилгаа 10 хувь болж магадгүй гэж горьдож байгаа иргэдэд дахин сануулахад банкныхан ийм боломж хомс гэж нэгэн дуугаар хэлж байна.

Ингээд уулзалтын талаарх мэдээллийг багцлан хүргэе.

Монголын банкуудын холбооны гүйцэтгэх захирал Ж.Үнэнбат “10 хувийн урьдчилгаа төлөөд банкнаас зээл олгох боломж өнөөдөр байхгүй. Энэ бол тухайн банкны өөрийнх нь эх үүсвэрээс л хамаарах зээл. МИК бол 30 хувиар төлөхийг шаарддаг” гэв.

“Голомт банк”-ны газрын захирал Д.Бадрал “Барилгын салбарт банкууд зээл олгохнөхцөл байдал хүнд байна. Эргээд банкууд орон сууцны зээлээ өөр өөрийнхөө барилгын компаниудад өгч өөрсдийн барилгаа санхүүжүүлж байна гэсэн яриа гарч байна. Хуучин бол арилцааны банкууд өөрсдөө орон сууцны зээл олгодог, барилгын компаниуд орон сууцны зах зээл дээр өөрсдөө барилга барихдаа хэдий хэмжээний хүмүүст борлуулах вэ гэдгээ судалдаг байсан.

Харин найман хувийн зээл олгож эхэлснээс хойш хүн болгон шахуу барилга барьсан. Үүнтэй холбоотойгоор эргээд худалдан авах чадвар муудсан байгаа. Мөн арилжааны банкуудын эх үүсвэр бага  байна. Өмнө иргэдэд найман хувийн зээл олгоод, нийт орон сууц худалдан авагчид хуучин урьдчилгаа таван хувиа төлдөг, явцын дунд 20 хувиа төлдөг байсан. Ингээд барилгын компануд санхүүждэг байсан бол өнөөдөр бүгд ашиглалтад орсных нь дараа  худалдаж авна гээд хүлээлт үүсгэдэг.

Тэгэхээр арилжааны банк дор хаяж 2-3 жил барилгын зээлээ төлүүлэх дээр ажиллах болоод байгаа. Ингээд борлуулалт худалдан авах хүмүүс комисс авсны дараа зээлээ авна гэдэг байдлаар хүлээлт үүсгэдэг. Тиймээс арилжааны банкны зээл борлуулалт хийгдсэний дараа төлөгдөнө. Мэдээж борлуулалтыг арилжааны банк өөрөө хийх болно. Тэгэхээр банкны ажилтнууд орон сууцны борлуулалтын ажилтан шиг ажиллаж байна. Ийм байдлаар 2-3 жил нэг зээлэн дээр ажиллах болоод байгаа юм” гэв.

“Барилгын сургалт, хөгжлийн академи”-ийн гүйцэтгэх захирал Ч.Батцэнгэл “Иргэд өөрсдөө зохион байгуулалтад ороод хувийн эзэмшлийн газар дээрээ байшин барих боломж байгаа юм. Угтаа бол 0.5 хувийн асуудлыг иргэд өөрсдөө зохион байгуулалтад орж хотхон хэлбэрээр шийдээд өгөх гарцууд байна. Үүнийг банкууд дэмжээд өгөх боломж байдаг болов уу? Иргэд банкин дээр очихоор зээлийн шаардлага хангахгүй гэдэг. Харин улс 8-5 хувийн зээл олгоно гээд байдаг. Тэгэхээр банкууд бизнест олгосон зээлээ хараад суух биш иргэдтэй тулж ажиллавал боломжтой байгаа юм. Дэд бүтэц гэх асуудал ажлыг гацаагаад байдаг. Дэд бүтэц нь хоёр янз байдаг. Төлөвлөсөн, төлөвлөсөн бус гэх бөгөөд угтаа бол төлөвлөсөн бусаар шийдвэл манай улсад хэрэгтэй зүйл байгаа юм. Үүн дээр 8-5 хувийн зээлээ олгоод эхлэх юм бол ямар ч санхүүгийн дарамтгүй орон сууцтай болох тогтолцоо байгаа гэж бодож байна хэмээлээ.

Үүнд: Голомт банкны газрын захирал Д.Бадрал

Энд эргээд дэд бүтэж, хөрөнгө, үнэлгээний асуудал яригдана. Гол нь тавих шаардлага, стандарт гэх зүйл байх ёстой. Мэдээж дэд бүтэцтэйгээ холбогдсон байх ёстой бөгөөд хэдэн айл нийлж, хэр хэмжээний объект барих вэ? хэр их хэмжээний зээл вэ? гэдгээс хамаарч холбогдох журмуудыг гаргаж, барьцааны үнэлгээний асуудал зэрэг нь хангалттай байх юм болно гэсэн хариулт өглөө.

БХБЯ-ны төрийн нарийн бичгийн дарга П.Болортуяа

-Гол нь, зах зээлд эрэлтийн хэмжээ буураагүй ч, урьдчилгааны 30 хувь дээр гацаж байгаа. Тиймээс эрэлтийг дэмжсэн урьдчилгааг яаж бүрдүүлэх вэ? гэдэг л асуудал юм. Үүнээс гадна иргэдийн дунд урьдчилгаа 10 хувь болон буурах хүлээлт үүссэн учраас үлдсэн 20 хувийг барилгын компани мөнгөн хэлбэрээр байршуулж болох бөгөөд энэ тохиолдолд үлдсэнийг нь банк зээлээр олгож болох юм” хэмээв.

Ийн үүссэн нөхцөл байдлыг салбарын яамны удирдлагууд ойлгож байгаа ч, хууль эрх зүйн хүрээнд бизнес эрхлэгчдийг дэмжих гарц эрэлхийлж байгаа аж. Тэгэхээр зах зээлд түгжигдсэн орон сууцны борлуулалтыг нэмэхийн тулд салбарын яам олон арга эрэлхийлнэ гэж барилгын салбарынханд амлалаа.

Ч.Гэрэл

 

 

 

 

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна