Монгол Улсын Их хурлын 2012 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Төрөөс баримтлах соёлын бодлого”-д “Баримтат болон уран сайхны кино туурвих, орчин нөхцлийг бүрдүүлэх” зорилтыг дэвшүүлсэн.
Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт “Киноны салбарын үйл ажиллагаа, киноны эрх зүйн байдлыг хуульчлах”, нь чухал болохыг тодорхойлсон.
Дээрх зорилтын хүрээнд Монгол киног дэлхийн зах зээл дээр гаргах, өрсөлдүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлэх, кино урлагийн салбарыг зах зээлийн эдийн засгийн өнөөгийн шаардлагатай уялдуулан хөгжүүлэх эрх зүйн орчинг бий болгох зорилгоор Киноны тухай хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн барьлаа.
Хуулийн төсөлд Кино урлагийн салбарт хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлсэн дотоод, гадаадын байгууллага, хувь хүмүүс хөрөнгө оруулагчдад эдийн засаг, татварын урамшууллын оновчтой механизмыг нэвтрүүлэх, Монгол Улсад кино үйлдвэрлэж байгаа гадаадын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад оруулсан хөрөнгийнх нь 40 хүртэлх хувийг урамшуулал хэлбэрээр буцаан олгох, гадаад улсын киночид Монгол Улсын нутаг дэвсгэрт кино үйлдвэрлэл явуулахад гааль, татвар болон эрхзүйн таатай орчинг бүрдүүлэх, мөн кино үйлдвэрлэгч Монгол улсын иргэн, хуулийн этгээдийн кино бүтээх зориулалтын тусгай тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, эд материалд ногдох гаалийн албан татварын хөнгөлөлтийг тусгалаа.
Монгол киног дэлхийн хэмжээнд гаргахын тулд үндэсний кино үйлдвэрлэгч, бүтээгчдээ технологийн дэвшилтэт тоног төхөөрөмжтэй болоход нь татварын хөнгөлөлттэй нөхцлийг бүрдүүлсэнээр кино нь техникийн болон уран сайхны хувьд өндөр түвшинд хүрч дэлхийн зах зээлд гарч өрсөлдөх боломж бүрдэх юм.
Кино нь тухайн улсынхаа “таних тэмдэг” нь болж, өөрийн орны ёс заншил, түүх, соёлын өвийг сурталчилах, тус салбарыг дагасан шинэ ажлын байр, аялал жуулчлалын урсгалыг нэмэгдүүлэх зэрэг олон таатай өөрчлөлтийг өгч чадах, эдийн засгийг солонгоруулахад томоохон хэмжээний хөшүүрэг болсон салбар билээ. Энэ салбарыг зөв чиглэлд хөгжүүлэх нь зөвхөн тухайн салбарын хөгжил төдийгүй тухайн улсын хөгжилд ихээхэн хувь нэмэр болох юм.
Сэтгэгдэл байхгүй байна