• Эхлэл
  • Найман хувийн зээлээ зогсоосон банкуудад анхааруулга өгчээ

Найман хувийн зээлээ зогсоосон банкуудад анхааруулга өгчээ

2016/04/29

Орон сууцны найман хувийн зээлээ зогсоосон Голомт, Хаан, Хас, Капитал зэрэг банкид анхааруулга хүргүүлсэн тухай өнөөдөр ШӨХТГ-аас мэдээллээ.  

Арилжааны банкуудад барьцаалж зээл авсан үл хөдлөх эд хөрөнгөө бусдад түрээслэх, хөлслөх, бусдын эзэмшилд шилжүүлэх, давхар барьцаалах тохиолдолд өмчлөгч иргэн, барьцаалагчаас заавал зөвшөөрөл авахаар зохицуулсан нь банк тухайн хөрөнгийн хувьд өмчлөгчөөс илүү эрх эдэлж, өмчлөгчийн эрхийг үндэслэлгүйгээр хязгаарлах нөхцөлийг бүрдүүлсэн.

Энэ нь эргээд иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш байдлын зарчимд халдсан байна. Үндсэн хуулиар олгосон өмчлөгчийн язгуур эрхийг дордуулсан байсан гэж Үндсэн  хуулийн Цэц өнгөрсөн арванхоёрдугаар сард үзэж, холбогдох заалтуудыг хүчингүй болгосон билээ.

Цэцийн энэ шийдвэрийн дараа Монголын банкны холбооноос найман хувийн зээлийг олгох эрхзүйн орчингүй болсон тул зээлээ зогсоож байна гэж тухайн үед мэдэгдэж байсан аж.

Энэ мэдэгдлийн дараа арванхоёрдугаар сарын 13-ний өдрөөс арилжааны банкууд цалин, тэтгэврийн зээлээс бусад барьцаалан зээлдүүлэхтэй холбоотой бүхий л зээлээ зогсоож байсан юм. Банкны холбоо болон арилжааны банкуудын гаргасан энэ үйлдэл Шударга өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн тухай мэдээлсэн юм.  Дээрх банкуудад  буюу Голомт, Хаан, Хас, Капитал зэрэг банкид хариуцлага тооцолгүй, анхааруулга хүргүүлсэн байна.

Өмнө нь нь иргэдээс үүнтэй холбоотой маш олон гомдол ирж байсан. Мөн иргэдийн зүгээс банкуудын шаардлага улам өндөр болж байна гэх гомдол ч мөн ирж байсан билээ.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна