Хэдийгээр гэмт хэрэг үйлдсэн ч насанд хүрээгүй хүнийг аль болох төмөр торны цаана суулгалгүйгээр ял эдүүлэх талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилэн найруулгын төсөлд тусгажээ.
Уг хуулийн төслийн ажлын хэсгийн гишүүн УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга Л.Болд, УИХ-ын Тусгай хяналтын дэд хорооны дарга Г.Батхүү болон УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл нар баасан гарагт Хүүхдийн хорих ангийн үйл ажиллагаатай танилцлаа. Ажлын хэсгийнхнийг очиход тус хорих ангид долоон хүүхэд хүмүүжиж байсан.
Өршөөлийн хууль батлагдсантай холбоотой 11 хүүхэд суллагдаж, зарим нь насанд хүрч, өөр хорих анги руу шилжсэн талаар Хүүхдийн хорих ангийн дарга, хошууч С.Гансүх танилцуулсан.
Хэдийгээр хэрэг, зөрчил гаргаж нийгмээс тусгаарлагдсан ч хүүхдүүдийн сурч боловсрох, мэргэжил эзэмших тал дээр хорих ангийнхан ихэд анхаарал хандуулж ажилладаг аж. Ингэхдээ ерөнхий боловсролын сургуулийн суурь хичээлүүдийг ордог талаар танилцуулсан. Үнэхээр ч Л.Болд тэргүүтэй ажлын хэсгийнхнийг очиход хүүхдүүд Монгол хэл, компьютерийн хичээл хийж байхтай таарсан. Мөн хүүхдүүдийн сонирхлын дагуу төрөл бүрийн нарийн боов, жигнэмэг хийхийг зааж сургадаг аж. Хүүхдүүд нарийн боов хийж ажлын хэсгийнхнийг энэ үеэр дайлсан. Сэтгэл гаргаж хийсэн бүхэн хичнээн амттай байдгийг ч гишүүд тэдэнд хэлсэн. Тиймдээ ч өөрсдийнх нь хийсэн нарийн боов хичнээн амттай байгааг гишүүд хэлж, амтархан идэцгээсэн. Ингэж нэрийн боов хийж сургах нь хөдөлмөрийн дадал олгох ажил хэмээн хорих ангийн удирдлага хэлж байсан.
Дараа нь Хүний эрхийн дэд хорооны дарга Л.Болд, Тусгай хяналтын дэд хорооны дарга Г.Батхүү нар Эмэгтэйчүүдийн 407 дугаар хорих ангийн үйл ажиллагаатай танилцсан юм. Ирэх есдүгээр сарын 1-ээс шинэ Эрүүгийн хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ.
Үүний өмнө Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зайлшгүй батлахгүй бол Эрүүгийн хууль хэрэгжих бололцоогүй гэдгийг ШШГГ-ын дэд дарга Г.Туулхүү юуны өмнө онцлов.
Иймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төслийг яаралтай батлах шаардлага бийг Л.Болд гишүүнд аминчлан захисан. Л.Болд гишүүн ч хуулийн төслийг аль болох яаралтай батлуулах талаар ажиллана гэдгээ ч түүнд хэлж байв.
Эмэгтэйчүүдийн хорих ангид ял эдэлж байгаа бүсгүйчүүдийн 70 хувийг тогтмол ажлын байраар ханган ажиллаж байгааг тус хорих ангийн дарга, дэд хурандаа Д.Уранчимэг гишүүдийг угтан авахдаа танилцуулсан. Тухайлбал, үйлдвэрлэл, гар урлалын цехүүдэд 71, аж ахуйн үйлчилгээнд 63 ялтан ажилладаг гэнэ. Үйлдвэрлэлийг хорих ангийн онцлогийг харгалзан оёдлын чиглэлээр явуулдаг аж.
Оёдлын үйлдвэр нь 32 шулуун оёдлын машин, тусгай зориулалтын 27 машин, найман ширхэг уурын индүүтэй. Тэд ШШГЕГ-ын хэмжээнд ял эдэлж байгаа ялтын өвөл, зуны хувцас, цагаан хэрэглэл, хөнжил, гудас, дотуур өмд, цамц, цэргийн хээрийн хувцас, өвөл, зуны ажлын хувцас үйлдвэрлэдэг байна. Өнгөрсөн онд 11 байгууллага, аж ахуйн нэгжтэй, энэ онд дөрвөн аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах гэрээ байгуулан гэрийн цагаас бүрээс, ажлын хувцас, машины хучлага, автомашины суудлын бүрээс, дээл, хантааз зэрэг захиалгат бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг тухай хорих ангийн дарга хэлсэн. Ийнхүү оёдлын үйлдвэр нь жилд дунджаар 19 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргадаг гэнэ.
Мэдээж ажиллавал ам тосдоно гэгчээр ялтнууд хийснийх нь хэрээр урамшуулал олгодог тухай ч тэрбээр онцолсон. Нэг ялтан дунджаар сардаа 50-200 мянган төгрөгийн цалин авдаг.
Энэ мөнгийн бусдад учруулсан хохиролдоо зохих хувийг нь төлж, үлдсэнээр нь нэрийн данс нээж, доторх дэлгүүрээс өөрсдийн хэрэгцээтэй зүйлээ авах боломж нээлттэй. Тэр ч бүү хэл, зарим нь ар гэрээ тэжээдэг талаар ч хэлж байсан.
Өнгөрсөн онд л гэхэд Ерөнхий газрын захиалга болон гэрээт байгууллагын бүтээгдэхүүний үнэлгээнд үндэслэн ажлын гүйцэтгэлээр давхардсан тоогоор 1492 ажилтанд 16196415.510 төгрөг, аж ахуйн үйлчилгээнд давхардсан тоогоор 234 ялтанд 7.036.976 төгрөгийн цалин олгожээ.
Харин энэ оны байдлаар дөрвөн ялтны ар гэрт 1.6 сая төгрөг шилжүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар тус ангийн хэмжээнд төлбөртэй 89 ялтны 5.397.366 төгрөг, нэмэгдэл ялтай 17 ялтны 6.952.172, мөн ялтны цэргийн дансанд 81 ялтны долоон сая төгрөгийн үйлдэгдэлтэй байгаа аж.
Мөн хорих ангид нярай хүүхэдтэй ээжүүд цөөнгүй байдаг. Хэдийгээр ял хойшлуулах асуудал гарч, шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэдэг ч бэрхшээл бий гэнэ.
Учир нь тус хорих анги бусад ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг газруудаа ялгаатай нь ямар ч өвчтэй ялтан байсан хамт байхаас өөр аргагүй нөхцөл байдалтай аж. Иймээс халдварт өвчтэй хүмүүсээс урьдчилан сэргийлэх ажиллагааг хорих ангийнхан өөрсдөө хийхээс өөр аргагүй гэнэ. Тухайлбал, ДОХ-той, сүрьеэтэй ялтнууд ч бий гэнэ.
Иймээс тэднээс тусгаарлах, сэргийлэх бэрхшээлийн талаар хэлж байсан. Ажлын хэсгийнхэн ч ялтнууд болон хорих ангийн ажилтнуудын санаа бодлыг хуулийн төсөлдөө тусгахын тулд хорих ангиудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж байгаагаа тэдэнд тайлбарласан. Мөн энэ үеэр Л.Болд гишүүн ялтнуудад тусгайлан өмгөөлөгч гаргаж өгөхөө мэдэгдсэн. Гэхдээ бүх ялтнуудад бус харин гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, санаандгүй байдлаар хэрэгт холбогдсон хүмүүстэй өмгөөлөгч ажиллана. Ингэхдээ тэдэнд эрх зүйн зөвлөгөө өгөх гэнэ. Түүний энэ саналыг ялтан бүсгүйчүүд ихэд уриалгахан хүлээн авч, зарим нэг нь баярласандаа нулимс дуслуулсан.
Сэтгэгдэл байхгүй байна