• Эхлэл
  • “Coal and Metals Mongolia” чуулган эхэллээ

“Coal and Metals Mongolia” чуулган эхэллээ

2016/05/07

"Coal & Metals Mongolia 2016” олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэн /2016.05.06/ нээлтээ хийв. Дээрх чуулганд уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчид, УУЯ, Эрчим хүчний яамны нийт 500 гаруй төлөөлөгч оролцож байна. "Гложекс" компаниас тус олон улсын хөрөнгө оруулагчдын чуулганыг 6 дахь жилдээ зохион байгуулав.

Энэ жилийн хувьд "Coal Mongolia”, металлын салбарын Metals Mongolia болон уул уурхайн тоног төхөөрөмжийн  "MineTech” үзэсгэлэнг нэг дор зохион байгуулж байгаагаараа онцлогтой юм. Чуулганд Хятад, Казахстан, Австрали, Японы төлөөлөгчид түлхүү оролцож байна.

"Coal & metals Mongolia 2016” хурлыг нээж уул уурхайн сайд Р.Жигжид "Хэдийгээр сүүлийн жилүүдэд олон улсын зах зээлд эрдэс түүхий эдийн үнэ суларч буй ч манай уул уурхайн салбар 2015 онд төсвийн орлогын 18 хувь, дотоодын нийт бүтээгдэхүүний 17 хувь, аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэлийн 80 хувийг дангаараа бүрдүүллээ. Энэ нь чамгүй амжилт бөгөөд уул уурхайн салбарт ажиллаж буй нийт уурхайчид, аж ахуйн нэгжүүдийн хүчин зүтгэл, нөр их хөдөлмөрийн үр дүн юм.

Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг боловсруулж,  нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний ангилал болон ашигт малтмалын нөөцийг олон улсын жишигт нийцсэн аргачлалаар тооцох алхам хийснийг энд дурдах нь зүйтэй. Түүнчлэн Оюутолгойн алт, зэсийн ордын ил уурхай амжилттай ажиллаж, далд уурхайн бүтээн байгуулалтын бэлтгэлийг бүрэн базаагаад байна.

Салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх, зах зээлээ тэлэхэд үйлдвэрлэлийн дэд бүтцийг хөгжүүлэх шаардлагатай цаг үед бид ирээд байна. Тиймээс төмөр замын сүлжээг нэмэгдүүлэх, эрчим хүчний найдвартай эх үүсвэрийн хангамжийг сайжруулах, дамжин өнгөрөх тээврийн асуудлыг шийдвэрлэх нь чухал юм.

Засгийн газрын зүгээс энэ бүхэнд анхаарч татварын бодлогоор дэмжих арга хэмжээг авч байна” хэмээн онцолж хөрөнгө оруулагчдад хамтран ажиллах боломжийг эрэлхийлэхийг уриалав.

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна