Өнөөдөр Ялалтын баярын өдөр тохиож байна. Дэлхийн II дайны хувь заяаг эргүүлэхэд томоохон үүрэг гүйцэтгэсэн одоогийн ОХУ тухайн үеийн ЗХУ болон түүний холбоотнууд тавдугаар сарын 9-ныг Ялалтын баяр хэмээн тэмдэглэдэг.
1939-1945 онд үргэлжилсэн дэлхийн II дайнд 61 улс орон, дэлхийн хүн амын 80 шахам хувь оролцож, 110 сая гаруй хүн цэргийн албанд татагджээ. Нийт 60-аас илүү сая хүн амь үрэгдсэний ихэнх нь энгийн иргэд байсан ба тухайн үеийн дэлхийн нийт хүн амын 2.5 хувь нь байжээ. Дэлхийн II дайн нь 1939 оны 9 сарын 1-нд Герман улс Польш руу довтолсноор эхэлсэн. Герман улс Франц болон Их Британи, түүний холбоотон улсууд руу довтлон 1939 оны сүүлээс 1941 оны эхэн үед Европын ихэнх нутгийг эзлээд байсан юм.
Герман болон түүний холбоотнууд 1941 оны зургадуугар сард ЗХУ руу довтолсон. Ингэснээр дэлхийн улс орнууд Холбоотнууд болон. Тэнхлэгийнхэн хэмээн хуваагдан тэмцэлдэж байв. 1941 оны арванхоёрдугаар сард Япон улс Номхон Далайд орших АНУ болон Европийн харьяа руу дайрч, тэр хэсгийн газар нутгийг ихээр нь эзэлж чадсан байна. Харин Япон улс 1942 онд далайн тулаанд ялагдал хүлээж, Европын Тэнхлэгийн улсуудын Өмнөд Африк, болон Сталинград дахь тулааны ялагдлаас эхлэн дайны байдалд огцом өөрчлөлт гарсан.
ЗХУ холбоотнуудын хамт Берлинийг эзэлж, Рейхастагийн оройд тугаа мандуулан 1945 оны тавдугаар сарын 9-нд дайн зогсоох гэрээг байгуулсан. 20 гаруй сая хүнээ алдаж, дөрвөн жил тулалдан, өөрийн эзлэгдсэн газар нутаг төдийгүй Европын олон улсуудыг чөлөөлсөн ЗХУ энэхүү өдрийг Аугаа их эх орны дайны ялалтын өдөр хэмээн тэмдэглэдэг.
Тухайн үед нэг системийн улс гэгдэж, тулалдаж буй ЗХУ-д өргөн туслалцаа дэмжлэг үзүүлдэг байсан Монгол Улсын хувьд ч энэ өдрийг ялалтын баяр хэмээн тэмдэглэдэг. Монгол Улс руу 1939 онд довтолсон Японы довтолгоог дэлхийн II дайны эхний үеийн гол тулалдаануудаар мөн нэрлэдэг. Европт Дэлхийн II 1945 оны 5 сарын 9-нд дууссан гэж үздэг бол Азид Япон улс АНУ-ын довтолгооноор Усан флотоо алдсаны дараа 1945 оны наймдугаар сард 15-нд бууж өгөх саналыг хүлээн зөвшөөрснөөр, дайн дууссан гэж түүхэнд тэмдэглэгдсэн байдаг.
Оросуудын Ауагаа их эх орны дайны ялалтын баярыг Монгол Улсад олон жилийн турш уламжлал болгон тэмдэглэсээр ирсэн бөгөөд өнгөрсөн жил Москвад болсон ялалтын 70 жилийн ойн баярын ёслолд монгол цэргүүд оролцсон юм.
Энэ жилийн 71 жилийн ойн өдөр Монгол Улсын БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд, манай улсад суугаа ОХУ, Беларусь, Казахстан улсын Элчин сайд нар өнөөдөр 11.00 цагт Зайсан дахь Зөвлөлтийн дайчдын хөшөө, 11.30 цагт Маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлнэ.
Мөн энэ өдрийн 19.00 цагт ЦДБЭЧ-ын уран бүтээлчид "День победы" хүндэтгэлийг тоглолтыг Улаанбаатар паласт толилуулах юм байна.
Ингээд 1941-1945 оны Эх орны дайнд Монгол Улсаас үзүүлж байсан тусламжийн талаарх мэдээллийг хүргэж байна.
1941 оны 6 дугаар сарын 23
ЗХУ-д фашистын Герман довтолсонтой холбогдуулан Улаанбаатар хотын төв өргөн чөлөөнд хотын бүх ажилчид, албан хаагчид ба ард олныг хамарсан цуглаан болжээ.
1941 оны 7 дугаар сар
Зөвлөлтийн Улаан армид явуулах бэлэг ба тус орны батлан хамгаалах фронтод хөрөнгө хуримтлуулах бүх ард түмний хөдөлгөөн өрнөжээ.
1941 оны 9 дүгээр сар
Сайд нарын Зөвлөлийн дэргэд Зөвлөлтийн Улаан армид туслах төв комисс байгуулагджээ.
1941 оны 11 дүгээр сар
ЗХУ-ын Улаан армид Монголын ард түмнээс илгээсэн бэлгийн анхны цувааг хүргүүлэв. Дайны үед ийм цувааг нийт 8 удаа хүргэжээ.
1942 оны 1 дүгээр сар
БНМАУ-ын Бага Хурлын 25 дугаар чуулганаас "Хувьсгалт Монгол" танкийн цуваа байгуулж Зөвлөлтийн Улаан армид бэлэглэх шийдвэр гаргажээ. Энэ шийдвэрийн талаар нам, засгийн удирдагчид И.Сталинд цахилгаан утас илгээж, уг цувааг байгуулахад зориулан ард түмний хүч хөдөлмөрөөр хуримтлуулсан 30 кг шижир алт, 100 мянган америк доллар, 2,5 сая бие төгрөг шилжүүлснээ мэдэгдэж, фашистын зандалчдыг бут ниргэх нийтийн үйлсэд Монголын ард түмний оруулж буй хувь нэмэр болгон хүлээн авахыг хүсчээ.
1943 оны 3 дугаар сар
БНМАУ-ын Бага Хурлын 26 дугаар чуулганаас "Монгол ард" нисэх онгоцны эскадрилийг Монголын ард түмний хөрөнгөөр байгуулж, Зөвлөлтийн Улаан армид бэлэглэх шийдвэр гаргажээ. Богино хугацаанд хэрэгцээтэй хэмжээний хөрөнгө хуримтлуулж, "Монгол ард" гэсэн бичигтэй "Ла-5" сөнөөгч 12 шинэ онгоцыг 1943 оны 9 дүгээр сарын 25-нд сөнөөгч онгоцны 322 дугаар дивизийн 2 дугаар хороонд шилжүүлжээ
Дайны жилүүдэд Монголын ард түмний хуримтлуулсан 65 сая төгрөгийн хөрөнгөөр бүтсэн, нийтдээ 600 гаруй галт тэрэгний 8 цуваа бэлгийг биечлэн хүргэж гардуулсны дотор Улаан армид 500 мянган агт морьд бэлэглэсэн ба худалдсан гэдэг. Ганцхан жишээ дурьдахад, Увс аймгийн Наранбулаг сумын иргэн Бадам хувиасаа 10 мянган төгрөг, 1600 хонь, 6 тэмээ, 94 морь Улаан армид бэлэглэсэн тул олон түмнээс түүнд "фронт Бадам" нэр хайрлаж байсан түүхтэй.
Монголчууд дэлхийн II дайны хүнд хэцүү үед ЗХУ-ын холбоотон болон тэмцэж, мөнгө санхүү болон эд материал, сэтгэл санааны дэмжлэг үзүүлж байсан төдийгүй дайны талбарт ч Монгол дайчид тулалдаж байсан юм.
Сэтгэгдэл байхгүй байна