-ОХУ-аас орж ирсэн хортой, өвчлөлтэй гэх үрийн буудайг Улсын Мэргэжлийн хяналтын газрын дарга Ц.Шаравдорж хоргүй гэж мэлзэв-
МХЕГ-ын газраас Үрийн буудайн асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ. Тариаланчид өнгөрсөн намар ургац алдсанаас болж энэ хавар тарих үрийн буудайгүй болсон. Иймээс Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас 8000 тонн үрийн буудайг ОХУ-аас оруулж ирэх эрхийг “Милл хаус”, “Хангайн гурил”, “Нямбайгаль Даваа” гэсэн гурван аж ахуйн нэгжид олгосон байдаг.
Тариалан эрхлэлтийг дэмжих сан /ТЭДС/-тай хийсэн гэрээний хүрээнд эхний ээлжид “Нямбайгаль Даваа” компани 2000 тонн буудайг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-ны өдөр вагоноор ОХУ-аас оруулж ирж ТЭДС-ийн Хөтөл дэх салбарт буулгажээ.
Гэтэл тус компанийн оруулж ирсэн үрийн буудай чанарын шаардлага хангана, хангахгүй гэсэн мэргэжлийн хяналтын хоёр байцаагчийн дүгнэлт гарч, эргээд хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй гэсэн сэрэмжлэлийг төрүүлээд байна. Тус хэвлэлийн бага хурлын үеэр МХЕГ-ын дарга Ц.Шаравдорж Сэлэнгэ аймгийн МХГ-ын итгэмжлэгдсэн лаборатори гаргасан шинжилгээг үгүйсгэж Дархан-Уул аймгийн МХГ-ын итгэмжлэгдсэн лабораториор шинжлүүлэн стандартын үрийн буудайн шаардлага хангасан гэж мэдээллээ.
Ийнхүү Ц.Шаравдорж дарга МХЕГ-ын харьяа хоёр аймгийн итгэмжлэгдсэн лабораториуд нь өөр өөр дүгнэлт гаргаад байхад нэг талыг нь буюу Дархан-Уул аймгийн МХГ-ын Ургамал хамгаалал, хорио цээрийн улсын ахлах байцаагч П.Болормааг 100 хувь дэмжиж, Сэлэнгэ аймгийн мэргэжлийн хяналтын байцаагч Д.Цэрэндулам, А.Бямбадорж нарын дүгнэлтийг эрс эсэргүүцэхийн зэрэгцээ тэднийг зүгээр өнгөрөөхгүй гэж заналхийллээ.
“Нямбайгаль даваа” компанийн оруулж ирсэн үрийн буудайн дахь хог, ургамалын хэмжээ нь байх ёстой хэмжээнээсээ хэтэрсэн үзүүлэлттэй гэсэн дүгнэлт дээр Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн МХГ-ын байцаагч нар нэгдсэн хэрнээ Дархан-Уул аймгийн МХГ-ын Ургамал хамгаалал, хорио цээрийн улсын ахлах байцаагч Болормаа нь энэ бол 2-р ангиллын үрийн буудайн шаардлагыг хангасан байна гэсэн дүгнэлт гаргасан байна.
“Нямбайгаль даваа” компанийн оруулж ирсэн “Алтайская Жница” гэх сортын үрийн буудай нь манай улсад нутагшаагүй хог ургамлын хэмжээ заасан стандартаас хэтэрсэн, үр хөврөл харлах өвчтэй гэдэг нь тогтоогдсоор байхад байцаагч Н.Болормаа, МХЕГ-ын дарга Ц.Шаравдорж нар “Тариалан эхлэгчид хог ургамлыг нь түүж цэвэрлээд л тарихад болно” гэж хээв нэг хэлж байгаа нь хууль стандартаа барьж байгаа хэрэг үү.
Хаврын тариалалт хаяанд тулсан энэ үед ХААЯ, ТЭДС, МХЕГ цаг хугацааг нь тулган тендэрээр оруулж ирсэн чанарын шаардлага хангахгүй, Монголын хөрсөнд нутагшаагүй сортын үрийн буудайг тариалан эрхлэгчдэд шахаж эцэст нь тариаланчид намар ургац алдах том эрсдэлийг хүлээхээр болоод байгаа тухай тариаланчид ярьж байна. Ийнхүү монголчуудын гурил хортой үрийн буудайгаар хийгдэх аваас үндэсний аюулгүй байдалд хүртэл заналхийлэл учрах эрсдэлтэй болоод байгаа аж.
Сэтгэгдэл байхгүй байна