Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн бүрэн эрх дууссантай холбогдуулан анхан болон давж заалдах шатны шүүхээс Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр сонгогдох нэр дэвшигчийг тодруулах санал хураалтыг зохион байгуулах комисс өнөөдөр хуралдсан байна.
Шүүхийн ерөнхий зөвлөлий өнөөдрийн /дөрөвдүгээр сарын 29/ 24 дүгээр тогтоолоор батлагдсан журмын дагуу байгуулагдсан анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний тооллогын төв комисс өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд анхны хуралдаанаа хийлээ.
Тооллогын төв комисс нь шүүгчээр хамгийн олон жил ажилласан тухайн шатны шүүхийн Ерөнхий шүүгч нараас бүрдэж байгаа юм.
Анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний тооллогын төв комисст Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Оюунбат, Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ням, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ё.Цогтзандан, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Баатар, Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Энхтайван нар ажиллаж байна.
Харин Давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний тооллогын төв комисст Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн, Говьсүмбэр, Дорноговь аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Лхагвамаа, Өмнөговь, Дундговь, Төв аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Бямбажав, Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл, Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Батсайхан тус тус ажиллаж байна.
Хуралдаанд оролцогчдын олонхийн саналаар анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний Тооллогын төв комиссын даргаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ё.Цогтзанданг, давж заалдах шатны шүүгчдийн зөвлөгөөний Тооллогын төв комиссын даргаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэнг тус тус сонгов.
Мөн өдрийн хуралдаанаар анхан болон давж заалдах шатны шүүхээс Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх, санал хураах ажиллагааг явуулах товыг тогтоосон байна гэж Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэсээс мэдээллээ.
Сэтгэгдэл байхгүй байна