• Эхлэл
  • Цахим гэмт хэрэг нэмэгдэж байна

Цахим гэмт хэрэг нэмэгдэж байна

2016/05/11

Эрүүгийн цагдаагийн газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс нь Улсын ерөнхий прокурорын 2015 оны зургадугаар сарын 05-ны өдрийн А67 дугаарын тушаалаар Эрүүгийн хуулийн 25-р бүлэгт хамаарах Компьютерийн мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг болон цахим орчинд “Садар самуун сурталчлах”, “Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийг зөрчих”, “Иргэний захидал харилцааны нууцын халдашгүй байдлыг зөрчих” зэрэг гэмт хэрэгт шалгалтын ажиллагаа явуулж эхэлжээ.

Энэ хугацаанд тус хэлтсээс Компьютер мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг долоо, интернэт орчинд иргэний захидал харилцааны нууцын халдашгүй байдлыг зөрчих гэмт хэрэг нэг, Интернэт орчинд бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлсэн гэмт хэрэг гурав, интернэт орчинд бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх гэмт хэрэг нэг, нийт 14 холбогдогчтой 1 тэрбум 63 сая 500 мянган төгрөгийн хохиролтой 12 гэмт хэрэг илрүүлэн шалгасан байна. Улмаар таван хэрэгт Эрүүгийн хэрэг үүсгэн, шалгалтын ажиллагаа үргэлжилж байгааг албаны эх сурвалж мэдээллэлээ.

-АЛБАН ТУШААЛАА УРВУУЛАН 9.7 САЯ ТӨГРӨГИЙН АШИГ ОЛСОН БАЙЖЭЭ-

Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй дээрх таван хэргийг дурдвал:

1. Иргэн М, Т нар нь бүлэглэн бусдын интернэт банкны эрхийг хууль бусаар олж авч, АТМ машинаас 10 удаагийн үйлдлээр нийт гурван сая орчим төгрөг авсан гэмт хэргийг өнгөрсөн 2015 оны 12-р сард үйлджээ.

2. Иргэн М нь шунахайн сэдлээр байгууллагын хамгаалалтын сүлжээнд хоёр удаагийн үйлдлээр халдаж, серверт нь хадгалагдаж байсан мэдээллийн санг бүхэлд нь санаатайгаар устгаж, өөрчлөх замаар бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг өнгөрсөн хоёрдугаар сард үйлджээ. Эх сурвалжийн мэдээллэж буйгаар тухайн байгууллага нь нэгэн нэр бүхий их дэлгүүр  юм байна.

3. Иргэн С, М, Б нар нь бүлэглэн нийгмийн даатгалын системд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, найман иргэний мэдээллийг санаатай өөрчилж, 9 сая 700 мянган төгрөгийн орлого олсон гэмт хэргийг өнгөрсөн гуравдугаар сард үйлджээ. Тухайн этгээдүүдийн хоёр нь нийгмийн даатгалын газарт ажилладаг ажилтнууд байсан бөгөөд нийгмийн даатгалын сүлжээ рүү нэвтэрч, иргэдийн бөглөгдөөгүй нийгмийн даатгалыг нөхөн бөглөсөн байжээ.

4. Иргэн Э нь шунахайн сэдлээр хуурамч фишинг вэб сайт ашиглаж, бусдын фэйсбүүкийн нэвтрэх нэр, нууц үгийг цуглуулж, бусдын хаягаар нэвтэрч агуулагдаж байсан нүцгэн зургуудыг нь олон нийтийн сүлжээнд нэр хүндэд нь халдах зорилгоор байршуулсан гэмт хэргийг өнгөрсөн нэгдүгээр сард үйлджээ.

5. Иргэн М, Б нар нь фэйсбүүк орчинд хуурамч хаяг нээж, өсвөр насны охидтой харилцаж, хууран мэхлэх замаар нүцгэн зургийг нь авч бэлгийн харьцаанд орох, эсвэл 500 мянган төгрөг нэхэж, дарамталсан гэмт хэргийг өнгөрсөн гуравдугаар сард үйлдсэнийг тус тус илрүүлжээ.

-АЖ АХУЙ НЭГЖҮҮД ЦАХИМ ШУУДАНГИЙН ЛУЙВАРТ 
ӨРТӨХӨӨС СЭРЭМЖИЛ-

Сүүлийн жилүүдэд  интернэт орчинд үйлдэгдэх энэ мэт санхүүгийн луйврын гэмт хэргийн гаралт олон улсын түвшинд нэмэгдээд байна. Иргэд гадаадын иргэдтэй интернэт орчинд танилцах, харилцах явцдаа бусдад залилуулах асуудал тасралтгүй гарч байгаа ба ямар нэг сугалаанд хожсон, өв загамжлагчаар сонгогдсон, их хэмжээний мөнгөн дүнтэй бэлэг хүлээн авах болсон зэрэг шалтгаанаар иргэдийг хууран мэхэлж, гэмт этгээдүүд өөрсдийн дансанд урьдчилгаа болгон бага бус хэмжээний мөнгийг шилжүүлэн авдаг байна.

Түүнчлэн Гадаад худалдаа эрхэлж буй аж ахуй нэгж байгууллагууд цахим шуудангийн луйврын гэмт хэрэгт өртөж, онц их хэмжээний мөнгийг гэмт этгээдүүдийн гарт алдах хэрэг сүүлийн жилүүдэд манай улсад гарсаар байна. Танай байгууллага гадаадын аль нэг байгууллагатай төлбөр тооцооны мэдээллээ цахим шуудангаар солилцдог бол энэ төрлийн гэмт хэрэгт өртөх бодит эрсдэл үүссэн байна гэсэн үг.

Харилцагч байгууллагаас “Манай дансанд аудитын шалгалт орсон гэх юм уу, өөр ямар нэг байдлаар төлбөр хүлээн авах боломжгүй байгаа тул энэ дансанд дараагиин төлбөрийг шилжүүлнэ үү" гэх шууданг танай байгууллага хүлээн авсан бол дээрх дансны мэдээллийг зайлшгүй утсаар юм уу, бусад баталгаат сувгаар баталгаажуулах шаардлагатай.

Үгүй бол тухайн шууданг гэмт этгээдүүд таны харилцагчийг төлөөлж илгээсэн байх өндөр магадлалтай юм. Энэ төрлийн луйврын гэмт хэрэгт Монгол улсын томоохон худалдааны баигууллагууд өртөж байгаа тул төлбөр,  тооцооны асуудалдаа анхаарал, сонор сэрэмжтэй хандаж байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.


Сэтгэгдэл байхгүй байна