• Эхлэл
  • Ц.Лхагвасүрэнг Эрүүл мэнд, спортын сайдаар томилохыг дэмжсэнгүй

Ц.Лхагвасүрэнг Эрүүл мэнд, спортын сайдаар томилохыг дэмжсэнгүй

2016/05/11

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Г.Шийлэгдамбыг Эрүүл мэнд, спортын сайдаас чөлөөлж, оронд нь Ц.Лхагвасүрэнг томилуулах Засгийн газрын саналыг хэлэлцлээ.


Санал хураалтын дүнд Г.Шийлэгдамыг сайдаас чөлөөлөхийг олонх нь дэмжсэн ч, Ц.Лхагвасүрэнг тус албан тушаалд томилуулахыг дэмжсэнгүй.

Хэлэлцүүлгийн үеэр төдийлэн олон гишүүн асуулт тавьж, санал хэлээгүй бөгөөд АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяа “Ц.Лхагвасүрэнг хувь хүнийх нь хувьд дэмжиж байгаа ч түүний нэрийг дэвшүүлсэн “Шударга ёс” эвслийн бүлэг задарсан тул ойлгомжгүй нөхцөл байдал үүсэж байна. Уг асуудлыг хэлэлцэх шаардлагатай, эсэхэд эргэлзэж байна” хэмээж байсан юм.

Үүнд Шадар сайд Ц.Оюунбатар “Тухайн үед Ц.Лхагвасүрэнгийн нэрийг эвслийн бүлэг өргөн мэдүүлсэн нь үнэн. Гэхдээ Засгийн газрын АН, МАХН бүрдүүлж байгаа учраас Засгийн газраас нэр дэвшүүлсэн Ц.Лхагвасүрэнг томилуулах саналыг үргэлжлүүлэн, хэвийн хэлэлцээд явах боломжтой” гэж байсан юм.

Мөн тус Байнгын хорооны дарга Д.Батцогт нэр дэвшигчийг хувь хүнийх нь хувьд дэмжиж буйгаа илэрхийлээд, “Ерөнхий сайд энэ хүний нэрийг нэгэнт өргөн барьсан юм чинь шийдээд явах ёстой. Та бүхэн итгэл үнэмшлээрээ саналаа өгөөд явж биз” гэв. Үүнээс гадна Г.Баярсайхан гишүүн “Эрүүл мэндийн салбар ямар ч үед сайн, муугаараа хэлүүлж байдаг.

Өнөөгийн нөхцөлд энэ салбарыг улаанбурхан өвчний дэгдэлттэй холбоотойгоор баалж байх шиг байна. Гэвч энэ бол жам ёсоороо л явж буй зүйл. Цаашид тус салбарыг салбарын хүнээр удирдуулах нь зүйтэй. Ц.Лхагвасүрэн бол салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн нэгэн” гэж түүнийг дэмжихийг гишүүдэд уриаллаа.

Ингээд санал хураалтаар А.Тлейхан, Д.Сарангэрэл, Г.Баярсайхан нараас бусад нь Ц.Лхагвасүрэнг дэмжихгүй хэмээн санал өгснөөр түүнийг нэр дэвшүүлсэн Засгийн газрын санал уналаа. Эрүүл мэнд, спортын сайдын суудлыг МАХН-аас авч, АН-аас хүн тавина гэсэн яриа ортой бололтой.

Тус саналыг маргааш нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэнэ.   


Сэтгэгдэл байхгүй байна