Сайд асан С.Баярцогт оффшор дансандаа нэг сая ам.доллар мартсан байсан гэсэн дуулианаар монголчуудын “танил” болсон оффшор данс хэмээх “хадны мангаа” энэ хэдэн өдрийн турш хүмүүсийн амны зугаа болж байна. Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлзүйн нийгэмлэгээс Панамын хуулийн фирмийн оффшор дансны мэдээллийг тавдугаар сарын 9-нд зарласнаар Монголын 47 иргэн ийм данс эзэмшдэг гэсэн мэдээлэл ил болоод буй. Эдгээрээс улстөрчид, тэдэнтэй хамааралтай хүмүүсийн мэдээлэл хамгийн их анхаарал татаж шуугиан дэгдээж буй юм. Тэдгээрээс хотын дарга Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудай, Ерөнхий сайд асан Сү.Батболд, Барилга, хот байгуулалтын сайд асан Цогтбаатар, УИХ-ын гишүүн асан Кёкүшюзан Д.Батбаяр нарын нэрс тод “цууриатаж” буй. Тэд болон бусад хүмүүс юу хэлснийг үйл явц хэрхэн өрнөсөн талаар товчлон хүргэж байна.
Ж.Батзандан:АТГ-аар шалгуулсугай
Оффшор дансны мэдээлэл дэлгэгдэх сургаар “Надад оффшор данстай 40 гаруй хүний нэрс бүхий нууц материал байна. Цаг нь болохоор зарлана” гэж тоглолт хийсэн УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, оффшор АТГ шалгах ёстой гэсэн мэдэгдэл хийв. Уг нь ч “нууц” гэж хэсэг шоудсан мэдээлэл нь хэн бүхэн ороод л харчихаж болох ил мэдээлэл байсан шүү дээ, тавдугаар сарын 9 хүртэл. Ийн нууц мэдээллээр занимальдах гэж оролдсон Ж.Батзандан энэ удаа УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны даргын хувьд албан бичиг “талбиж” буйгаа сүртэй зарлалаа.
Тэрээр мэдээлэлд дурдагдсан хүмүүс ялангуяа Монгол Улсын Ерөнхий сайд, сайд, Засгийн газрын гишүүд,Санхүүгийн Зохицуулах Хороо, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр, Нийслэлийн харьяа байгууллагын удирдах ажилтнуудыг анхааран шалгах албан бичиг АТГ рүү илгээж, шалгалтын дүнг 14 хоногийн хугацаанд тус Байнгын хороонд ирүүлэхийг даалгасан гэв.
Өмгөөлөгч Г.Батбаяр:3-8 жил хорих ялтай
Нийгэмд ямар нэгэн шуугиан дэгдэнгүүт л араас нь “зүйл заалт” ярьж, Монгол Улсын “албан бус ерөнхийлөн яллагч” нэр зүүгээд байгаа, өмгөөлөгч Г.Батбаяр
-Хэрэв нийтийн албан тушаалтан хууль ёсны орлогоосоо гадна их хэмжээгээр эд хөрөнгө орлого олсон нь тогтоогдвол 3-8 жил хүртэлх хугацаагаар хорино гэж заасан байдаг.Их хэмжээгээр эд хөрөнгө, орлого олсныг гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл гэж үзнэ хэмээн 2012 ооны нэгдүгээр сарын 19-ны өдрийн хуулиар нэмж оруулсан. Ер нь оффшор данстай нь тогтоогдсон бүх хүн шалгагдах ёстой гэсэн ээлжит мэдэгдлээ хийлээ. Тэрээр клипинд тоглосон жүжигчин Амараа, гудамжинд мөнгө тараасан барилгын захирлын дуулиан дундуур ч “эчнээ” ял тогтоож байсан. Ямар нэгэн хэрэг, дуулиан дэгдэнгүүт “Одоо Батбаяр гэж нэг КГБ царайтай нөхөр баахан зүйл анги уншина” гэсэн онигоо гараад байна.
Ерөнхий сайд асан Сү.Батболд:
-2007 оноос ХОМ-тээ 1992 онд байгуулагдсан Алтай трейдинг компанийхаа талаарх мэдээллийг байнга дурьдаж ирсэн. Хувьцаа худалдаж аваад, хувьцаагаа зараад, ном ёсоор нь эх үүсвэрээ гаргаад явсан энгийн л бизнесийн үйл ажиллагаа. Түүнээс оффшор компани байгуулаад, данс эзэмшээд явсан зүйл байхгүй. Сүхбаатарын Бат-Очир гэдэг хүн миний ах. Ах руугаа залгахад "Би шалгая" гэсэн. Тэгэхэд нь би "Та шалгаарай" гэсэн. Миний ах 25 жил бизнес эрхэлж байгаа хүн. Улс төрчийн ах гэж нэр холбогдох учраас хууль хяналтын байгууллагаар үүнийгээ шалгуулаарай гэдгийг ахдаа хэлсэн. Дараа нь олон нийтэд нээлттэй мэдээлээрэй гэдгийг ч захьсан. Тиймээс энэ асуултын хариултыг та бүхэн удахгүй авах байх.
Барилга, хот байгуулалтын сайд асан Д.Цогтбаатар:
-Надад офшор данс байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлж байна. Тухайн үед Австрали найз маань Монголд бизнес хийе хамт хөрөнгө оруулах уу гэж ярьж байсан. Гадаадын хөрөнгө оруулалттай компаниас асуугаарай. 10-аас доошгүй хувь нь оффшор данстай байгууллага байдаг.
Гадаадын хөрөнгө оруулалттай “Бату Майнинг” компани биднийг урьсан. Тэр үеийн компаниуд бүгд гадаад нэртэй байсан 2003 он шүү дээ. Тийм компанид 10 мянган долларын л хөрөнгө оруулалт байсан.
2006 оны хоёрдугаар сард бүртгэгдсэн. Хөрөнгө оруулгын мэдүүлэгт 2007 оноос мэдүүлдэг болсон. Тэр үед энэ хувьцааг мэдүүлье гээд ч байхгүй юм чинь. Өөрийнхөө ХОМ-т надад байгаа хувьцаануудыг би нэгд нэггүй хариуцлагатайгаар бичдэг гэлээ.
Кёкүшюзан Д.Батбаяр:Японд л данс байгаа
“Би тавхан оффшор данстай шт” гэж хэлсэн гэх онигоонд ороод байгаа Кёкүшюзан -Надад оффшор данс байгаа юу гэвэл байгаа. Япон улсад би 25 жилийн өмнө барилдаж байхдаа шагнал, цалингаа банкнаас дансаар авдаг байсан. Тэр дансууд байгаа. Одоо бол зарим нь хаагдаад бараг байхгүй болж байгаа байх. Би зодог тайлаад Монголдоо ирэхдээ дансанд байсан мөнгөө аваад, тэг үлдэгдэлтэй болгоод ирсэн. Намайг гадаадын тэр тусмаа арлуудын оронд данстай гээд нэр цохоод байна. Би тэнд очиж үзээгүй. Оффшор данстай, гадаадад мөнгө байршуулаад, татвараас нуугддаг ямар муухай улс байдаг юм бэ гэж боддог байсан. Японоос өөр оронд надад данс байхгүй. Тийм их мөнгө ч надад байхгүй
Хотын дарга Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудай:Надад оффшорт бүртгэлтэй компани, данс ч мөнгө ч байхгүй
-Гадаадад хамт суралцаж байсан Сингапурын иргэн найз маань санал тавьж, Аавыг хотын дарга болохоос өмнө 2011 онд байгуулагдсан компани. 2013 онд хаагдсан. Хүн бүр л уул уурхайд хөрөнгө оруулалт гэж хошуурч байхад хийхийг зорьсон бизнес. Тэгээд бүтээгүй. Хөрөнгө оруулалт татаж чадаагүй учраас данс нээлгэж ч чадалгүй хаагдсан. Данс нээгээгүй учраас нэг ч долларын гүйлгээ хийгдээгүй. Ер нь энэ далимд хэлэхэд би хар багаасаа л иргэний эрхээ эдлэж чадахгүй байнга хардлагад өртөж, гүтгүүлж дайруулж ирлээ. Улстөрчийн хүү болсон минь буруутай бололтой. Компани бүртгэгдсэн ч данс нээгээгүй, мөнгөгүй. Би тун удахгүй данс нээгээгүй, гүйлгээ хийгээгүй гэсэн тодорхойлолтыг авах болно.
Ийнхүү оффшор дансны тухай шуугиан үргэлжилсээр байна. Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлзүйн нийгэмлэгээс 215 мянган оффшор компани, улс орны удирдагч, нөлөө бүхий улстөрчид татвараас зайлсхийж, мөнгө угаасан баримт нотолгоо бүхий 11.5 сая нууц баримтууд багтсан. Үүнд 12 ерөнхийлөгч, 128 улстөрчийн нууц санхүүгийн хэрэг ил болсон гэж буй юм.
Тиймээс Кремль Панамын баримтыг үгүйсгэв, Хятад оффшор дансны эсрэг шийдвэртэй арга хэмжээ авч байна гэх мэт мэдээлэл үргэлжилж байна. Мөн АНУ, Франц, Испани, Австри, Австрали, Энэтхэг, Бельги зэрэг улсууд оффшор данстай улстөрч, албан тушаалтан, байгууллагуудтай хариуцлага тооцохоо мэдэгдээд байна гэсэн мэдээлэл гараад байгаа. Тухайлбал нэрт хөлбөмбөгчин Леональ Мессид Испанийн прокурор татвараас зайлсхийсэн хэмээн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа аж.
Мөн Япон улс нууц данстай иргэд албан тушаалтнуудаас байцаалт авч эхэлсэн ба зарим иргэдийг цагдан хорьсон тухай тус улсын хэвлэлээр мэдээллэж байна. Мөн БНХАУ оффшор данстай иргэн албан тушаалтнуудыг шалгана гэдгээ албан ёсоор мэдэгдсэн байна.
Энэ мэтчилэн гадаад улсуудад эрчимтэй арга хэмжээ авч байхад Монгол Улс ч гэсэн албан тушаалтнууд, улстөрчидтэй холбоотой мэдээллийг нухацтай шалгаж, арга хэмжээ авах ёстой гэсэн хандлага хүчтэй байна. Тийм болохоор оффшорын сенсаци цаашид ч үргэлжлэх буй за.
Мөн хамгийн сүүлд Панамын “Mossack Fonseca” хуулийн фирм олон сая хэрэглэгчдийнх нь оффшор дансны мэдээллийг нийтэд цацсан олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлзүйн нийгэмлэгийг шүүхэд өгөх болсноо мэдэгдсэн гэсэн мэдээлэл гараад байна. Тэд Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлзүйн нийгэмлэгийг хууль бус аргаар олж авсан мэдээллийг олон нийтэд цацсан хэрэгт буруутгаж байна. Уг нийгэмлэг компьютерийн хакераар дамжуулан Панамын хуулийн фирмийн мэдээллийг олж авсан гэгдэж байгаа юм байна.
А.АНУ
Холбоотой мэдээллүүд
Сү.Батболд, Д.Цогтбаатар нар оффшор дансныхаа тухай мэдээлэл хийж байна
Я.Очирсүх, Б.Дэлгэрсайхан нарын оффшор дансыг илчиллээ
Панамын материалууд: Бат-Үүлийн Чулуудай
Сэтгэгдэл байхгүй байна