• Эхлэл
  • Оффшор данс гэж юу вэ?

Оффшор данс гэж юу вэ?

2016/05/10

Монголчууд өнөөдөр лав оффшор данс гэдэг үгээр амьсгалж байх шиг. Ямар сайндаа л Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг “Тэр оффшор моффшор нь ямар учиртай юм бэ” гэж жиргэсэн байх вэ. Өчигдөр Анх УИХ-ын гишүүн С.Баярцогт оффшор дансанд нэг сая төгрөг мартсан гэснээс үүдэлтэй монголчууд оффшор гэдэг үгийг “худал хуурмаг, луйвар, хадны мангаа” гэж шахуу ойлгодог болчихоод байгаа.

Британийн Виржинийн арал, Кайманы арал, Богам, Люксембург, Кипр, Хонг Конг зэрэг олон орон, бүс муж бага хэмжээний хураамж төлөр татварын маш таатай орчинг бий болгосон байдаг. Ингэснээр тухайн газар амьдардаггүй хэн боловч компани байгуулж, данс нээж болдог.

Үүнийг дагаад татвар бага төлөхийн тулд эдгээр орнуудад оффшор компани байгуулж, олсон орлогоо шилжүүлж байх хэрэгцээтэй үйлчлүүлэгч нарт зуучлах, үйлчилгээ үзүүлэх дамжуулагч, итгэмжлэгдсэн төлөөлөгч зэрэг төрөл бүрийн бизнес гарч ирэн хөгжиж иржээ. Бизнесийнхний хувьд энэ маш таатай байдаг бөгөөд харин улстөрчид, орлого өндөртэй хүмүүс, алан хядагчид, хар тамхины наймаачид, томоохон бизнесмэнүүдэд орлогоо нуух, хууль бусаар олсон мөнгөө хадгалах, зарцуулахад боломжтой болдог сөрөг талтай. Монголчуудын хувьд ч гэсэн бизнесмэнүүд ийн оффшорт ашигтай бизнесс хийж чадвал алга таших нь зүйтэй.

Асуудлын гол нь бизнес эрхэлдэггүй, улстөрчид ямар гаралтай нь тодорхойгүй мөнгө байршуулж, түүнийгээ хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бичээгүйд л хэргийн учир оршиж байх шиг. Магадгүй сонгуулийн жил учраас улстөржилт ч үүнд чамгүй нөлөөлж байгаа бололтой.

 

Виржинийн арлын нууц эзэнтэй оффшор компанийг хэрхэн байгуулдаг вэ?

·      Компани буюу мөнгөний эзэн итгэмжлэх төлөөлөгчийг олно. Ихэнхдээ ийм үйлчилгээ үзүүлэг компаниудаас сонгох ба эсвэл танилын журмаар олдог.

·      Компаний жинхэнэ эзэн, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хооронд 3ш нууц гэрээ байгуулна. Үүнд:

1.    Итгэмжлэгдсэн төлөөлөгч нь зөвхөн жинхэнэ эзний хэлснийг хийх амлалт авсан гэрээ. 2 тал гарын үсэг зурж баталгаажуулна.

2.    Компаний бүх эрх мэдэл нууц эзэнд хадгалагдаж байх тухай гэрээ

3.     Итгэмжлэгдсэн төлөөлөгчийг халах тухай гэрээ. Он саргүй байна. Энэ нь компаний төлөөллийг хэдийд ч сольж болох нөхцөл бүрдүүлнэ.

Компаний бусад бичиг баримтыг нууц, жинхэнэ эзний нэрийн өмнөөс дээрх 3 гэрээг байгуулж итгэмжлэгдсэн төлөөлөгч гарын үсэг зурна.

Ийм компани бизнесийн үйл ажиллагаа явуулахгүй бөгөөд зөвхөн хууль бусаар олсон орлогыг хадгалах хадгаламжийн үүргийг гүйцэтгэнэ. Мөн жинхэнэ эзэн нас барсан тохиолдолд мөнгийг хэрхэх, хэн үе залгамжлах тухай банкин дээр гэрээ байгуулан зохицуулдаг байна.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна