Нэг хэсэг улстөрчид тамга, тэмдгээ булаацалдаж, зарим нь авч зугатан хөлөө хөлдөө чирдэг байсан бол харамсалтай нь спортын төрийн бус байгууллагынхан тамга тэмдэг, эзэн харьяалал нь тодорхойгүй болоод байна.
Уг нь тийм ч олон гишүүнтэй бус нэгдмэл санаатай байх ёстой, Монголдоо онцлог спорт болсон тэшүүрийн холбооны удирдлага нь учраа ололцохоо больжээ. Уг нь саяхан монгол охин Б.Сумьяа Лиллехаммер хотноо болсон Залуучуудын өвлийн олимпоос алтан медаль хүртэж, монголчууд анх удаагаа тэшүүрийн төрөлд алтан медаль хүртлээ хэмээн баярлан хөөрч байсан. Гэтэл эх орондоо алтан авчирсан охиныг тэмцээнд явах гэхэд “Чи чадахгүй боль” гэж холбооных нь удирдлага дарамт үзүүлж байсан гэнэ. Тэр бүү хэл алтан медальт Б.Сумьяа, дасгалжуулагч Д.Энхбаярын хамт эх орондоо ирэхэд тосч авах байгууллагын удирдлагууд нь учраа ололцохгүй “гэдсэндээ” хөлөө хийлцэж байсан аж. Энэхүү маапаан одоо ч үргэлжилсээр энэ жил л гэхэд тамирчид нэгдүгээр сард л мөсөн дээр бэлтгэл гарч чадсан гэнэ.
Холбооны удирдлагуудын ганц хэлдэг зүйл нь мөнгө байхгүй гэдэг. Гэтэл яг үнэндээ энд гэр бүлийн өөр ашиг сонирхол үйлчилж байгаа гэж тэшүүрийнхэн хэвлэлийн бага хурал хийж мэдэгдлээ. Ерөнхий нарийн бичгийн үүрэг гүйцэтгэгч М.Нармандахын охин А.Зул мөн тамирчин. Түүнийг бэлтгэл хийхэд мөнгө гаргаж чаддаг мөртлөө бусдыг нь дэмждэггүй, харин ч эх орныхоо нэрийг гаргах гэхээсээ илүү охиныхоо өрсөлдөгч гэсэн бүхнийг хавчиж гадуурхаж байдаг гэнэ. Тэр бүү хэл тэмцээнд оролцож байгаа тамирчинд цагыг нь харж байх дасгалжуулагч ч олдохгүй, гадаадын дасгалжуулагчийг гуйж байсан тохиолдол ч гарч байсан гэнэ. Энэ мэт маш олон маапаан үргэлжилсээр олимпын алтан медальтан төрүүлсэн дасгалжуулагч Д.Энхбатыг ажлаас нь халах шахалт үзүүлж, сүүлдээ зарим нь хүн өөрөө тэшүүрийн тэмцээнүүдийг зохион байгуулж байсан ч юм шиг мэдээлэл тархааж байна гэж хэвлэлийн бага хурлын үеэр ярьж байлаа.
Энэхүү хуралд МТХ-ны нарийн бичиг асан Ч.Дагвадорж, М.Мөнхцэцэг, дасгалжуулагч Д.Энхбаяр, А.Болд, МТХ-ны хяналтын зөвлөлийн гишүүн Ц.Гачилмаа, МТХ-ны удирдах зөвлөлийн гишүүн Г.Мөнх-Амьдрал, ахмадын олимпийн аварга, ОУХМ Алтанцэцэг, ахмадын дэлхийн аварга Н.Эрдэнэтуяа болон тамирчид, эцэг эхийн төлөөлөл оролцсон юм. Тухайлбал, алтан медальт Б.Сумьяагийн аав Буянтогтох охиныг нь медаль авчраад байхад элдвээр дарамталж, охиныг нь ч өөрийг нь ч загнаж, зандран бүдүүлгээр аашилж байсан талаар ярилаа.
Ийн асуудал даамжирч ужигарсаар Монголын тэшүүрийн холбооны Ерөнхийлөгч Т.Нямдаваа 2015 оны наймдугаар сарын 20-ны өдөр Ерөнхийлөгчөөсөө огцрох хүсэлтээ гаргаж, Удирдах зөвлөлийн таван хүн нь албанаас татгалзсан.
Ийнхүү холбоог үүрэг гүйцэтгэгч удирдан байдал улам хүндэрч байсан учраас холбооны гишүүд шаардсанаар өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-нд Холбооны ээлжит бус их хурлаа хийжээ. Хуралд Улаанбаатар хот болон хөдөө, орон нутгийн төлөөлөл болсон 70-аад гишүүн оролцож удирдлагуудаа шинээр сонгож, ажил хүлээлцэх комисс томилсон аж. Дүрмийн дагуу уржигдар буюу тавдугаар сарын 9-нд ажил хүлээлцэх комисс ажлаа хүлээлцэхээр холбооныхоо байранд очиход Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Д.Болормаа, ерөнхий нарийн бичгийн дарга М.Нармандах нар тамгаа өгөлгүй алга болчихжээ. Үүрэг гүйцэтгэгч Д.Болормаа гадаадад явсан гэх боловч маргааш нь төв талбай дээр явж байгаад “баригджээ”.
Одоо ингээд тамгаа авч чадахгүй байгаа шинэ удирдлага хууль, шүүхийн байгууллагад хандахаас өөр аргагүй болоод байгаа талаар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж танилцууллаа.
Хэвлэлийн бага хуралд оролцогсод дараахь баримтуудыг мөн танилцуулсан юм.
-
Олимпод бэлтгэх Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчийн сонгон шалгаруулах ажлын хэсэг нь мэргэжлийн бус хүмүүсээс бүрдсэн. Тухайлбал тус бүрэлдэхүүнд Монголын тэшүүрийн холбооны аж ахуйн нярав Оюунсүрэн, 1980-90 онд уралдаж байсан ахмад тэшүүрчин Чулуун нарыг оролцуулж, чухал асуудлыг шийдэх гэж байхад хариуцлагагүй хандлаа.
-
Багш, дасгалжуулагч нар 2015 оны арванхоёрдугаар сард Удирдах зөвлөлийн хурлыг нээлттэй хийж, дасгалжуулагч нарыг оролцуулаач гэсэн хүсэлт тавихад хүлээн аваагүй
-
Ерөнхий нарийн бичгийн үүрэг гүйцэтгэгч М.Нармандах нь өөрийн охин А.Зулыг сошиал медиа ашиглан 1000 метрийн зайд олимпийн аварга болох бололцоотой хэмээн олон түмэнд худал мэдээлэл хүргэн их хэмжээний мөнгө цуглуулсаныг . Мөн Азийн шилдэг 10 тамирчны нэгээр дөрвөн жил дараалан шалгарлаа гэсэн худал мэдээллийг Спорт, хөгжлийн төвийн дэргэдэх Үндэсний шигшээ багийн албанд өгсөн төдийгүй дасгалжуулагч Ж.Долгорсүрэн нь “24 цаг” сайтад өгсөн ярилцлагадаа Ахмадын ДАШ тэмцээнд оролцсон баг тамирчдыг дасгалжуулсан хэмээн худлаа ярьсан.
-
Канадад 2016 оны гуравдугаар сард зохиогдсон ОУ-ын тэмцээнд оролцохоор очсон тамирчин Д.Дэлгэрмаад дасгалжуулагч Ж.Долгорсүрэн дэмжиж туслаагүй нь улмаас гадаадын дасгалжуулагчаар цаг бариулсан тохиолдол гарсан.
-
Залуучуудын өвлийн II олимпийн наадамд оролцох боломжтой нормативийг хангасан тамирчдын бэлтгэлд дэмжин туслаагүй.
-
Олимпийн эрхийн тэмцээнд явах гэж байсан өвлийн олимпийн анхны аварга Б.Сумъяаг эрх авах боломжгүй гэж тамирчид, дасгалжуулагчдын өмнө М.Нармандах хэлж байсан.
-
Багш, дасгалжуулагч, тамирчдын хооронд зүй бус үйлдэл гаргаж, тэднийг хагаралдуулдаг.
-
Тэмцээн, уралдаан бага зохиогдож, тэшүүрийн спортоор хичээллэгсдийн тоо эрс буурсан
-
Хөдөөгийн багш, дасгалжуулагчдыг дэмжин ажиллахаа больсон.
-
Өөрийн эх оронд зохиогддог байсан Олон улсын тэмцээнийг тасалдуулсан.
-
Гадаадад болдог олон улсын тэмцээнд өсвөрийн тамирчид оролцохоо больсон
-
Удирдах зөвлөлийн хурал ирц хүрэхгүйн улмаас хуралдахаа больсон зэрэг олон үндэслэл байгааг хэллээ.
2016 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр Монголын тэшүүрийн холбооны ээлжит бус их хурлаар өмнөх XII дугаар их хурлаар сонгогдсон Удирдах зөвлөлийн гишүүдийг чөлөөлж, дараагийн ээлжит их хурал хүртэлх тус холбоог удирдах ажиллах Ерөнхийлөгч болоод Удирдах зөвлөлийг сонгосон байна.
Тус шинээр сонгогдсон Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд 2010-2014 онуудад тус холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнг эргэн ажиллуулахыг санал нэгтэйгээр зөвшөөрчээ.
Шинээр сонгогдсон Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн:
Дэд Ерөнхийлөгч: Л.Мягмаржав \MCS Coca cola компанийн гүйцэтгэх захирал\
Гишүүд: Н.Болормаа, Б.Өвгөнхүү, Б.Гантүшиг, Г.Мөнх-Амьдрал, Л.Батцэнгэл, Б.Жамбалдорж, М.Цэцгээ нар сонгогдсон аж.
Үйл явцын талаар бид эргэн мэдээлэх болно.
А.АНУ
Сэтгэгдэл байхгүй байна