• Эхлэл
  • Оффшор дансны дүн, гүйлгээ,эх үүсвэрийг хянах боломжгүй

Оффшор дансны дүн, гүйлгээ,эх үүсвэрийг хянах боломжгүй

2016/05/12

Олон улсын эрэн сурвалж­лах сэтгүүлзүйн нийгэмлэгээс Панамын хуулийн фирмийн оффшор дансны мэдээллийг бүрэн эхээр нь цацсан нь нууц хөрөнгөтэй эздийн нэрсийг ил болгов. Уг жагсаалтад манай улсаас 48 хүний нэр зурайж байна. Үүнд улс төрийн хүрээлэлийнхэн багтсан нь анхаарлын төвд байна.

Оффшор санхүүгийн төв нь Off shore буюу усан онгоц эргээс холдож, хууль үйлчлэхээ болимогц хэлэлцээр хийдэг байснаас үүдэлтэй нэр томъёо юм. Товчхондоо Засгийн газруудын зохицуулалтаас хол санхүүгийн бүс хэмээн ойлгож болно.

Эрдэс баялаг бага, газар нутгийн ашиггүй байрлалтай зарим улс орон хууль эрхзүйн орчин бүрдүүлж оффшор санхүүгийн бүс байгуулах замаар мөнгөний эргэлт бий болгож, эдийн засгаа дэмжих нэг хөшүүрэг болгосон байдаг. Гэхдээ татваргүй, хяналт сул уг бүсийг ашиглаж мөнгө угаах, татвараас зугатах, хууль бус бизнесийг санхүүжүүлэх зэрэг сөрөг хандлага их гардаг тул олон улсын удирдагчдын толгойны өвчин болсон. Тодруулбал, оффшор бүсийн санхүүгийн байгууллага, сангуудын эргэлдүүлж, захиран зарцуулж буй хөрөнгө нь дэлхийн хэмжээнд хийгдэж буй хөрөнгө оруулалтын 15 хүртэл хувийг эзлэж байгаа аж. Энэ нөхцөл байдлыг хөгжингүй орнуудын засгийн газар, татварын албад анхааралтай ажиглаж, дэлхийн нөлөө бүхий улстөрчид уулзах бүртээ хөндөж байна.

Одоогийн манай эрхзүйн зохицуулалтаар оффшор данстай байх нь хууль бус үйлдэл биш. Гэхдээ хоёр зүйлийг нягтлан үзсэний үндсэн дээр асуудлын зөв, бурууг ялгах учиртай.  Юуны өмнө тус дансанд байршуулсан мөнгө цэвэр үү, бохир уу гэдгээс ихээхэн зүйл хамаарна. Цэвэр мөнгөө татварын дарамтгүй бүсэд байршуулсан хүнийг хууль талаас нь буруутгах боломжгүй. Харамсалтай нь ихэнх тохиолдолд бизнес эрхлэгчид татвараас зугатах зорилгоор оффшор дансыг ашиглаж байгаад олон улсын судлаачид санаа зовниж буйг тэмдэглэх нь зүйтэй.

Дараагийн үндэслэл бол тухайн мөнгийг хэн байршуулснаас хамаарна. Улстөрчдийн хувьд ёс зүй хийгээд хуулийн зарим зохицуулалт талаасаа ч оффшор дансанд мөнгөө байршуулах нь тун зохимжгүй үйлдэл аж. Тийм ч учраас нууц дансны тухай мэдээлэл сонгуулийн өмнө цацагдсантай холбоотойгоор нэр нь дурдагдсан улстөрчид мэгдэн сандарч эхэллээ.

Нийслэлийн захирагч Э.Бат-Үүлийн хүү Чулуутай  “Стратежик майнинг компанийг 2011 онд байгуулсан боловч хөрөнгө оруулалт татаж чадалгүй хаагдсан” хэмээх тайлбарыг хийж байна. Тиймээс оффшор данстай холбоотой ямар нэг асуудал байхгүй хэмээсэн юм. Харин УИХ-ын гишүүн асан Д.Батбаярын хувьд Япон улсад оффшор данстайгаа хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ Монголд ирэхдээ бүх мөнгөө аваад дансны үлдэгдлийг тэг болгосон тул оффшор дансанд мөнгөө нууж далдалсан зүйл байхгүй гэв.

Түүнчлэн, УИХ-ын гишүүн С.Батболд, Барилга, хот байгуулалтын сайд асан Д.Цогтбаатар нартай холбоотой асуудал хөндөгдсөн. Уг үйл явдалтай холбогдуулж тэд Төрийн ордонд хэвлэлийн хурал хийсэн юм. Энэ үеэр 2003 онд хөрөнгө оруулалт хийсэн “Бату майнинг” компани нь Монголд бүртгэлтэй гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгж байсан. Хуулийн дагуу төрийн албан хаагч аль нэг компанид хувьцаа эзэмшиж, хөрөнгө оруулалт хийж болдог.

Тиймээс С.Батболдын хувьд 21 орчим сая төгрөг, Д.Цогтбаатар 11 сая орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хуулийн дагуу хийсэн хэмээн тайлбарлав. Мөн хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг тухайн үед гүйлгээ хийж байсан банкны өөрийн данснаас авсан хэмээж байна. Улмаар 2005 оноос хувьцаагаа худалдаалж, тус компаниасаа гарсан. Иймд оффшор данстай холбоотой ямар ч асуудал байхгүй хэмээн тайлбарласан юм.

Ямартай ч оффшор данстай холбоотой асуудал улстөрийн хүрээлэлийнхэнд халгаатай мэдээлэл болж ирлээ. Оффшор санхүүгийн бүсэд бүртгэлтэй манай “хэд”-ийн хувьд ихэвчлэн 2008-2011 оны хооронд орсон байна. Өөрөөр хэлбэл, уул уурхайн салбар ид цэцэглэж, эдийн засгийн өндөр өсөлттэй үед компани байгуулах, данс нээлгэх, оффшор бүсэд бүртгэлтэй аж ахуй нэгжид хөрөнгө оруулалт хийх хэлбэрээр оржээ. Одоогийн байдлаар ихэнх данс идэвхигүй байна.

Хэн нэгэн улстөрч, бизнес эрхлэгч Монгол Улсад данс эзэмшиж байгаа тохиолдолд хуулийн хүрээнд тодорхой хяналт дор байна. Тухайлбал, 20 сая төгрөгөөс дээш гүйлгээ төв банкаар хянагддаг. Харин оффшор бүсэд байршсан дансыг хянах боломжгүй. Одоо идэвхитэй байгаа дансанд хэчнээн төгрөг бий болох, ямар гүйлгээнүүд хийгдсэн, эх үүсвэрийнх нь уг сурвалж хаанаас гаралтай гэх зэргээр ямар ч мэдээллийг тодруулах боломжгүй юм.

Мөн өмнө нь ямар гүйлгээ хийгдээд хаагдсаныг хянаж чадахгүй. Тиймээс аливаа тайлбарт хяналт тавих боломж одоогийн байдлаар байхгүй гэсэн үг. Ер нь манай улсад бүртгэлтэй гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжүүдийн дийлэнх хувь нь оффшор бүсэд бүртгэлтэй компаниуд байдаг гэх. Энэ нь хуулийн хүрээнд боловч тухайн хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг хянах боломж бидэнд бага байгааг харуулж буй хэрэг. Иймд оффшор дансыг тойрсон уг асуудал Монголын татвар, хөрөнгө оруулалтын нөхцөл байдалтай холбогдсон томоохон сэдвүүдийг хөндөх нь дамжиггүй.   

 


Сэтгэгдэл байхгүй байна