• Эхлэл
  • “Salmonell enteritidis” хоолны хордлого үүсгэсэн байжээ

“Salmonell enteritidis” хоолны хордлого үүсгэсэн байжээ

2016/05/13

НМХГ-аас эклерийн хордлогын шалтгаан тогтоогдсон талаар болон 61-р сургуулийн үдийн цайнаас үүдсэн хоолны хордлогын талаар мэдээлэл хийлээ.

Сануулбал: Нийслэлийн 61 дүгээр сургуулийн 3г ангийн 23 сурагч үдийн цайнд өгсөн хүнснээс хордож эмнэлэгт ханджээ.

Тус сургуулийн хувьд галт тогоо байхгүй учраас “Айплмүүн”, “Хаан сүү” компаниудтай гэрээтэйгээр үдийн цайгаа нийлүүлдэг байсан аж. Улмаар энэ сарын 3-ны өдөр тус сургуулийн өглөөний ээлжийн 1-3 дугаар ангийн зургаан бүлгийн 202 сурагч үдийн цайнд орсон байна.

Гэтэл үдийн цайнаас 20-30 минутын дараагаас 3г ангийн 14 сурагч халуурч, толгой эргэж, бөөлжиж Халдварт өвчин судлалын үндэсний төвд хүргэгдсэн байна. Улмаар дөрвөн сурагч эмнэлэгт хэвтэхээс аргагүйд хүрсэн бөгөөд 19 сурагч өрхийн эмчийн хяналтад оржээ.  

Уг өдөр үдийн цайнд дээрх хоёр компанийн жимстэй боов, жимсний жүүсийг сурагчдад өгсөн бөгөөд энэ дагуу нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагчид бүтээгдэхүүний дээжийг лабораторид шинжлүүлэхээр хүргүүлжээ. Улмаар бүтээгдэхүүнийг буцааж, устгуулсан байна. Одоогоор дээрх хоёр компанийн үйлдвэрүүдэд шалгалт явуулж байгаа тухай Мэргэжлийн хяналтын газраас мэдээллэж байна.

Ямартай ч дээрх хоёр компанийн тухайн чиглэлийн үйлдвэрлэлийн үйл ажиллгааг зогсоож, мөн зөрчлөө арилгах арга хэмжээ, 61 дүгээр сургуультай хийсэн гэрээг цуцалсан байна.

Үүнээс гадна нийслэлд шаардлага хангаагүй хүнснээс үүдэн 155 хүн хордлогонд орсон хэрэг өнгөрсөн сарын 24-нд гарчээ. “Ньюсвийтфүүдс” компанийн үйлдвэрлэсэн эклер нь хадгалалтын шаардлага хангаагүй, нянгийн үржих нөхцөлийг бүрдүүлсний улмаас “Salmonell enteritidis” гэх бодис үүсч улмаар хоолны хордлого үүсгэсэн нь тогтоогджээ.

Энэ бүтээгдэхүүнийг хэрэглэсэн 155 хүний 97 нь эмнэлэгт хэвтэхээс аргагүй нөхцөл үүссэн байна.

“Эрүүл ахуйн тухай” хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2 дахь заалтыг үндэслэн 3 сая төгрөгийн торгууль ногдуулж, тус аж ахуйн нэгжийг хуулийн байгууллагад шилжүүлсэн" гэсэн мэдээллийг НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн өгөв.

Ч.Болор

 

 


Сэтгэгдэл байхгүй байна