Авто замчдын эрхийг хамгаалах түр хорооноос өнөөдөр хэвлэлийн хурал зарлаж, Засгийн газар, нэр бүхий албан тушаалтнуудад шаардлага хүргүүлж байгаагаа мэдээллээ.
Авто замчид бүтээж, ажиллаж байгаа хэдий ч ядуурсаар байгаа тул ийнхүү шаардлага хүргүүлж байгаа аж.
Шаардлага гурван зүйлтэй бөгөөд энэ сарын 25-ны дотор шийдвэрлэж өгөхгүй бол мөнгөө өгөөгүй бариулсан авто замуудыг ашиглуулахгүй болохыг тэд мэдэгдлээ.
Мөн үүнээс үүдэн гарах эрсдэлийг авто замчид хариуцахгүй гэдгээ ч онцолсон юм.
“Монгол Улсын хөгжил цэцэглэлт, иргэдийн амь нас, аюулгүй байдал, тав тухыг хангахын төлөө өглөө нарнаас үдшийн бүрий хүртэл хөдөө хээр, 40 хэмийн халуун, -35 хэмийн хүйтэн шуургатай хүнд, хортой нөхцөлд ажилладаг. Гэвч хийсэн ажлын санхүүжилт олгоогүйгээс хэдэн мянган хүн ажлын байргүй болж, замчдын хөдөлмөр нийгмийн хамгааллыг эрсдэлд оруулж байна” гэдгийг тэд хэлж байв.
Авто замын салбарын төрийн өмчит авто зам засвар арчлалт, хувийн хэвшлийн 56 компани авто замын салбарт тулгамдаж буй асуудлаар холбогдох газруудад удаа дараа хандсан ч өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй тул ийн шаардлага хүргүүлж байгаа юм.
Тэд Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, Сангийн сайд Б.Болор, Хөдөлмөрийн сайд Ч.Баярсайхан, Гудамж төслийн захирал Б.Батболд нарт дараах шаардлагыг хүргүүлж байгаа юм. Үүнд:
1.Улсын чанартай авто зам засвар, арчлалтын ажилд шаардагдах нэмэлт хөрөнгийг 2016 оны төсвийн тодотголын төсөвт тусгаж, Засгийн газрын 2016 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн 93-р тоот тогтоолын хэрэгжилтийг хангах,
2.Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол, Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу “Авто худалдааны цогцолбор”-той байгуулсан гэрээний дагуу авто зогсоол барих ажлыг цаг хугацаанд нь хийж, гүйцэтгэсэн тул нэр бүхий дөрвөн компанийн ажлын санхүүжилт 12.8 тэрбум төгрөгийг шийдвэрлэж олгох,
3.Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуулийн 3 дугаар хавсралт “Төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй 2015 онд Хөгжлийн банкнаас санхүүжих төсөл, арга хэмээ, барилга байгууламжийн жагсаалт”-аар батлагдсан “Гудамж төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлсэн ажлуудын санхүүжилт болох 22 компанийн 7.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэж олгохыг шаардаж байгаа юм.
Харин Гудамж төслөөс энэ талаар тодруулахад “Манай захиалгаар замын ажил гүйцэтгэсэн компаниудын зарим нь 100 хувь, зарим нь 85 хувийн санхүүжилт авчихсан. Өнөөдөр хурал зохион байгуулсан 22 компани нь 85 хувийн санхүүжилтээ авсан. Одоо үлдэгдэл төлбөрийн асуудал яригдаж байгаа юм.
Гудамж төсөл нь захиалагч, Хөгжлийн банк санхүүжүүлэгч, компаниуд гүйцэтгэгч гэсэн гурван талт гэрээ хийдэг. Санхүүжилтийн асуудлыг төслийн зүгээс бие даан шийдвэрлэх боломжгүй ба Хөгжлийн банк, Сангийн яам мэддэг.
Бидний хувьд ажил гүйцэтгэсэн компаниудынхаа санхүүжилтийг олгуулах талаар бас л хөөцөлдөж байгаа. Өөрсдөөс шалтгаалах бүх баримт бичиг материалыг бүрдүүлж өгсөн. Энэ тал дээр анхааран ажиллаж байна” гэсэн тайлбарыг өгсөн юм.
Сэтгэгдэл байхгүй байна