Сонгуулийн ерөнхий хорооноос оруулж ирсэн улс төрийн газрын зураг МАН-ынханд таалагдаагүй. Ямартаа л эрх баригч намын захиалга, өөрт ашигтай хувилбараар боловсрууллаа хэмээн хардаж, байнгын хорооны хуралдааныг хаяж гарах байдлаар эсэргүүцлээ илэрхийлээд амжсан. Тэр ч бүү хэл, эцэгтээ эрхэлж байгаа хүүхэд шиг нэгдсэн хуралдаанд оролцохгүй гэж тунирхаж хүртэл үзэв. Сүүлдээ арга нь мухардсан бололтой 25 минутын завсарлага хүсч харагдсан. Өчигдрийн чуулганы үйл явц иймэрхүү гомдол, тунирхал, хардлага, сэрдлэгээр дүүрэн эхлэв.
Мандат, тойргийн асуудлаар үг хэлсэн МАН-ын гишүүд өнөөх л үгээ давтаж, эрх баригч намынхны захиалга гэх байдлаар СЕХ-г буруутгаж байсан бол сүүлдээ хувь хүн рүү чиглэв. Тухайлбал, Д.Оюунхорол гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл нарыг Багануур, Налайхын тойргийг задалсан “хэрэгтэн” болгов. “Сонгуулийн тухай хуулийг сонгууль болохоос хоёр сарын өмнө өөрчилчихлөө. Харамсч байна. СЕХ-ны оруулж ирсэн саналыг хүлээж авахгүйгээр, ганцхан шөнийн дотор дангаараа асуудлыг шийдэж байна” хэмээгээд дээрх хоёр гишүүнийг буруутгасан нь энэ.
Гэвч Л.Болд гишүүн үүнийг хүлээн зөвшөөрөөгүй. Тэрбээр Д.Оюунхорол гишүүнийг хаягаа олоогүй шүүмжлэл хэлсэнд харамсаж байгаагаа илэрхийлээд түүний онилсон тойрог задрахад Ц.Оюунгэрэл, Л.Болд хоёрын оролцоо өчүүхэн ч байгаагүйг тодотголоо. Тэрбээр “Төрийн байгуулалтын байнгын хороонд Ц.Оюунгэрэл, бид хоёрын хэн нь ч байдаггүй. Энэ асуудлаар бүлгийн ямар нэгэн шийдвэр гараагүй. Ямар нэгэн хэлэлцүүлэг өрнөөгүй. Тиймээс бид хоёр энэ талаар ямар нэгэн байдлаар саналаа хэлсэн удаагүй. Гэтэл та энэ асуудлаар улс төр хийж байгаа нь харамсалтай” гэв.
Мөн тэрбээр хуулийн дагуу яригдаж байгаа асуудлыг хэн нэгэн гишүүн, аль нэг намын захиалга мэтээр харлуулж, хардаж сэрдэж болохгүйг ч ангийнхандаа хэлсэн. Түүнчлэн ямар нэгэн хүчин зүйлийн оролцоо бий эсэхийг СЕХ тодорхой хэлж ойлгуулахыг хүссэн. Өөрөөр хэлбэл, хэн нэгэн гишүүн, аль нам эвслийн захиалгаар хийсэн. Хэрэв хэн нэгний захиалга байхгүй юм бол ямар зарчим баримталснаа тодорхой хэлэхийг хүссэн. СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн “Тойрог байгуулах мандатын тоог тогтоохдоо хүн амын тоо, засаг захиргааны нэгжийг үндэслэж СЕХ мандат хуваарилах санал гаргасан. Чуулган дээр үг хэлж байгаа гишүүд Өвөрхангай, Хөвсгөл, Увс, Ховд дээр гомдол гаргаж байна. Гэвч энэ дөрвөн аймагт мандат хуваах саналыг байнгын хороогоор хэлэлцүүлэх явцад өөрчилсөн” хэмээв.
Л.Болд гишүүний хувьд 76 жижиг тойргийг эсэргүүцэгчдийн нэг бөгөөд үүнийгээ ч Д.Оюунхорол гишүүнд сануулж байгаа харагдсан. Гэсэн ч Цэцийн шийдвэрээр Сонгуулийн хуулийн гажгийг засаж залруулах боломж бий болсонд олзуурхав. Сонгуулийн хуулийг боловсруулахад гар бие оролцож байсан тэрбээр пропорциональ тогтолцооны гажгийг байнга хэлж сануулдаг нэгэн. Хэдийгээр энэ удаад өөрийнх нь эсэргүүцдэг 76 жижиг тойрог дэмжигдсэн ч дараа дараагийн сонгуулиар тойрог томсч, илүү боловсронгуй болох эхлэл тавигдлаа гэдгийг онцолсон юм.
Түүнчлэн МАН-ынханд хаяглан нэлээд хэдэн хатуухан үг хэлээд амжсан. Л.Болдыг 90-ээд оны үед улс төрд орж ирэхэд МАН хүн амын 10 жилийн өмнөхөөр буюу 1980-аад оны хүн амын тоогоор мандатын хуваарилалтыг хийж байсныг онцлов. Ингэснээр орон нутаг, нийслэлийн иргэдийн хүн амын тоо асар зөрүүтэй гарч байсныг тухайн үеийн сөрөг хүчнийхэн хэлж сануулсан ч үл тоож байжээ. 1996, 2000, 2004 оны сонгууль ч мөн жижиг 76 тойрог, мандатын хуваарилалтаар явагдсан. Энэ хугацаанд зааны тугал шиг, шаахай шиг тойргууд гаргадаг байсныг нь ч сануулав. Тухайн үеийн сөрөг хүчнийхэн хэл амаа билүүдэн байж шүүмжилсний хүчинд хуулийн гажуудал аажим аажмаар засагдаж сонгуулийн байгууллага өөрөө ажлаа хийдэг зарчим руу шилжсэн гэв.
Харин өнөөдөр хичнээн хүн амд нэг мандат оногдож байгааг СЕХ-ноос лавлав. Ч.Содномцэрэн дарга “Хүн амын тооны хувьд өмнө нь хөдөөд 30-40 мянган сонгогчтой байсан. Хотод 80-90 мянган сонгогчтой явж ирсэн. Ийм зөрүүтэй байсан тул зарим дүүрэгт мандатын тоог нэмсэн. Одоогийн саналаар аймгийн хүн амын хэмжээгээр нь авч үзсэнээр хөдөөд 27-50 мянган сонгогч тутамд нэг мандат. Хотод 40-50 мянган хүн тутамд нэг мандат оногдож байна. Харьцангуй дэвшилттэй болсон гэж үзэж байгаа” гэв.
Мөн автомат санал тооллогын машиныг нэвтрүүлснээр ямар нэгэн маргаан гараагүй. Дэгсдүүлж хэлбэл, долдугаар сарын 1-н шиг үймээн давтагдаагүйг онцолсон. Гэтэл чуулганы танхимд асуудлыг эхнээс нь эсэргүүцэж, сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байх оролдлогыг эхлүүлж байгааг Л.Болд гишүүн буруутгав. Улмаар тэрбээр автомат тооллоготой үед сонгуулийн дүн будлиантах ямар ч боломжгүй. Дахин долдугаар сарын 1-ний үймээнийг давтаж, таван хүний амь насыг золиослох шаардлагагүй хэмээв. Иймээс битгий үймээнд уриалаач хэмээн гишүүддээ сануулсан.
Хоёр намынхны үгэн тулааныг дэргэдээс нь харж суусан С.Дэмбэрэл гишүүн тойргоо булаалдсан тэмцлээ зогсоохыг хүсэв. Учир нь тэрхүү тэмцэл эхнийх нь ч бас эцсийнх ч биш гэдгийг онцоллоо. Түүний хувьд аль нэг тойрогт нэр дэвшиж байгаагүй ч энэ удаад илгээлтэд явна. Гэхдээ сонгох сонгохгүй нь тухайн сонгогчдын эрх. Сонгогчид хэдийнэ сонголтоо хийчихсэн. Жишээ нь, миний хувьд Д.Лүндээжанцан, Л.Болд гишүүнийг сонгогдоосой гэж хүсч байна. Тулгатай, туршлагатай ийм улстөрчид төрд хэрэгтэй гэлээ. Мөн тэрбээр 76 тойргийг хуваах хэрүүлээс илүүтэй иргэдийн амьжиргааны түвшин чухал хэмээв. Гурван сая хүн амын 30 хувь нь ядуу бөгөөд эмзэг, 40-45 хувь нь дундаас доогуур амьжиргааны түвшинтэй, 15-20 дундаж маягийн, 5-6 чинээлэг нийгмийн бүтэцтэй байгааг судалгаанаас харж болно. Энэ бол ганц өнөөдрийнх биш 15 жилийн түүх. Энэ давжаа нийгмийг МАН ч, АН ч бий болгосон. Өрхийн эдийн засгаас улсын эдийн засаг хөгждөг энгийн үгийг ч ухахгүй, том том төсөл хөтөлбөр барьж гүйсний гай хэмээлээ. Хэдийгээр том төслүүд хэрэгтэй ч бодлого, хөтөлбөрөө уялдуулах шаардлага байсныг онцолсон. Хоёр намын хамтарсан шийдвэрүүд дунд алдаа, оноотой зүйлүүд бий. Алдаатай шийдвэрээ засаад явах нь амьдралын шаардлага гэдгийг ч тодотгосон юм. Мөн тэрбээр миний, чиний тойрог гэж булаалдаж суухаар хуулиа чамбайруулаад авахыг хүссэн.
Ийнхүү гишүүд үзэл бодлоороо үзэлцэж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явагдаж олонхийн саналаар 2016 оны УИХ-ын сонгуулийн тойрог, мандатын тоог баталлаа.
Сэтгэгдэл байхгүй байна