• Эхлэл
  • Бурхан багшийн их дүйчин өдрийн хөтөлбөр

Бурхан багшийн их дүйчин өдрийн хөтөлбөр

2016/05/18

Бурхан багшийн их дүйчин өдөр тавдугаар сарын 21-нд буюу ирэх бямба гаригт тохиох гэж байна. Бурхан багш эхээс мэндэлсэн, төгс гэгээрсэн бурханы хутгийг олсон, нирваан дүрийг олсон гээд гурван их үйл давхацдаг энэ өдөр үйлдсэн буян 100, 1000 дахин үрждэг хэмээн үздэг.

Тиймээс зуны тэргүүн сарын шинийн 15-ны энэ өдрийг бурхны шашинт Азийн бүх улсууд тэмдэглэдэг аж. Монгол Улсын хувьд 26 дахь жилдээ Бурхан багшийн их дүйчин өдрийг тэмдэглэх гэж байгаа нь энэ юм. 

Ингээд Бурхан багшийн их дүйчин өдрийн албан ёсны арга хэмжээ тавдугаар сарын 21-ны өглөөний 05.00 цагаас Гандантэгчэнлин хийдийн Гунгаачойлин дацанд нэг өдрийн сахил хүртээх, Сожон өгөх үйл ажиллагаагаар эхэлнэ. Улмаар Бурхан багшид тахил өргөх, ламын чодбын хурал, Ганжуур данжуур судартай гороогоор үргэлжилнэ.

Ирэх бямба гаригт Чингисийн талбайд 11.00-12.00 цагийн хооронд “Гэгээн гэрэл флашмоб”-ыг 2080 хүний оролцоотойгоор зохион байгуулах юм байна. Мөн 12.00-13.00 цагт Чингисийн талбайд Бурхан багшийн их дүйчин өдөрт зориулсан сүрт жагсаал болох аж.

Жил ирэх тусам Бурхан багшийн их дүйчин өдрийн үйл ажиллагаанд оролцож, буян үйлдэж, даган баясах сүсэгтэн олон ихэсчээ. Ялангуяа энгийн өдрүүдийг бодвол энэ өдөр үйлдсэн буян 100, 1000 дахин арвиждаг учраас Бурхан багшийн их дүйчин өдрийн үйл ажиллагаанд сүсэгтэн олныг идэвхтэй оролцож, буян үйлдэж, даган баясахыг уриалж байлаа.

 


Сэтгэгдэл байхгүй байна