Нэг хэсэг түрээсийн орон сууцны хөтөлбөрийн сургаар ТОСК-ийн гадаа уртаас урт дараалал үүсч байсан.
Тэгвэл өнөөдөр түрээсийн орон сууцанд орох эрхтэй болсон иргэд түлхүүрээ гардан авлаа.
Энэ удаад хөтөлбөрийн сугалаанд азтан болсон 350 иргэнд орон сууцны түлхүүрийг гардуулсан.
Цаашид 720 хүнийг тодруулан мөн түрээсийн байранд оруулах юм.
Энэхүү түлхүүр гардуулах ёслолд Монгол Улсын ерөнхий сайд Ч.Сайханбилэг, БХБ-ын сайд З.Баянсэлэнгэ, ТОСК-ийн захирал Гантулга, тэргүүн дэд захирал Д.Алтанхуяг, дэд захирал Д.Оюунжаргал, Монгол улсын их хурлын даргын зөвлөх Г.Байгалмаа нар оролцов. Үйл ажиллагааг нээж Монгол Улсын ерөнхий сайд Ч.Сайханбилэг үг хэлсэн билээ.
Тэрээр “Монгол Улсын Засгийн газраас гэр хороололын дахин төлөвлөлтийг хийх, иргэдээ орон сууцжуулах тал дээр хэд хэдэн төрлийн чухал арга хэмжээг авч явуулж байгаа. Өнгөрсөн хугацаанд бид бүхэн нийтдээ 80 мянган айл өрхийг ипотекийн зээлийн тусламжтайгаар шинэ орон сууцанд орох асуудлыг шийдвэрлэж чадсан.
Мөн гэр хорооллын дахин төлөвлөлтийн чиглэлээр Улаанбаатар хотын долоон байршилд шинэ орон барих ажлыг эхлүүлсэн. Харин 9 байршилд гэр амьдарч буй иргэдийн өмчийн газар дээр орон сууц барих ажил явагдаж байгаа. Энэ хүрээнд хийгдэж байгаа бидний чухал ажлын нэг болох түрээсийн орон сууц хөтөлбөр юм.
Хөтөлбөрийн хүрээнд 2015 оноос эхлэн зургаан жилийн хугацаанд Нийслэлд 16 мянга, аймгийн төвүүдэд 4000 айлын түрээсийн орон сууцны санг бүрдүүлэх зорилт тавин ажиллаж байна. Мөн ТОСК-ийн захиалгаар барьж ашиглалтад оруулсан нийт 52.1 тэрбум төгрөгийн 929 айлын орон сууцыг төрийн түрээсийн орон сууцны санд шилжүүлэх шийдвэрийг гаргасан. Энэ ажил Монгол Улс даяар өрнөж байна. Ингээд түрээсийн орон сууцанд орох болсон 350 айлын төлөөлөлд орон сууцны түлхүүрийг гардуулан өгч байгаа даа баяртай байна. Засгийн газраас энэ төрлийн бодлого зорилтыг хэрэгжүүлэх тал дээр цаашид идэвхтэй үйл ажилаагаа хийх болно гэдгээ хэлмээр байна” гэв.
ТОСК-ийн тэргүүн дэд захирал Д.Алтанхуяг “ТОСК хөдөө орон нутагт нийт 7 аймгийн 8 байршилд аймаг бүрт баригдах 1000 айлын орон сууцны хөтөлбөрийн хүрээнд орон сууц барьсан.
Дээрх баригдсан орон сууцнаас 80-96 айлыг түрээсийн орон сууц хөтөлбөр рүү шилжүүлсэн. Ганцхан Архангай аймгийн 120 айлын бүхэлд нь дээрх хөтөлбөрт шилжүүлсэн байгаа.
Үлдэгдэл хэсгийг нь зах зээл дээр иргэдэд анхны нь өртөгөөр борлуулахаар ажиллаж байна. Хөтөлбөрийн эхний ээлж ингээд орчихлоо. Харин дараагийн ээлж Буянт ухаа 2 хорооллын үлдэгдэл 18 байшин буюу 972 айлын орон сууц барилга угсралтын ажил бүрэн дуусчихсан, харин үлдсэн ажлыг ирэх долдугаар багтааж Улсын комиссд хүлээлгэж өгнө.
Мөн гэр хороололын дахин төлөвлөлтийн хүрээнд 100 айлын 7-р хороололд баригдсан 720 айлын орон сууцыг ТОСК өөр дээрээ шилжүүлэн авч, түрээсийн орон сууц хөтөлбөр рүү шилжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна” гэлээ.
Цаашид энэхүү хөтөлбөр үргэлжлэх бөгөөд өмчлөлийн асуудлыг судалж, ярилцаж байгаа талаар БХБ-ын сайд З.Баянсэлэнгэ хэлсэн юм. Угтаа бол иргэд түрээсийн орон сууцыг түрээсэлж байх хугацаандаа өмчлөлдөө авах сонирхолтой байгаа.
Гэхдээ хөтөлбөрийн эхний ээлжийн сонгон шалгаруулалтад дээрх нөхцөл ороогүй байсан. Өмчлөлийн хэлбэр рүү шилжих тал дээр албаныхан ажиллаж байгаа учир асуудал нааштайгаар эргэх боломжтой юм. Ийн түрээсийн орон сууц хөтөлбөрийн азтануудад түлхүүр гардуулах ёслол амжилттай болж өндөрлөв.
Ч.Гэрэл
Сэтгэгдэл байхгүй байна