• Эхлэл
  • Цалин нэмэх асуудлыг хойшлуулсаар байх уу?

Цалин нэмэх асуудлыг хойшлуулсаар байх уу?

2016/05/19

Эдийн засаг хямарлаа гэж ярьсаар өдийг хүрч байна. Сэргэж өгдөггүй эдийн засаг цаашид энэ байдлаараа хэр олон жилийг ардаа орхих вэ? Ард түмний амьдрал хэр удаан тарчиг байх вэ? гэсэн асуулт нийгэмд гарч ирсэн. Гэсэн ч үүнд эрх мэдэлтнүүд хариу өгч чадахгүй л байгаа.

Ингээд бодохоор нэг өрөө дарах гэж нөгөөхөөс зээл авч байгаа эдийн засгийн ирээдүй бүрхэг харагдана. Өнөөдөр цалингийн асуудал хурцаар тавигдаж байгаа. Хаа сайгүй цалингаа авах юмсан гэх хүмүүс холхиж байгаа нь өнөөх л хямраад байгаа эдийн засагтай холбоно. Өмнө нь хэзээ цалин нэмэх вэ? гэдэг байсан бол өнөөдөр хэзээ цалингаа тавих вэ? гэх болсон олон олон ААН байгууллага байна.

Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос өчигдөр /2016.05.18/ цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн. Эдийн засгийн хүндрэлтэй үед тус байгууллага гурван талт хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлж, 2015 онд төрийн албан хаагчдын цалинг нэмэхийг хойшлуулахыг зөвшөөрсөн. Харин 2016 онд цалин нэмэх асуудал огт яригдахгүй байгаа бөгөөд Засгийн газраас яаралтай төсвийн тодотгол хийж, цалин нэмэх ёстой хэмээн шаардлаа.

Тус холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “Засгийн газраас төсвийн тодотгол хийх асуудлыг УИХ-д оруулж, шийдүүлэх байх гэж хүлээсэн ч энэ асуудалд дэндүү хойрго хандаж, хойшлуулсаар УИХ-ын сонгуультай золгох гэж байна. Энэ нь иргэд, хөдөлмөрчдийг хууран мэхэлсэн, хариуцлагагүй үйлдэл гэж үзэж байна. Тиймээс түмний тулгамдсан асуудлыг шийдэж, цалин нэмэх нь УИХ, Засгийн газрын сонгогч иргэдийнхээ өмнө хүлээсэн үндсэн үүрэг гэдгийг мэдэгдье” гэв.

Тэдний ийн шаардлага тавьж байгааг Засгийн газар хэзээ нэг сонсохыг бүү мэд. Сонгуульд улайрсан улстөрчид цалингийн асуудалд анхаарал хандуулах уу? эс хандуулах уу? ... гэх асуулт нийгэмд байсаар. 

Ч.Болор

 


Сэтгэгдэл байхгүй байна