• Эхлэл
  • Их, дээд сургуулиуд сургалтын төлбөрөө нэмэхгүй

Их, дээд сургуулиуд сургалтын төлбөрөө нэмэхгүй

2016/05/19

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас шийдвэрлэвэл зохих асуудалд ямар аргаа хэмжээ авсан талаар болон анхаарал татаж буй зөрчлүүдийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөр "Гарсан зөрчлүүдийг арилгах арга хэмжээ авч байгаа ба цаашид гарах эрсдлийг ч мөн тооцож байгаа" гэж мэдээлсэн юм.

Мөн тэрээр шаардлага хүргүүлсэн ААН байгууллага зөрчлөө заасан хугацаанд арилгахгүй бол хатуу арга хэмжээ авна гэдгээ мэдэгдэв. Ингээд гарсан зөрчилд хэрхэн арга хэмжээ авсан талаар мэдээллийг хүргэе.

Нэг

- Улаанбаатар төмөр зам дээр хоёр том зөрчил гарч байсан. Үүнд тухайн зорчигч тасалбараа үрэгдүүлсэн, гээгдүүлсэн, гэмтээсэн тохиолдолд тасалбарын үнийг хоёр дахин нугалж авдаг зөрчил гарч байсан. Мөн тасалбарын үнэ дээр тухайн иргэнд мэдэгдэхгүйгээр төлбөр нэмж, цай кофены мөнгө авсан зөрчил гарсан. Эдгээр зөрчлийг шийдвэрлэх талаар холбогдох байгууллагуудад шалгалт хийж, шаардлага хүргүүлсний үр дүнд Улаанбаатар төмөр зам, Зам тээврийн яам шаардлагыг хүлээж авсан хариу бичиг илгээсэн байна.

Хоёрт

- 11 банк, 14 даатгал, найман дүүргийн нотариатад шалгалт хийжээ. Шалгалтын явцад банкууд ипотек болон бусад төрлийн зээл олгохдоо зээл авч буй иргэнд даатгал, нотариатаас үйлчилгээ авахыг хүчээр тулгаж байсан зөрчил илэрсэн байна. Иргэд өөрийн сонгосон даатгал болон нотариатын үйлчилгээг сонгох байтал банкны сонгосон даатгалаар үйлчлүүлэхээс өөр аргагүйд хүрч байгаа нь хэрэглэгчийн эрхийг хязгаарлаж байгаа том зөрчил. Тиймээс 11 банкинд нэг сарын хугацаатай албан шаардлага хүргүүлсэн байна. Сарын хугацаанд зөрчлөө арилгаж иргэний сонгох эрхийг нээж өгөхгүй бол хуулийн дагуу хатуу хариуцлага тооцно гэдгийг онцлов.

Гуравт

- Өнгөрсөн гуравдугаар сард Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй МУИС, ШУТИС, ХААИС, Боловсролын их сургууль  зэрэг 20 гаруй их дээд сургуульд албан шаардлага хүргүүлжээ. Албан бичигт 2016-2017 оны сургалтын төлбөрөө нэмэх гэж байгаа бол олонд нээлттэй зарлахыг хүссэн байна. Харин сургуулиуд өнөөдрийг хүртэл сургалтын төлбөрөө нэмэгдүүлэх талаар зарлаагүй учир ирэх хичээлийн жилд их, дээд сургуулиуд сургалтын төлбөрөө нэмэхгүй хэмээн үзэж буй аж. Хэрэв намар сургуулиуд төлбөр нэмбэл урьдчилан сануулсаар байхад зарлаагүй учраас асуудал тавьж, хяналт шалгалт хийнэ гэдгээ мэдэгдэв.

Ч.Гэрэл


Сэтгэгдэл байхгүй байна