Чингисийн талбайд эсэргүүцлийн жагсаал цуглаан, нээлтийн үйл ажиллагаа, баярын жагсаал тасралтгүй үргэлжлэх болжээ.
Өчигдөр /2016.05.19/ л гэхэд Чингисийн талбайд гурван том үйл ажиллагаа болж хүмүүс ч олноороо цугласан харагдлаа. Талбайн баруун урд "Огцор огцор" гэж хашгирч буй 7-8 залуус байв.
Тэд ийм цөөхүүлээ юу ч хийж байгаа юм бэ, бүү мэд. Тэднийг анзаарах сөхөөтэй хүн ховорхон байлаа. Энэ нь өнөөх л сонгууль, улстөртэй холбоотой жагсаал цуглаан. Ингээд бодохоор залуусын нийгмийн оролцоо идэвх нэмэгдсэн ч юм шиг. Эсхүл хэн нэгний захиалгаар /мөнгө авч/ жагсаж байгаа ч юм шиг.
Харин талбайн зүүн урд талд Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-аас санаачлан Чингисийн талбайд нийтийн тээврийн үйлчилгээг олон нийтэд сурталчлан таниулах өдөрлөгийг зохион байгуулж байв. Тэр хавиар хэсэг явбал “Улаанбаатар смарт” карт компаниас автобусны хүүхэд, энгийн иргэд зорчих хоёр төрлийн картыг иргэдэд үнэгүй тарааж, 2000 төгрөгөөр цэнэглэж байлаа. 14.00 цагийн орчимд нийт 200 гаруй автобусны төлбөрийн картыг иргэдэд тараасан байна.
Харин талбайн төв цэгт мөнгөн хонхны баяраа хийж буй оюутнууд зургаа даруулж, оргилуун дарс буудуулан хашгиралдаж хогоо тарьсаар зогсож буй харагдана. Энэ мэтчилэн Чингисийн талбайд болж буй гурван том үйл ажиллагаа тус талбайд хэр их хог үлдээхийг ТҮК-ийнхан дүгнэх үлдэв бололтой.
Иргэдийн хувьд автобусны картыг үнэгүй тарааж байсан үйл ажиллагаа их таалагдсан бололтой. Төв талбайн нэг өдрийн зураглалыг харахад нэг иймэрхүү. Өдөр бүр л өнгө өнгийн үйл явдал болж байх юм даа, манай төв талбайд.
Сэтгэгдэл байхгүй байна