АСЕМ-ын Дээд төвшний уулзалтын гол сэдэв улс төр, эдийн засаг, нийгэм соёлын асуудалд төвлөрч улс орнууд албан бус яриа хэлэлцээ хийдгээрээ онцлогтой.
Тэгвэл энэ сарын 11-13-нд Улаанбаатар хотноо болсон АСЕМ-ын “Ахлах албан тушаалтнуудын уулзалт”-аар ямар сэдэвт төвлөрч ярилцах вэ гэдэгт улс орнууд саналаа нэгтгэжээ.
Дээрхтэй холбоотой АСЕМ-ын Бэлтгэл Ажлын албаны орлогч дарга Л.Оргил, ГХЯ-ны Олон талт хамтын ажиллагааны газрын захирал Г.Баттунгалаг нар өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.
- АСЕМ-ын Бэлтгэл Ажлын албаны орлогч дарга Л.Оргил “Тавдугаар сард болсон “Ахлах албан тушаалтнуудын уулзалт”-аар 53 орны төлөөлөгч ирэх долдугаар сард болох дээд хэмжээний уулзалтад ямар асуудлыг тавьж хэлэлцүүлэх вэ гэдэг баримт бичигт төвлөрч ярилцлаа. Дээд хэмжээний уулзалтаас хоёр баримт бичиг гарна. Нэгдүгээрт АСЕМ-ын 20 жилийн ойтой холбогдуулан Улаанбаатарын тунхаглал гарах юм. Улаанбаатарын тунхаглалд АСЕМ-ын төвшинд 20 жилийн хугацаанд хийсэн ажлыг дүгнэж, ирээдүйд хийх ажлыг төлөвлөнө.
Хоёр дахь баримт бичиг нь “Даргын мэдэгдэл” юм. Эл баримт бичгийн гол агуулга нь улс орнуудын байр суурийг тодорхойлдогоороо онцлогтой. Монголын талаас сарын өмнө эхний төслийн хувилбарыг гаргаж 53 оронд илгээснээр тэд санаа оноогоо дэвшүүлсэн. Ирэх сарын 3-нд дээрх хоёр төсөлтэй холбогдуулан улс орнуудаас санал авч дуусгаад хоёр дахь төслөө нэгтгэж боловсруулна. “Ахлах албан тушаалтнуудын уулзалт”-аар Ази Европ болон бусад орнуудын эдийн засаг, соёл, нийгэм, бүс нутгийн болоод даяарчлалын чанартай асуудлыг “Хэлэлцэх хэргийн төлөвлөгөө”-г төсөл маягаар гаргасан.
АСЕМ-ын шийдвэр гаргадаг зарчим бол 53 орон нэг саналд хүрч асуудлаа шийддэгээрээ онцлогтой. Мөн АСЕМ-ын дагалдах хурлаар дээд төвшний уулзалтын хэлэлцэх асуудлыг тогтдог. Энэ асуудал долдугаар сарын 12-14-нд болох хурлаар эцэслэгдэнэ.
Улаанбаатарын тунхаглалд АСЕМ-ын албан бус яриа хэлэлцээг үргэлжлүүлэн авч явах нь зүйтэй гэдэгт талууд санал нэгдсэн. Улмаар иргэний нийгэм, бизнесийнхэн, залуус, сэтгүүлчид, үйлдвэрчний эвлэлийнхэн, эмэгтэйчүүд гээд төрөлжсөн сэдэв рүү чиглэж оролцогчдын хүрээг тэлэх санал оруулсан. Мөн АСЕМ-ын төв байгуулах санал, санаачилга гарсан” гэв.
Мөн бэлтгэл ажил төлөлөгөөний дагуу явж байгаа, одоогоор ямар нэг хүндрэлтэй асуудал байхгүй талаар дурьдсан юм.
Сэтгэгдэл байхгүй байна