• Эхлэл
  • Д.Дорлигжав: Хорих ангийн тоо нэмэгдэхгүй

Д.Дорлигжав: Хорих ангийн тоо нэмэгдэхгүй

2016/05/20

“Сайдын цаг” мэдээлэлд Хууль зүйн сайд Д.Дорлигжав оролцож, эрх зүйн шинэчлэлийн хүрээнд батлагдсан багц хуулиудын талаар мэдээлэл өглөө.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Прокурорын тухай хууль, Хууль сахиулах тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн хууль, Эрүүгийн хууль гэх мэт эрх зүйн шинэчлэлтэй холбоотой хуулиуд батлагдан гарч, ирэх есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэхээр боллоо.

Түүнчлэн “Үндэсний архивын газрын талаар авах арга хэмжээний тухай” тогтоол өнгөрсөн долоо хоногт батлагдсан. Ингэснээр архивын байгууллага шинэ байртай болох боломж бүрдэж байгаа юм.

Өнөөдрийн хийж буй гол ажлын нэг бол АСЕМ-ын хамгаалалт, бэлтгэлийг жигдрүүлэх ажил юм. Үүний хүрээнд нэгдүгээр ээлжийн сургалтанд 300 цагдааг хамруулах маягаар ээлжийн бэлтгэл тасралтгүй явагдаж байна. Дашрамд дуулгахад энхийг сахиулах үйл ажиллагаанд цагдаа нар оролцох боломж нээгдэж байгаа.

Хууль зүйн салбарт ач холбогдол өгөх ёстой нэг асуудал бол Хууль сахиулах их сургуулийн сургалтын асуудал юм. Энэ сургуулийн сургалтын хөтөлбөр шинээр баталсан. Ирэх хавар шинэ хөтөлбөрөөр хичээллэнэ. Мөн түүнчлэн цагдаагийн мэргэжил эзэмшсэн, одоо ажиллаж байгаа залуучууд дотроос сонгон шалгаруулж, цагдаагийн офицер бэлтгэх сургалтын шинэ хөтөлбөр батлагдсан. 

Эрүүгийн хууль батлагдсантай холбогдуулж захиргааны арга хэмжээ авдаг ихэнх харилцаа өөрчлөгдсөн. Хамгийн багаар бодоход 30 хоног түүнээс дээш хэмжээний ял авсан иргэн тухайн орон нутагтаа ял эдлэх боломжтой болсон. Тиймээс аймаг дээр байгаа хорих ангиудыг өргөтгөх, тохижуулах ажлууд хийгдээд явж байна гэж Хууль зүйн сайд Д.Дорлигжав хэллээ.

Мэдээллийн үеэр Хууль зүйн сайд Д.Дорлигжав сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Аймагт ял эдэлдэг болж байгаа юм байна. Тэгвэл хөдөө орон нутагт хорих ангиудын тоог нэмэгдүүлэх үү?  

-Хорих ангийн тоо нэмэгдэхгүй. Аймгуудын хорих ангиудын тохижолт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын байр савны асуудлыг нэгдсэн бодлогын хүрээнд зохион байгуулна. Нэг зүгээр хэлбэл богино хугацааны ялтай хүмүүсийг аймагт нь хорих учраас тухайн аймгийн хорих ангийг өргөтгөх, завсарын ажлууд хийгдэнэ.

-Ялыг бүрэн зэрэглэх асуудал яригдаж байгаа. Энэ хүрээнд  ямар ажлууд хийгдэж байна вэ?

-Гэрийн хорионд байлгах, түр хорих зэрэг албадлагын шийдвэрүүдийг зохион байгуулахын тулд гадны орнуудын туршлагыг судлаж, электрон  удирдлагын ситемийг суурьшуулах ажлаар БНСУ-тай холбогдох гэрээ хэлэлцээр хийсэн. Энэ хүрээнд мэргэжилтэн бэлтгээд, техник төхөөрөмжөө суурилуулснаар ялыг бүрэн зэрэглэх ажил явагдаж эхэлнэ гэсэн үг. Мөн гадны хамтын ажиллагааны хүрээнд Шүүхийн шинжилгээний байгууллага  дэлхийн түвшинд хүрч ажиллах боломж нээгдэнэ.

Саяхан 12 сая долларын гэрээнд гарын үсэг зурсан. Өөрчлөлтийн хүрээнд цогцос задлан шинжлэх, хордлогыг бүрэн тодорхойлох, химийн хорт бодисыг илрүүлэх, авто ослын шинжилгээг гаргах зэргээр байгалийн, биологийн, техникийн  шинжилгээний багууд ажиллаж эхлэх юм.  Стандарт хангасан байшин савны тохижуулалт хийгдэж, ирэх жилийн өдийд ашиглалтад орно. Ингэснээр шүүхийн шинжилгээ буруу гарлаа гэсэн гомдлууд байхгүй болно гэж харж байгаа.

-Эрүүгийн хуулин дээр эмч нарт хариуцлага хүлээлгэх асуудал хэтэрхий чанга байна гэх шүүмжлэл дагуулсан. Энэ асуудлаар  Хууль зүйн яамнаас эмч нартай санал солилцсон уу?  

-Эмч нар ял хүнд байна, өндөр байна  гэж гомдоллоод байгаа. Энэ нь 2-8 жилийн ял тооцох нэг л зүйл анги. Бид нарын хувьд 3-5 жилийн ял өгдөг байсан зүйл ангийг 2-8 жил болгож өөрчилсөн. Ялын хэмжээг сонгож өгөх боломжтой гэж харсан. Нөгөө талаас  Эрүүл мэнд, спортын яам  гурван удаа энэ асуудлаар санал ирүүлэхдээ “Болж байна” гэсэн байдаг. Эмч нар энэ талаар шүүмжлээд эхлэхээр нь бид Хуульзүйн яамандаа урьж, санал бодлыг нь сонссон.

Тэдний яриааас үзэхэд бид зарим асуудлыг нь  сайн ойлголгүй, хуулиндаа тусгасан байсан. Эмч нар ялын хэмжээг 2-5 жил болгох хүсэлт тавьж, салбарын яам  энэ асуудлаа оруулаад ирвэл Хууль зүйн яам дэмжинэ гэдгээ илэрхийлсэн. Яамнаас нь санал ирснээр  Хуульзүйн яам дэмжих саналаар явуулаад байна. Энэ удаагийн УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд хэлэлцэж амжвал  тэр саналаараа батлагдаад явах байх.

-Есдүгээр сарын 1-нээс Эрүүгийн хуулийн шинэчллийн хүрээнд холбогдох хуулиуд нь хэрэгжиж эхэлнэ. Хуулиудыг хөрсөн дээр нь буулгах чиглэлээр яамнаас  эхний ээлжинд ямар ажил хийгдэх бэ?

-Бид эхний ээлжинд сургагч багш нараа бэлдэнэ. Хуулийн багт орж ажилласан, хуулиа сайн мэдэх багш нар салбарууд дээр  очиж мэдээллээ өгнө. Одоо Хуульзүйн яаман дээр эдгээр хуулиудтай холбоотой заавар, журмыг шинэчилж, батлаж гаргах том ажлууд ид явагдаж байна.

 


Сэтгэгдэл байхгүй байна