Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр буюу энэ сарын 23-нд болсон. Уг хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар өнөөдөр Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Б.Цээпил мэдээлэл хийлээ.
Төв аймгийн Баянжаргалан сумын нутагт орших Бөөрөлжүүтийн нүүрсний ордыг түшиглэн 300 мВт-ын хүчин чадал бүхий цахилгаан станц, уурхайн нэгдмэл төслийг хэрэгжүүлэх болсон.
Төсөл хэрэгжиж эхэлснээр Монгол Улсад жилд 35.5 сая ам.доллар, төсөл дуусах хүртэл нийт 1 тэрбум ам.долларын татвар төвлөрүүлэх боломжтой гэсэн судалгаа гаргасан. Мөн 300 гаруй Монгол иргэдийг шууд ажлын байраар хангах, туслан гүйцэтгэгч, ханган нийлүүлэгчээр Монголын аж ахуйн нэгжийг ажиллуулах нөхцөл бололцоог бүрдүүлсэн байна.
Эрүүл мэндийн даатгалын мэдээллийн нэгдсэн цахим сангийн дүрэм болон, Эрүүл мэндийн даатгалын цахим картын загвар түүнд хадгалагдах мэдээлэл, хэрэглэх журмыг Засгийн газрын хуралдаанаар баталсан байна.
Эрүүл мэндийн даатгалын мэдээллийн нэгдсэн цахим сан нь даатгуулагчийн үндсэн мэдээллээс гадна Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого, зарлагын талаарх мэдээллээс бүрдэх аж. Харин Эрүүл мэндийн даатгалын цахим картанд даатгуулагчийн эрүүл мэндийн нарийн мэдээлэл багтах юм байна.
Эрүүл мэндийн даатгалын цахим системийг нэвтрүүлснээр даатгал болон эмнэлгийн байгууллагын хооронд үйлчилгээний төлбөр болгино хугацаанд шилжих, даатгуулагчаас авсан тусламж үйлчилгээний төлбөрт хяналт тавих боломж нөхцөл бүрдэж байгаа юм байна.
2015 оны арванхоёрдугаар сард батлагдсан Эрүүгийн хуульд эмнэлгийн мэргэжилтэн өвчтөний хүний амь нас эрүүл мэндэд хохирол учруулсан тохиолдолд оногдуулах шийтгэл нь санаатай үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагатай адил хэмжээний ял оноохоор агуулгатай байна гэж эрүүл мэндийн салбарынхан эсэргүүцэн, энэ асуудалд анхаарал хандуулахыг шаардсан байгаа. Тиймээс Засгийн газраас Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж, хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ.
Монгол Улсын хэмжээнд үүрэн телефоны хэрэглэгчид дугаартайгаа өөр сүлжээнд шилжих эрх зүйн орчин бүрдсэн байна. Ингэхдээ үйлчилгээний нэгдсэн төв байгуулах, ашиглалт үйлчилгээг хэрэгжүүлэхэд Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрмийг шинэчлэн батлах шаардлагатай байсан юм. Харин өчигдөр тус хорооны дүрмийг шинэчлэн баталжээ. Ингэснээр үүрэн телефоны хэрэглэгч дугаараа өөрчлөхгүйгээр өөр операторт шилжих боломж бүрдэх аж.
Мэдээлэл хийсний дараа сэтгүүлчид асуулт асууж, хариулт авлаа.
-Өчигдөр хуралдсан Засгийн газрын хуралдаанаар Засгийн газрын гурван сайдыг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцсэн юм уу?
-Засгийн газрын хуралдаанаар сайдуудтай холбоотой ямар ч асуудал яригдаагүй. Харин өчигдөр Ерөнхий сайд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатарт албан бичиг хүргүүлсэн. Засгийн газрын гишүүнийг томилох чөлөөлөх нь Үндсэн хууль болон Засгийн газрын тухай хуульд зааснаар Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал байдаг. Тиймээс Ерөнхий сайд өөрт оногдсон бүрэн эрхийнхээ хүрээнд Ерөнхийлөгчтэй зөвшилцөж байгаад УИХ-д оруулж ирэх зарчимтай.
Сэтгэгдэл байхгүй байна