• Эхлэл
  • УЦС-ын талаар оросуудтай ярилцаж байна

УЦС-ын талаар оросуудтай ярилцаж байна

2016/05/24

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Сэлэнгэ мөрөн дээр барих Шүрэнгийн УЦС, Орхон гол дээрх усан сангийн цогцолбор, Эгийн голын УЦС төслүүдийн талаар ОХУ-ын талд мэдээлэл өгөх уулзалт зохион байгуулах үүргийг холбогдох яамдад өгсний дагуу энэхүү арга хэмжээ өнөөдөр эхэлж байна.

Уулзалтад ОХУ-ын Байгалийн нөөц ашиглалтын хяналтын албаны орлогч дарга А.Амирханов тэргүүтэй Байгаль орчны яам, Эрчим хүчний яам, Оросын Шинжлэх ухааны академийн Сибирийн салбарын Байгаль нуурын институт, Буриадын болон Эрхүүгийн Шинжлэх ухааны төв, Енисей голын сав газрын усны удирдах газар, ЭСЯ-ны төлөөлөл зэрэг зохих албаны 12 төлөөлөгч хүрэлцэн ирж оролцож байгаа бол манай талаас ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт тэргүүтэй ГХЯ, ЭХЯ, БОНХАЖЯ-ны төлөөлөл, салбарын эрдэмтэн доктор, судлаачид, төслийн ажилтнууд оролцож холбогдох асуудлыг хэлэлцэнэ.

ЭГУЦС Төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг шинэчлэн боловсруулсан Францын Трактебел инженеринг компанийн төлөөлөл, Дэлхийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газрын болон БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны 3 дугаар нарийн бичгийн дарга зэрэг албан хүмүүс хамтран оролцож байгаа юм..  

Уулзалтын зорилго нь хойд хөрштэйгээ ус, усны эрчим хүчний асуудлаар харилцан ойлголцох, цаашид хамтран ажиллах явдал юм гэж тус уулзалтыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Д.Одхүү танилцууллаа.

Танилцуулагдаж байгаа төслүүдийн нэг нь 1964-1965 онд ЗХУ-ын (хуучин нэрээр) Энергосетьпроект институтээс Монгол Улсад судалгаа явуулж 28 байршилд усан цахилгаан станц байгуулж болно гэсэн дүгнэлтэд тусгагдаж байсан Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт байрлах Эгийн голын усан цахилгаан станц юм.

Өнөөдөр Монгол Улсын эрчим хүчний системийн хоногийн ачааллын зөрүү 300 МВт-аас давчихаад байхад үүнийг тохируулах эх үүсвэр байхгүйгээс шалтгаалж импортын эрчим хүч авахаас өөр аргагүйд хүрдэг.

ЭГУЦС баригдсанаар 315 МВт-ын хүчин чадалтай, эрчим хүчний системийг тогтвортой ажиллуулж чадах, найдвартай станц бий болж салбарын бүтэц зөв гольдролдоо орно.Зөвхөн оргил ачаалалыг хаах гэж бүх цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа ажиллаж бусад үед илүүдэл эрчим хүч үйлдвэрлэдэг байдал зогсож эдийн засгийн ашигтай байдал сайжирна.

 Түүнчлэн жилд 606 сая кВт/цаг эрчим хүч үйлдвэрлэхэд зарцуулагдах 7 сая тонн түүхий нүүрс шатааж, 709 мянган тонн хүлэмжийн хий ялгаруулах аюулаас ангижрах болно.

Өөр нэг томоохон давуу тал нь 5,7 тэрбум куб метр усны нөөц бүхий байнга сэлгэгдэж байх цэнгэг нуур үүссэнээр цэвэр усны томоохон нөөцтөй болж тухайн бүс нутгийн агаарын чийгшлийг нэмэгдүүлж, цөлжилтөөс хамгаалах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, аялал жуулчлал хөгжих боломж бүрдэнэ. Энэ нь уг төслийн давхар ач холбогдолыг илэрхийлэх бас нэгэн үзүүлэлт болж байгаа юм.Дэлхийн хэмжээнд цэвэр усны нөөц бүрдүүлж чадаагүй 7 орон байдгийн нэг нь манай улс. Дэлхий нийтэд цэвэр усны төлөөх чимээгүй дайн хэдийн эхэлчихээд байгаа олон орон энэ талаар мэдээлж хэлэлцэж байна.


Сэтгэгдэл байхгүй байна