• Эхлэл
  • Махны үнэ буурч, төмс ногооны үнэ өсөв  

Махны үнэ буурч, төмс ногооны үнэ өсөв  

2016/05/25

Шатахууны үнэтэй буурсан тухай ШӨХТГ-аас мэдээлэл хийсэн билээ. Үнэ сар шинийн баярын өмнө 50 төгрөгөөр буурсан. Үүнээс хойшхууны үнэ Улаанбаатар орчимд 160 төгрөгөөр, орон нутагт 260-360 төгрөгөөр тус тус буусан таатай мэдээ хүргэсэн.

Гэсэн хэдий ч өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ буурахгүй байгаа билээ. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ буухаасаа илүүтэйгээр өсч байгаа нь иргэдийн нуруун дээрх ачааг улам хүндрүүлж байгаа юм.

Угтаа бол шатахууны үнэ өргөн хэрэглэээний бараа бүтээгдэхүүний үнэтэй салшгүй холбоотой хэмээж байсан үе саяхан ч өнөөдөр үнэ ханш өсч байгааг НӨАТ-тай холбон тайлбарлаж буй. Тэгвэл энэ асуудлыг ШӨХТГ-аас шалгах болсоноо мэдэгдсэн юм. Ингээд хүнсний бүтээгдэхүүний үнэ ханш энэ сарын гуравдугаар долоо хоногт буурсан эсхүл өссөн эсэхийг харцгаая.

Махны дундаж үнэ 

Тавдугаар сарын 3-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 7070 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 8490 төгрөгийн үнэтэй байна.

Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.2 хувиар буюу 15 төгрөгөөр, үхрийн цул мах 0.2 хувиар буюу 20 төгрөгөөр буурсан байна.

Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 8300 төгрөг, харин “Таван-Эрдэнэ” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9500 төгрөг байна. 

Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.8 хувиар буюу 55 төгрөг, хонины цул мах 1.4 хувиар буюу 110 төгрөгөөр тус тус буурчээ. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 6800 төгрөгөөр, харин “Таван-Эрдэнэ” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 8300 төгрөгөөр худалдаалж байна.

Гурилын үнэ

Нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1200-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1300 төгрөг, 2-р зэргийнх 780-1000 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1150-аас 1300 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1200 төгрөг, 1-р зэргийн гурил 1000 төгрөгөөр тус тус зарагдаж байна. 

“Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1100-1210 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр”, “Таван-Эрдэнэ”, “Оргил”, “Хархорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1100 төгрөгөөр, харин “Сансар” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1210 төгрөгөөр худалдаалж байна. Харин хүнсний ногооны үнийг өмнөх долоо хоногтой харьцуулахад лууван 2.5 хувиар буюу 50 төгрөгөөр, байцаа 0.9 хувиар буюу 20 төгрөгөөр өссөн байв.

 


Сэтгэгдэл байхгүй байна