"Бүрэн цутгамал" ХХК, "Сант" сургуулийн хоорондох төлбөрийн маргаан өнөөдрийг хүртэл дуусаагүй үргэлжилсээр байна.
“Сант”-ынхнаас сургуулийн барилга барьсан ажлынхаа хөлсийг авч чадаагүй байгаа “Бүрэн цутгамал” ХХК-ийнхан өнөөдөр /2016.05.24/ БСШУЯ-ын үүдэнд жагсаал хийж байгаа аж.
Ингээд "Бүрэн цутгамал" компанийн захирал Б.Батдэлгэртэй ярилцлаа.
Ямар шалтгаанаар энд жагсаал хийж байгаа вэ?
Манай компани 2013 онд "Сант” сургуулийн өргөтгөлийн барилгыг барьсан. “Сант” сургуулиас ажлын хөлсөө авч чадаагүй болохоор аргаа бараад л жагсаал хийж байна. Тэд манай ажлын хөлсийг өнөөдрийг хүртэл өгөөгүй, барилгыг Улсын комисст өгөлгүйгээр ашиглаж хичээл орж байгаа. Ингээд зогсохгүй улсаас хувьсах зардал авч байна. Энэ талаар бид өнөөдөр БСШУЯ-нд албан бичиг хүргэж, албан бичгийнхээ хариуг авсан юм.
Ямар хариу ирсэн бэ?
Албан бичиг дээр “Сант” сургуулийг Улсын комисст хүлээлгэн өгөхийг даалгасан. Ингээд 2016 онд 1141 хүүхдийн хувьсах зардал буюу 403 сая төгрөгийг өгөхгүй гэсэн албан бичиг ирсэн байна. Мөн хотын дарга Э.Бат-Үүл дарга руу албан бичиг явуулж байгаа юм байна. “Сант” сургуулийн тусгай зөвшөөрөл, хувьсах зардал зэргийг хотоос олгодог. Бид өнгөрсөн гуравдугаар сарын 3-нд албан бичиг хүргүүлсэн ч одоо болтол хариу ирээгүй байгаа. Мөн Нийслэлийн боловсролын газраас дөрөвдүгээр сарын 5-нд албан бичиг өгсөн ч дээрхтэй адил албан бичгийн хариу ирээгүй байгаа юм. Арга ядаад өнөөдөр БСШУЯ-ны үүдэнд бид суулт хийж байна.
Одоо хэр их хэмжээний мөнгө авах дутуу байгаа вэ?
Нийт санхүүжилт нь 1.7 тэрбум гэж байснаас 1.2 тэрбумыг авсан. 500 сая төгрөгийн үлдэгдлээ авч чадаагүй байгаа юм. Сургуулийн захирал, удирдлагууд биднийг ажлын 80 хувийн гүйцэтгэлтэй байхад талбайгаас хөөж явуулчихаад, өөр компани оруулчихсан. Мөн Улсын комисст өгөөгүй барилгыг ашиглаж, Барилгын тухай хуулийн 48.2, 48.3-р заалтуудыг зөрчиж байгааг бид БСШУЯ-нд мэдэгдэж байгаа юм.
Танай компани хэзээнээс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бэ? Өмнө нь ийм асуудал гарч байсан уу?
"Бүрэн цутгамал" компани Сант сургуулиас болж их хохирч байгаа. Аль 2013 оноос хойш 500 сая төгрөг авч чадахгүй байсанаасаа болж бид банк болон банк бусаас зээл авч, бараа материал болон ажилчдын цалингаа өгөөд одоо сардаа 25сая төгрөгийн зээлийн хүү төлж байна. Манай компани 2007 оноос барилгын салбарт үйл ажиллагаа явуулсан. Өнгөрсөн хугацаанд 215.000 метр.квт буюу 1800 айлын орон сууцыг барьж Улсын комиссд хүлээлгэж өгсөн. Гэтэл “Сант” сургуулийн өргөтгөлийн барилгаас болж бид өнөөдөр дээрх хохиролыг амсаад байгаа.
Танд эрүүгийн хэрэг үүсгэсэн гэсэн, яагаад?
Манай мөнгийг өгөхгүй мөртлөө биднийг эрүүгийн хэрэгт гүтгэсэн. Анх 2014 оны нэгдүгээр сард 1.2 тэрбум төгрөгийг Б.Батдэлгэр гэдэг хүн аваад залилаад алга болчихсон гэж эрүүгийн хэрэг үүсгэсэн. Үүнийг 2016 оны дөрөвдүгээр сард хэрэгсэхгүй болгосон. Гэтэл би залилан мэхлэгч гэх нэрийг 2.3 жил зүүсэн. Ингээд би сонинд ярилцлага өгсөн. Гэтэл 2015 оны нэгдүгээр сард намайг хүний нэр төр гутаасан гэж дахиад эрүүгийн хэрэг үүсгэж сая дөрөвдүгээр сард бас хэрэгсэхгүй болгосон.
Харин одоо чанаргүй барилга барьсан гэж намайг бас л буруутгаад явж байна. Чанаргүй барилга барьсан гэсэн атал “Сант” сургуулийнхан өөрсдөө Улсын комисст өгөөгүй барилгыг ашиглаж байгаа. 2016 оны гуравдугаар 3-нд МХГ-аас тогтоосон акт хүртэл байгаа. Гэтэл Мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлтийг үл тоож өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна.
“Сант” сургууль нийт 1400 хүүхэд сургадаг гэдэг. Тус сургуулийн өөрийнх нь үндсэн байр 1800 мкв буюу 700-800 хүүхэд сургах боломжтой. Гэтэл одоо 1400 хүүхэд сургаж байгаа гэхээр цаана нь 500 гаруй хүүхдийг манай барьсан барилгад хууль бусаар сургаж байгаа нь тодорхой байгаа юм.
Ч.Гэрэл
Сэтгэгдэл байхгүй байна