• Эхлэл
  • “Нүүдэлчдийн наадам”-ын бэлтгэл ажилтай танилцана

“Нүүдэлчдийн наадам”-ын бэлтгэл ажилтай танилцана

2016/05/25

АСЕМ-ын дээд түвшний уулзалтын зочид төлөөлөгчдөд зориулж ирэх 7 дугаар сарын 15-нд “Чингисийн хүрээ” цогцолборт “Нүүдэлчдийн наадам” арга хэмжээг зохион байгуулна.

Уг арга хэмжээний зохион байгуулалт, төсөв, хөтөлбөрийн талаар тавдугаар сарын 24-нд НЗДТГ-т хуралдсан АСЕМ-ын Үйлчилгээ, соёл урлагийн арга хэмжээ, хоол хүнс, түүний аюулгүй байдлыг хариуцсан ажлын хэсгийн ээлжит хуралдаанаар хэлэлцлээ.

“Нүүдэлчдийн наадам” арга хэмжээг зохион байгуулах дэд ажлын хэсэг байгуулагдан, зочид төлөөлөгчдийн аюулгүй байдал, хоол хүнсний эрүүл ахуй, соёл урлагийн тоглолт, хүндэтгэлийн зоог барих өргөөний бэлтгэл, төв замаас “Чингисийн хүрээ” хүртэлх авто зам сайжруулах, 400 машины авто зогсоол бэлтгэх зэрэг 80 гаруй ажлыг гүйцэтгэхээр төлөвлөгөөний дагуу ажиллаж байна.

Урлагийн тоглолтын хөтөлбөрийн тухайд, ардын болон язгуур урлагийн сор бүтээлүүдийг тавихаар бэлтгэж байгаа аж. 

Монголын урлагийг олон улсад сурталчлах энэхүү тоглолтыг мэргэжлийн өндөр түвшинд чанартай зохион байгуулахыг тус ажлын хэсгийн дарга, нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл үүрэг болгож, ирэх долоо хоногт ажлын хэсгийнхэн “Чингисийн хүрээ” цогцолборт очиж “Нүүдэлчдийн наадам”, урлагийн тоглолтын бэлтгэл ажилтай танилцахаар боллоо.


Сэтгэгдэл байхгүй байна