Шинээр байгуулах шүүхийн орон тоог шийдвэрлэхдээ шүүгчийн тоог нэмэхгүй гэдгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан мэдээллээ.
Улсын хэмжээнд нийт 693 шүүгчийн орон тоо хэвээр байх бөгөөд орон нутагт долоо, нийслэлд найман давж заалдах шатны шүүх байгуулна.
Тодруулбал, Орхон, Дархан-Уул аймгаас бусад аймаг бүрд Эрүүгийн болон Иргэний хэргийн танхим бүхий давж заалдах шатны шүүх байгуулна. Харин хүн амын нягтаршил, хэрэг маргааны гаралтын төвшин өндөр дээрх хоёр аймагт одоо байгаа Эрүүгийн болон Иргэний хэргийн төрөлжсөн давж заалдах шатны шүүх үйл ажиллагаа явуулах юм байна.
Нэг шүүхэд ерөнхий, иргэн, эрүүгийн гэсэн гурван шүүгч ажиллах бөгөөд орон нутагт томилолтоор ажиллуулах нь шинээр шүүгч нэмж авахгүйгээр шинэ шүүхийн орон тоог нөхөх боломжтой аж.
Дүүргүүдийн хувьд долоон дүүрэг тус бүт эрүүгийн болон иргэний хэргийн анхан шатны шүүх байх, харин Багахангай дүүргийн хүн амын тоо, хэрэг маргааны гаралт бага байгаа нөхцөл байдлыг харгалзан Багахангай, Налайх дүүргийн дунд эрүү, иргэний тус бүр нэг шүүх байхаар тусгасан байна.
Одоо байгаа давж заалдах шатны 19 шүүх 26, дүүргийн 8 шүүх 16, нийтдээ 15 шүүх шинээр байгуулагдан анхан болон давж заалдах шатны 99 шүүх 115 болон нэмэгдэж байгаа юм.
Шүүгчдийн тоог нэмэхгүйгээр 13 аймагт байгуулагдах давж заалдах шатны шүүхэд 38 шүүгч буюу орон нутгийн давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн 55.8 хувийг нүүлгэн шилжүүлнэ.
УИХ-ын нэгдсэн чуулганаар Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон бусад нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд “Шүүгчийн орон тоог шинэчлэн батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталсан.
Үүнтэй холбоотойгоор Шүүхийн ерөнхий зөвлөлөөс бэлтгэл ажлыг хийж байгаа юм байна.
Уг хуулийг хэрэгжүүлэхэд нийт 2.5 тэрбум төгрөг шаардагдах хэдий ч баталж өгөөгүй тул одоо байгаа төсвөөрөө зохион байгуулалт хийхээр болжээ.
Сэтгэгдэл байхгүй байна