Өнөөдөр дэлхийн тамхигүй өдөр тохиож байна.Монгол Улсын хувьд 2013 оны гуравдугаар сарын 1-нээс Тамхины хяналтын тухай хуулийг хэрэгжүүлж эхэлсэн. Ингэснээр бар, паб, ресторан гээд үйлчилгээний байгууллага, олон нийтийн газар дахь дам тамхидалтыг бууруулсан гэх сайн жишээгээр энэ өдрийг угтаж байгааг албаныхан онцоллоо.
Дараагийн ээлжид Тамхины хайрцгийг ижил болгох тухай хууль, Онцгой албан татварын тухай хуулиудыг батлуулахаар ажиллаж буйг дурдлаа.
Энэ жилийн хувьд дэлхийн Тамхигүй өдрөөр “Бүх тамхийг адил хайрцагтай болгоё” гэх уриалгыг дэвшүүлээд буй. Тамхины хяналтын суурь конвенцийн 11, 13 дугаар зүйлд ч энэ тухай заасан байдаг билээ.
Тэгвэл Монголд тамхины хайрцаг элдэв лого, зураг, дүрслэл, өнгөөрөө ялгардаг. Чухамдаа бол анхаарал татаж, тамхи татах дур сонирхлыг төрүүлэхүйц ийм хайрцгаас татгалзаж, хорт хайрцаг гэх бодол төрүүлэхүйцээр өөрчлөхийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ч зөвлөж байна. “Аюултай, залуу нас, гоо үзэсгэлэн, эрүүл мэндийг тань авч одно” гэх сануулга, зурагтай хорт хайрцгаар жигдрүүлэх хэрэгтэй хэмээн албаныхан онцоллоо.
Ямартай ч цаашид энэ уриалгыг хэрэгжүүлж, ард иргэдийн тамхины хэрэглээг бууруулахад ухуулга сурталчилгаа хамгийн чухал гэдгийг Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийнхэн ч хэлж байлаа. Энэ жил “Тамхигүй өдөр”-ийг тохиолдуулан их, дээд сургуулийн оюутнууд, Ерөнхий боловсролын сургуулийн сурагч, олон нийтийн сүлжээгээр дамжуулан тамхины хор хөнөөлийг таниулах ажлыг хийхээр төлөвлөсөн хэмээн салбарын яамнаас өнөөдөр мэдээллээ.
Сэтгэгдэл байхгүй байна