Монголчууд өчигдөр цахим орчинд “ФУТБОЛКНЫ ӨДӨР”-ийг тэмдэглэлээ. Сонгуулийн үеэр олон нийтийн цугларалт, арга хэмжээнүүдийг хязгаарладаг болохоор тэр байх өмнө нь үндэсний цэцэрлэгт хүрээлэн гээд олон нийтийн талбай дээр болдог энэ арга хэмжээ энэ удаа цахим орчинд болсноороо онцлог байлаа.
Энэхүү арга хэмжээг зохион байгуулдаг Монголын Эмнести Интернэшнлийн гүйцэтгэх захирал Б. Алтантуяатай уулзаж ярилцсан юм.
Бид хүмүүс эрхээ мэддэг, түүнийгээ шаарддаг; хүний эрхийг хүн бүр тэгш эдлэдэг; Засгийн газрууд болон бусад оролцогчид хүний эрхийн зөрчил гаргасныхаа төлөө хариуцлага хүлээдэг тийм л дэлхий ертөнцийг, бас тийм Монгол улсыг бий болгохын төлөө ажиллана. |
Яагаад футболкны өдөр гэж нэрлэсэн юм бэ? Энэ өдөр яг юу болдог вэ.
Эмнести Интернэшнл байгууллагыг кампанит ажлын байгууллага гэдэг. Анх 1961 онд Португалийн 2 оюутныг улс төрийн зорилгоор шоронд хийгээд мартчихсан, 7 жил хоригдож байхад нь яаралтай суллахыг уриалж дэлхий дахины хэмжээнд нөлөөлөл хийснээс манай байгууллага үүссэн. Өөрөөр хэлбэл үзэл бодлоосоо болж хэн нэгэн хоригдох ёсгүй гэж үзсэн. Тиймээс үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний төлөөх тэмцэл, нөлөөллийн ажил манай үндсэн үйл ажиллагааны нэг. Үзэл бодлоо илэрхийлэхийн тулд заавал жагсаал, цуглаан хийх, хэдэн зуугаар, хэдэн мянгаараа жагсах албагүй. Өөр олон сонирхолтой арга байдаг гэдгийг хүмүүст ойлгуулах, эрхээ шаардаж чаддаг болгоход нь туслах, хүчирхийллийн бус аргаар үзэл бодлоо илэрхийлэх эрхийг дэмжих, нэг хүний үзэл бодол ч нийгэмд өөрчлөлт авчирч чадна гэдгийг хариулах зорилгоор энэ өдрийг анх 3 жилийн өмнөөс зохион байгуулсан.
Тэр үеийн оролцогчид, иргэний нийгмийн байгууллагуудаас жил бүр зохион байгуулахыг хүссэнээр энэ арга хэмжээг уламжлалт арга хэмжээ болгосон. Яг энэ өдөр хүмүүс өөрт байгаа богино ханцуйтай цамц, футболкон дээрээ эрх баригч нарт, олон нийтэд эсхүл, өөр хэн нэгэнд хэлэх гэсэн үгээ, тэр мессэжээ бичиж хүргэх юм. Заавал шинэ футболк ч байх албагүй.
Энэ жилийн хувьд бид цахим орчинд энэ арга хэмжээг зохион байгууллаа. Мэдээж бид бас энэ мессэж бүхний футболкоо өмссөн. Хүний эрхийн боловсролыг хүн бүрт түгээхийг дэмжиж хэд хэдэн ТВ, өөрсдийн хөтлөгчдөдөө өмсүүлж оролцлоо.
1961 оноос өнөөг хүртэлх 55 жилийн хугацаанд танай байгууллага хүний эрхэд яг ямар өөрчлөлтийг бий болгов
Нилээдгүй их өөрчлөлт хийж, үр нөлөөг бий болгосон. Тоймлож дурдахад тухайн үед хууль хүчний байгууллагын ажилтнуудын зүй бус хандах, зодох занчих явдал ердийн үзэгдэл байсныг энэ бол эрүү шүүлт, хэнд ч эрүү шүүлт тулгах эрх байхгүй хэмээх аяныг өрнүүлсэн. Үр дүнд нь НҮБ-аас эрүүдэн шүүхийг эсрэг конвенц батлагдаж нэгдэн орсон улс орнуудын үндэсний хууль тогтоомжуудад тусгалаа олсон. Эрүүдэн шүүхийн эсрэг кампанит ажлыг явуулснаар 1977 онд Нобелийн энх тайвны шагнал, 1978 онд НҮБ-ын Хүний Эрхийн Салбарын шагналыг авч байсан.
Эмнести Интернэшнлийг 1977 оноос цаазаар авах ялын гүйцэтгэлийг зогсоох кампанит ажлаа эхлүүлж байхад ердөө 16 улс цаазаар авах ялыг хуульдаа болон практикт халсан байсан бол өдгөө энэ тоо 140 болж дэлхийн улс орнуудын гуравны хоёр нь цаазаар авах ялыг халчихаад байна.
Хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг хийчихсэн хэрэгт үндэсний шүүхүүд нь хариуцлага тооцож чадахгүй тохиолдолд ажиллах байнгын ажиллагаатай Олон улсын эрүүгийн шүүхийг байгуулахын төлөө ажилласан. Одоо энэ шүүх Гааг хотноо 10 гаруй жил тогтвортой үйл ажиллагаа явуулж байна.
Эмнести Интернэшнлийн кампанит ажлын үр нөлөөгөөр олон мянган улс төрийн болон үзэл санааны хоригдлууд, хүний эрхийн хамгаалагчид, сэтгүүлч, өөрөөр сэтгэгч нар суллагдаж, эрүүдэн шүүгчидтэй болон хүний эрхийн зөрчил үйлдсэн компани, корпорациудтай хариуцлага тооцож чаддаг болж байна. Өмнө нь хүмүүс үндэстэн дамнасан корпораци пүүстэй хариуцлага тооцно гэдгийг төсөөлдөггүй байсан бол одоо тооцож болно. тооцож чаддаг юм байна гэдгийг харсан. Хөгжлийн том том хөтөлбөрийн улмаас газар нутгаа алдсан уугуул иргэд, орон гэргүй болсон ядуусын хорооллын олон мянган иргэдэд шударга ёсыг тогтоолгоход тусалсан гээд тоочоод баршгүй.
Монголд Эмнести Интернэшнл байгууллагыг хүмүүс бараг мэддэггүй, ер нь Монголд ямар үр өгөөж өгсөн юм бэ
Мэдээж Эмнести Интернэшнл байгууллагыг Монгол хүн бүр, хөдөө орон нутагт малчны хотонд мэдэхгүй байх. Гэхдээ эрх баригч нар, хууль сахиулах байгууллагынхан болоод хэвлэл мэдээллийнхэн, их дээд сургуулийн оюутан залуус болоод иргэний нийгмийн салбарт ажилладаг хүмүүс гээд мэдэх нэг нь мэддэг гэж боддог. Гэвч энэ хангалттай биш нь үнэн. Гэхдээ бид манай байгууллагыг мэдээсээ гэхээсээ илүүтэйгээр бид Монгол хүн бүр эрхээ мэддэг, эрхээ шаарддаг, бас эрхээ хамгаалж чаддаг болоосой гэж хүсдэг. Тиймээс ч энэ хэний гавъяа вэ, биднийх шүү гэж явдаггүй.
Нэгэнт дэлхийн 150 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг 7 сая гаруй гишүүд дэмжигчидтэй, Монголд 5000 гаруй гишүүд дэмжигчидтэй энэ байгууллагын хувьд Монгол улсад хүний эрхийн чиглэлээр эерэг нөлөө багагүй авчирсан гэж боддог. Анх 1995 онд Хоригдлууд Монголын шоронд өлбөрч үхэж байна” гэсэн судалгааны тайлангаараа тэр үеийн хорих ангийн аймшигт нөхцлийг өөрчилж өнөөгийн түвшинд хүргэхэд хувь нэмрээ оруулсан. Мөн Монгол дахь эрүүдэн шүүхийн эсрэг кампанит ажлаараа цагдаа, цэрэгт зодууллаа, цагдан хориход амиа алдсан гэх мэт хүний эрхийн зөрчлүүд буурахад нөлөөлсөн. Мөн Монгол улсын Олон улсын эрүүгийн шүүх байгуулалцсан улсын тоонд орж түүхэнд тэмдэглэгдэхээс гадна Монголд хүн тэнд ажиллаж хуульчдын шинэ үе бий болж байна. Цаазын ялгүй Монгол улс ч болчихлоо. Хүний эрхийн боловсрол олгох, залуучуудыг хүний эрхийн асуудалд татан оролцуулах чиглэлээр хийсэн ажлууд нь амжилтанд хүрч хүний эрхийн төлөө зоригтой дуугардаг, үйл ажиллагаа явуулдаг залуу үеийг бий боллоо гээд бахархах зүйл олон ч алдсан харуумаар зүйл ч бас багагүй байна. Тухайлбал эрүүдэн шүүх гэмт хэргийг хараат бусаар мөрдөн шалгадаг байгууллагыг эрх баригч нар татан буулгаад ял завшуулдаг цоорхой бий болгочихлоо гэх мэт.
Одоо ямар ямар чиглэлээр, ялангуяа Монголтой холбоотой ямар хэрэг дээр ажиллаж байна вэ.
Ямар ч том байгууллага байгаад хүний эрхийн бүх чиглэлээр супермэн шиг, эсхүл Санта клаус шиг ажиллах боломж байхгүй. Тийм санхүүгийн, хүн хүчний нөөц ч байхгүй. Тиймээс бид тодорхой хэдхэн чиглэлээр илүү урт хугацаанд үр дүнд хүрч ажиллахаар сонгож авсан. Эмэгтэйчүүд, хүүхдийн эрх, байгаль орчны чиглэлээр ажилладаг маш олон байгууллага байдаг учраас бид энэ чиглэлээр бараг ажилладаггүй. Харин эрүүдэн шүүхийн эсрэг, эрсдэлд буй хувь хүмүүс болоод хүний эрхийг хамгаалагчдыг хамгаалах, цаазаар авах ялыг халуулах, цахим орчинд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалах, газар албадан чөлөөлөхтэй холбоотой асуудлуудаар ажиллаж байна. Саяхандаа орон гэргүй болох эрсдэлд байгаа Сүхбаатар дүүргийн 10 хорооны 3 байрны 200 орчим иргэний талаар дэлхий дахинд яаралтай үйл ажиллагаа зохион байгууллаа. Иргэн Б.Булган болон бусад сэжигтэн яллагдагчийн эрхийг баталгаажуулахыг шаардаж ажиллаа. Хүний эрхийн боловсрол олгох цахим талбар байгуулах чиглэлээр мөн ажиллаж байна.
Монголд хүний эрхийн зөрчил даамжирсаар байна. Эрх ноцтойгоор зөрчигдөж байхад хүний эрхийн байгууллагууд юу ч хийдэггүй гэсэн шүүмж их байдаг.Энэ талаар таны бодол ?
Дандаа эрх баригч нартай тулдаг болохоор улс төрчид, эрх баригч нар, том том эрх мэдэл бүхий хүмүүс бидэнд дургүйцэх, гол байгаа болгож шүүмжлэх, зарим нь бүр татан буулгахыг ч хүсдэг. Бид хамгийн их шүүмжлүүлдэг нь ч байж магад. Гэхдээ биднийг дэмждэг, бидэнд талархаж явдаг хүмүүс бас тэднээс дутахааргүй олон учраас манай байгууллага өнөөг хүртэл оршин тогтнож, үйл ажиллагаагаа явуулж байна. Шүүмжлэл бол байх зүйл. Гэхдээ хавтгайруулж, бодит бус хий хоосон шүүмжилж болохгүй. Монголд хүний эрхийн чиглэлээр дэвшил ч гарч байна, бас зарим талаар дордож байна. Хүний эрхэд ээлтэй хуулийн орчин бүрдэж байна гэвэл тийм. Даанч түүнийг хэрэгжүүлэх хүний эрхийн мэдрэмжтэй. мэдлэгтэй, хүний эрхэд суурилсан хандлагатай боловсон хүчин алга. Эрх баригчид болоод төрийн алба хаагчид хүний эрхэнд халдлаа гэвэл тэдэнтэй хариуцлага тооцох хараат бус механизмыг ч бас сая алга хийчихлээ. Нөгөө хонх нь дугарахаар дамар нь таг гэдэг шиг. Хүмүүс үүнд энэ үйлдлийг хийсэн эрх баригчдыг буруутгахаас илүүтэйгээр хүний эрхийн байгууллагууд руугаа та нар юу ч хийсэнгүй гэж дайрдаг. Тийм хүмүүст би нэг зүйлийг л хэлдэг. “Яасан харанхуй юм бэ гэж хашгирсанаас ядаж та өөрөө нэг ч гэсэн лаа асаа гэж. Монголд хүний эрхийн зөрчил даамжирч байгааг та харж байгаа л бол бидэнтэй нэгдэж түүний эсрэг тэмцэхэд өөрийн дуу хоолойгоо өргөх хэрэгтэй.
Монгол улсад хүний эрхийн төлөв ямар байна вэ? Цаашид ямар чиглэлээр ажиллах вэ?
Хариуцлагын тогтолцоо сулаас дэндүү олон хүний хувьд хүний эрхийн гэрээ конвенци, хууль тогтоомж хоосон зүйл болоход хүрч байна. Хууль шүүхийн тогтолцоо шударгаар үйлчилж чадахгүй байна.
Эрхээ мэддэггүй, шаардаж чаддаггүй хувь хүний төвшингөөс гадна нийт нийгэмд хүний эрхийн соёл төлөвшөөгүй байна. Өөрөөр хэлбэл Төрийн болоод төрийн бус оролцогчдын зүгээс хүний эрхийг зөрчих үйлдэл хавтгайрч, хууль хүчний байгууллагуудад өөрчлөлт хийх төдий байгаагаас шалтгаалан өнөөгийн нийгэмд бүхэлдээ хүний эрхийг дээдлэх сэтгэлгээ алга байна. Хэвлэл мэдээллийн эрх чөлөө ялангуяа онлайн эрх чөлөө зохих хяналттай, үзэл бодлоо илэрхийлсэн хүндээ аюул авчрах шинжтэй байна. Хүний эрхийн байгууллагууд, тэдгээрийн ажилтнуудыг үл тоомсорлох сөрөг хандлага арилахгүй байна.
Бид хүмүүс эрхээ мэддэг, түүнийгээ шаарддаг; хүний эрхийг хүн бүр тэгш эдлэдэг, Засгийн газрууд болон бусад оролцогчид хүний эрхийн зөрчил гаргасныхаа төлөө хариуцлага хүлээдэг тийм л дэлхий ертөнцийг, бас тийм Монгол улсыг бий болгохын төлөө ажиллана.
Сэтгэгдэл байхгүй байна