ОХУ-ын Холбооны хурлын Холбооны Зөвлөлийн орлогч дарга Г.Н.Кареловагийн урилгаар УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дэд дарга, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн С.Одонтуяа энэ сарын сарын 3-ны өдөр тус улсад айлчлаад ирлээ.
Айлчлалын хүрээнд хоёр улсын нийгмийн хамгааллын салбар дахь хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсон бөгөөд Монгол улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа байлцжээ.
ОХУ-ын Холбооны хурлын Холбооны Зөвлөлийн орлогч дарга Г.Н.Карелова уулзалтын үеэр ОХУ-ын нийгмийн халамжийн салбарт тулгамдаж буй асуудлууд, төр засгийн зүгээс авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар дэлгэрэнгүй танилцуулж Монгол Улстай хуримтлуулсан туршлагаасаа хуваалцах, энэ салбарт хамтран ажиллах боломжтой талаар мэдэгдсэн юм.
ОХУ-д “Материнский капитал” буюу “Эхийн дэмжлэг” нэртэй хөтөлбөрийг 2007 оноос эхлэн хэрэгжүүлсэн нь ээжүүд, хүүхдүүдэд хамгийн их ач тусаа өгч байгаа хөтөлбөр болсон байна. Энэхүү хөтөлбөрөөр хүүхдийн тооноос хамаарч ээжүүдэд олгож буй дэмжлэгийг орон сууц, хүүхдийн боловсрол, эрүүл мэндэд зарцуулах боломжийг олгодог байна.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа санал солилцсон олон асуудлаас “Материнский капитал” буюу “эхийн дэмжлэг” хөтөлбөрийн талаар онцгойлон сонирхож, санал солилцоод иржээ.
Дашрамд дуулгахад Г.Н.Карелова УИХ-ын гишүүн С.Одонтуяаг 2015 онд Санкт-Петербург хотноо зохиогдсон Евро-Азийн Эмэгтэйчүүдийн анхдугаар олон улсын чуулга уулзалтад оролцсонд талархал илэрхийлж, Уфа хотноо болох ээлжит форумд оролцохыг урьсан байна.
Сэтгэгдэл байхгүй байна