Авто зам засвар, тохижилтын ажил эхлээд удаагүй байгаа билээ. Дээрх ажлын явц ахицтай байгаа ба шинээр засварлах автозамын тооч цөөнгүй байгаа юм.
Үүний жишээ бол Сонгино хайрхан дүүргийн нутаг дэвсгэрийн захын хорооллын хэсэг авто замын засварын ажил юм.
Тус дүүргийн Орбитын уулзвараас-Толгойтын эцэс-Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3,6 км авто замын өргөтгөл шинэчлэлт, 36.75 урт метр, 48.75 урт метр төмөрбетон гүүрийн барилга угсралтын ажил эхэлсэн байна.
Дээрх ажлыг улсын төсвийн хөрөнгөөр Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд барих бөгөөд 230 айлд газраа чөлөөлөх мэдэгдэх хуудас хүргүүлжээ.
Дээрх замыг 30 гаруй жилийн дараа өргөтгөн шинэлчилж байгаа бөгөөд өнөөг хүртэл их засвар хийж байгаагүй аж. Энэхүү замыг дөрвөн эгнээ, зорчих хэсгийн өргөнг 14 метр болгож, 2 талдаа 2,85 метр явган хүний зам, борооны ус зайлуулах шугам, гэрэлтүүлэгтэй болгох төлөвлөгөөтэй байгаа юм байна.
Гүйцэтгэгчээр “Тотал инж” ХХК ажиллаж байгаа ба замын нэгдүгээр хэсэг буюу Үйлдвэрчлэлийн эвлэлийн гудамжнаас-Толгойтын эцэс хүртэлх замыг долдугаар сарын 05-нд, харин хоёрдугаар хэсэг буюу Толгойтын эцсээс-Орбитын уулзвар хүртэлх замыг аравдугаар сарын 30 гэхэд шинэчлэн дуусгаж, 2016 оны 12 сарын 01-нд бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөөд буй аж.
Сэтгэгдэл байхгүй байна