• Эхлэл
  • Иргэд ”УС БИШ УГААДАС” ууж байна

Иргэд ”УС БИШ УГААДАС” ууж байна

2016/06/09

Нийслэлчүүд үндсэндээ гамшгийн хэмжээний бохирдол дунд амьдарч байна гэж хэлж болох.  

Өвөл нь утаа, зун нь хөрсний бохирдолд "дарлуулж" байгаа гамшиг дээр нэмэгдээд ундны бүү хэл ахуйн хэрэглээний ус ч бохирдож, хэрэглэх аргагүй болоод байгааг иргэд төдийгүй мэргжлийнхэн ч хэлж буй.

Үүний дээр Хан-Уул дүүрэг, Яармаг, Туул, Биокомбинатынхан цэвэрлэх байгууламжийн "анхилам" үнэрт нэрвэгддэг.

Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн орчим буюу Яармаг, Толгойт, Хан-Уул дүүргийн орчим буюу Биокомбинат гэх зэрэг газрууд хамар сэтлэм өмхий үнэртэж, Туул гол ногооноороо эргэлдэх болсныг хэн хүнгүй мэдэж байгаа.

Цэвэрлэх байгууламж, арьс ширний үйлдвэр бохироо Туул голд цутгасанаас "амь тасрахад" ч ойрхон байхад өнөөдрийг хүртэл хариуцах, хайхрах эзэнгүй байсаар.

Иргэд энэ талаар удаа дараа холбогдох байгууллагуудад хандсан ч ямар ч арга хэмжээ авч өгөөгүй гэж гомдоллож байлаа.

Тэгвэл энэ жилээс Төв цэвэрлэх байгууламжийн засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд хуримтлагдсан лагийн үнэрийг саармагжуулах, хүнд металгүй болгох, халдваргүйжүүлэх, цэвэрлэгээний төвшинг сайжруулах, Төв цэвэрлэх байгууламжийн тодорхой хэсгүүдэд засвар шинэчлэлт хийх, Туул гол хүртэлх усны гольдрол дагуух далан сувгийг шинэчлэх, шинээр барих, нуур цөөрмийн бохирдлыг арилгах зэрэг ажлуудыг хийж эхэлж байгаа аж.

Засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд хуучирч муудсан бетон хийц, тусгай зориулалтын машин механизм, цахилгаан, механик хаалт арматур, шугам хоолойг засварлах юм байна. 

Олон жил хуримтлагдсан лагийг био идэвхжүүлэгчийг /Гумит, ЕАП, Сифблок, Флокулянт/ ашиглан боловсруулж байна. Харин шинээр гарч байгаа лагийг электролиз, хэт авианы төхөөрөмжүүдийг ашиглан хоргүй, үнэргүй, халдваргүй, хүнд металгүй болгох юм байна.

ТЭЦ-ийн орчим хиймлээр үүссэн цөөрөм, бусад бохирдлын эх үүсвэрүүдийг АНУ-ын технологийг ашиглан цэвэрлэж байна.

Харин  Туул гол хүртэлх далан сувгийг шинэчлэх, шинээр хийх, хуримтлагдсан лагийг цэвэрлэх  ажлуудыг үе шаттайгаар хийж хэрэгжүүлнэ.

Төв цэвэрлэх байгууламжийн засвар шинэчлэлтийн ажил 9 дүгээр сард дуусна хэмээн төлөвлөөд байгаа аж.

Хан-Уул дүүргийнн нутаг дэвсгэр Био комбинат орчим иргэдийн амьдрах нөхцөл улам хүнд байгааг иргэд хэллээ. Био комбинат нь бохироо Туул гол руу шууд цутгадаг байна.

Туул голын орчим аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулахыг хязгаарласан холбогдох хууль журам байдаг.

Гэтэл өнөөдрийн байдаар хязгаарласан газруудад 40 гаруй ААН үйл ажиллагаа явуулдаг.

Эдгээр ААН-үүдээс шалтгаалж иргэдийн гол хэрэглээ болох Хатан Туулын ус бохирдож өмхий үнэртэж цэвэр усгүй болох дээрээ тулаад байна.

Хамгийн энгийн жишээ гэхэд арьс ширний үйлдвэрүүд Туул голыг их хэмжээгээр бохирдуулж байгаа ба барилгын компаниуд элс хайргаа голын усны ёроолоос шууд авах эсхүл голтой ойр тусгай хамгаалалтын газар ухаж усны урсацыг таслахад хүргээд байгаа юм.

Ингээд зогсохгүй барилгын салбарынхан хог хаягдлаа голын эрэгт ойр, бүр гол дотор ч хаясан байх тохиолдол их гарах болжээ.

Иргэд энэ тухай

Энэ бохирын хоолой гол руу чиглэн явсаар Туул гол руу бохироо цутгаж байна. Зун болохоор гол орчмоос өмхий үнэртэж байгаа. Гол тунгалаг биш ногоон өнгөтэй болсон. Бохирыг Туул гол руу цутгамааргүй байна.

- Бөхөгийн гол гэж байхгүй болсон. Барилгынхан хог хаягдлаа авчирч хаяж байна. Бөхөгийн голын хажууд нүх ухаад гол руу сэтэлчихсэн. Дээрээс нь бороо орхоор хуучин гол байсан учир урсаад ухсан нүх рүү нь ордог. Түүгээр нь хайрга угааж, угаасан хайрга гэж зарж байгаа юм. Эдгээр карьерийн нууц эзэд нь УИХ-ын гишүүн олны танил хөрөнгөтөнгүүд байдаг.

- Хан-Уул дүүргийн иргэд УС БИШ УГААДАС ууж амьдарч байхад анхаарал хандуулж байгаа хүн алга. Агаар нь өмхий, ус нь өмхий. Ийм байдалд хүн эрүүл амьдарна гэдэг юу л болно. Үүнээс болж эхнээсээ өвдөж байна. Хүүхдүүдийн биеэр тууралт гарах болсон.

Энэ мэтчилэн сөрөг үзэгдэл бий болсон тухай иргэд хэлж байна. Цаашид энэ байдлаар үргэлжилсээр байвал усгүй болох ч аюул бий бөгөөд иргэдийн өвчлөлт ихэссэх хандлагатай байгаа аж.

Ч.Гэрэл 

 

 

 

 


Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    арайч байна даа нөгөө хяналт шалгалт хайчив даа.
    2016 оны 06 сарын 10
  • Зочин
    ЗӨВ ШҮҮ
    2016 оны 06 сарын 09