“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн төв хэсгийн 8.4 га талбайд “Ботаникийн бичил цэцэрлэг байгуулах” төслийн нээлт тавдугаар сард болсон.
Одоогоор ойжуулах, цэцэрлэгжүүлэх ажил өрнөж байгаа бөгөөд энэ оны долдугаар сард эхний ээлжинд ашиглалтад орох төслийн хүрээнд усан сан, явган хүний зам болон дугуйн зам, машины зогсоол байгуулж, бусад тохижилтыг иж бүрэн шийдэх юм.
Төслийн явц төлөвлөсний дагуу явагдаж байна. Долдугаар сарын 15-16-нд Улаанбаатар хотноо болох АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд манай улсад айлчлах гадаадын зочид, төлөөлөгчдийг тус бичил цэцэрлэгт урьж, мод тариулахаар төлөвлөж байна.
Уг төсөл “Ази Номхон далайн ойн тогтвортой менежмент ба нөхөн сэргээлтийн сүлжээ” олон улсын ТББ-ын 1.5 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байна. Ботаникийн бичил цэцэрлэг байгуулах ажил наймдугаар сарын сүүлч, есдүгээр сарын эхээр бүрэн дуусна гэж төслийн багийнхан мэдээлсэн юм.
Ийнхүү бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулснаар Улаанбаатар хотын иргэдийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх газар нэгээр нэмэгдэнэ. Мөн 2020 он гэхэд Азийн бүс нутгийн ойгоор бүрхэгдсэн талбайг 20 сая га-д хүргэх хөрөнгө оруулагч талын зорилтын нэгээхэн биелэлт болно.
Сэтгэгдэл байхгүй байна