• Эхлэл
  • НӨАТ-ын сугалааны тохирол ням гаригт болно

НӨАТ-ын сугалааны тохирол ням гаригт болно

2016/06/17

Энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс НӨАТ-ын тухай хууль шинэчилсэн найруулгаар хэрэгжиж эхэлсэн бөгөөд үүнтэй холбоотойгоор НӨАТ-ын хоёр хувийн урамшуулал авах эрхтэй, сугалаатай баримтыг үйлчилгээний байгууллагууд хэвлэдэг болсон.

Харин иргэд худалдан авсан бүтээгдэхүүн бүрийнхээ баримтыг ebarimt.mn сайтад бүртгүүлж хэвшээд байна. Ингэснээр 2016 оны эцэст нэг удаа нийт худалдан авалтынхаа үнийн дүнгийн хоёр хувийг эргүүлэн авахаас гадна сар тутамд сугалаанд оролцож, азтан болох боломжтой.

Уг сугалааны ээлжит тохирол энэ сарын 19-нд буюу ирэх ням гарагт 19:30 цагаас МҮОНТ шууд дамжуулах гэж байна.

Сугалаа явуулах журмын дагуу сугалаанд оролцогч нь дараах нөхцөлийг хангасан байна 

ebarimt.mn цахим хуудсанд өөрийн овог, нэр,регистрийн дугаар, цахим шуудангийн хаяг, холбоо барих утасны дугаар болон Монгол Улсад бүртгэлтэй банкны нэр, дансны дугаарыг бүртгүүлсэн байх;

Борлуулагчаас бараа, ажил, үйлчилгээ худалдан авсан байх:

Худалдан авалтыг нотлох нэгдсэн системээс үүсгэсэн сугалааны дугаарын мэдээлэл агуулсан төлбөрийн баримт буюу сугалааны тасалбар авсан байх:

Сугалааны тасалбарыг хэрэглэгчийн хэсгийн бүртгэлд худалдан авалт хийгдсэн өдрөөс хойш 15 (арван тав) хоногийн дотор бүртгүүлсэн байх шаардлагатай болно.

Сугалааны тасалбар дараах шаардлагыг хангасан байна.

Нэгдсэн системээс үүсгэсэн сугалааны дугаарын мэдээллийг агуулсан байх буюу сугалааны дугаартай байх

Тухайн төлбөр тооцоо хийгдсэнийг нотлох он, сар, өдөр, дахин давтагдашгүй төлбөрийн дугаар бүхий нэгдсэн системээр баталгаажсан, албан татвар суутган төлөгч буюу худалдаа эрхлэгчийг таних тэмдэг бүхий нэр, хаяг, татвар төлөгчийн дугаар, худалдаа хийгдсэн бараа, ажил, үйлчилгээний нэр, код, тоо хэмжээ, үнэ, төлбөр тооцооны болон татварын дүн зэрэг мэдээллийг агуулсан байх

Нэгдсэн системээс олгосон шифрлэсэн нууцлалын QRкодтой байх

Сугалааны хонжвор таарч урамшуулал авах эрхтэй сугалаанд оролцогч нь тохирол явагдсанаас хойш 90 хоногийн хугацаанд урамшууллаа авах эрхтэй бөгөөд уг хугацаа өнгөрсөн бол тухайн этгээдийг сугалааны урамшууллаас татгалзсанд тооцно.


Сэтгэгдэл байхгүй байна