Ази, Европын дээд төвшний 11 дүгээр уулзалтыг зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний зөвлөлийн 30 дугаар хуралдаан баасан гаригт болж/ 2016.06.17/, дээд төвшний уулзалтыг шууд дамжуулах телевизүүдийн талаар болон бусад асуудал хэлэлцлээ.
АСЕМ-ын дээд төвшний уулзалтыг Европын өргөн нэвтрүүлгийн холбоо /EBU/ болон Монголын телевизүүдийн холбооны 9 телевиз шууд дамжуулан олон нийтэд хүргэх юм.
Шууд нэвтрүүлэг, сурвалжлагыг АСЕМ-ын арга хэмжээ зохион байгуулагдах “Шангри-Ла” зочид буудал, “Чингис хаан” олон улсын нисэх буудал, “Чингисийн хүрээ” цогцолбор, “АСЕМ вилла” хотхон дахь цэгүүдээс хийх аж.
Хурлыг сурвалжлах дотоодын сэтгүүлчдийг сэтгүүл зүйн мэргэжлийн холбоодоор нь дамжуулан, зөвшөөрөгдсөн квотын дагуу нэр авч бүртгэхээр ажиллаж байна.
Мөн “Шангри-Ла” зочид буудлын орчимд хоёр талын уулзалтууд болох “Гэр хотхон”-ны бүтээн байгуулалт, “Нүүдэлчдийн наадам” зохион байгуулах “Чингисийн хүрээ” цогцолборын засвар тохижилтын явцыг хэлэлцэж, эдгээр ажлыг шуурхайлж, төлөвлөсөн хугацаанд багтаан чанартай гүйцэтгэхийг Ерөнхий сайд, АСЕМ-ын дээд төвшний 11 дүгээр уулзалтыг зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний зөвлөлийн дарга Ч.Сайханбилэг холбогдох хүмүүст үүрэг болгов.
Сэтгэгдэл байхгүй байна