• Эхлэл
  • Монгол Улсын Хөгжлийн банкны мэдэгдэл

Монгол Улсын Хөгжлийн банкны мэдэгдэл

2016/06/20

2016 оны дугаар сарын 16-ны өдрийн 20:00 цагт Ийгл Телевизийн эфирээр “Ардын баримт” нэртэй МАН-ын сонгуулийн төв штабаас бэлтгэсэн захиалгат нэвтрүүлэг цацагдсан бөгөөд уг нэвтрүүлэгт Монгол Улсын Хөгжлийн банкнаас албан ёсоор дараах мэдэгдлийг хийж байна.
“Ардын баримт” захиалгат нэвтрүүлэгт “Монгол Улсын Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат:Чингис бондын өрийг авсан хүмүүс эргэн төлөх сонирхолгүй байгааг зарлажээ” хэмээх ташаа мэдээллийг олон нийтэд мэдээлж байна.

Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 6.1.2 дугаар заалтад “Монгол Улсын Хөгжлийн банк нь “хараат бус” байдлаар үйл ажиллагаагаа явуулна гэж тодорхой заасан байдаг тул аливаа улс төрийн хүчин өөрийн сонгуулийн сурталчилгааны ажилдаа Монгол Улсын Хөгжлийн банкны нэр төрийг ашиглахгүй байхыг ийнхүү хариуцлагатайгаар мэдэгдэж байна.  

Түүнчлэн 2011 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Монгол Улсын Хөгжлийн банк албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд Монгол Улсын эдийн засгийн өсөлт, банк, санхүүгийн тогтвортой байдлыг хангах, эдийн засаг, нийгмийн хөгжлийг эрчимжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг бий болгох, хөгжлийн тэргүүлэх болон стратегийн ач холбогдол бүхий салбарыг Монгол Улсын хөгжлийн бодлогод нийцүүлэн хөгжүүлэх, нэмүү өртөг шингээсэн экспортыг дэмжих болон эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилгоор эдийн засгийн голлох салбаруудын 1700  орчим төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэн улс эх орныхоо эдийн засагт өөрийн хувь нэмрээ оруулан амжилттай ажиллаж байна. Улмаар засгийн газрын үнэт цаасыг арилжаалан бүрдүүлсэн хөрөнгийн эх үүсвэрээр санхүүжсэн төсөл хөтөлбөрүүд маань амжилттай хэрэгжиж эргэн төлөлтөө зохих хуваарийн дагуу төлж байгаа болно.

Монгол Улсын Хөгжлийн банкны хуульд мэдээллийн ил тод байдлыг ханган ажиллах үүрэгтэй гэж заасан байдаг ба дээрх заалтын хэрэгжилтийг ханган ажиллах зорилгоор өөрийн албан ёсны цахим хуудас болон өдөр тутмын сонин, мэдээллийн цахим хуудсуудаар бондын зарцуулалтын мэдээ, мэдээлэл, тайлангаа олон нийтэд ил тод байдлаар мэдээлсээр ирсэн болно.  

2015 оны 1 дүгээр сараас Шилэн дансны хууль хэрэгжиж эхэлснээр Монгол Улсын Хөгжлийн банк нь өөрийн шилэн дансны хуудсаараа дамжуулан бондын зарцуулалтын тайланг улирал бүр шинэчлэн олон нийтэд нээлттэй байдлаар мэдээлж байна.

  Мөн хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд нь аливаа асуудалд ул суурьтай, нухацтай хандаж, олон нийтэд үнэн зөв бөгөөд бодит мэдээлэл хүргэх эрх, үүргийнхээ хүрээнд үнэн зөв мэдээллийг түгээн ажиллана гэдэгт бид итгэж байна.  


Сэтгэгдэл байхгүй байна