Хэвлэлийн Хүрээлэнгээс Монголын хэвлэл мэдээллийн салбарын статистик мэдээлэл бүхий ”Монголын хэвлэл мэдээлэл - Өнөөдөр” тайлан эмхэтгэлийг 17 дахь жилдээ хэвлэн нийтэлж, салбарын хөгжлийн чиг хандлагын талаар мэдээлэл хийлээ.
Судалгааны мэдээллээс харахад 2012 оноос эхлэн хэвлэл мэдээллийн байгууллагуудын тоо жил бүр буурч, 2016 оны эхний байдлаар 387 уламжлалт мэдээллийн хэрэгсэл үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байна.
Энэ нь сүүлийн таван жилийн хугацаанд уламжлалт мэдээллийн хэрэгсэл 200 орчмоор багассан үзүүлэлт юм.
Хэвлэмэл сонины борлуулалтын тоо дөрвөн жилийн өмнөхөөс 30 гаруй хувиар, радиогийн долоо хоногийн нэвтрүүлгийн нийт цаг гурван цагаар буурсан бол телевизийнх нэмэгджээ.
Харин цахим сайтуудын тоо жил бүр нэмэгдэж, 2016 оны эхний байдлаар 100 гаруй мэдээллийн сайт тогтмол ажиллаж байв.
Уламжлалт мэдээллийн хэрэгсэл цахим хэрэгслээс дамжуулан агуулгаа цацах, сурталчлах, захиалга авах зэрэг боломжийг өргөнөөр ашиглаж эхлээд байна. Сонин, сэтгүүл, телевизийн тал орчим хувь нь өөрийн вебсайттай, эс бөгөөс нийгмийн мэдээллийн сүлжээгээр агуулгаа цацаж, сурталчилж буй бол радиогийн салбар, нэн ялангуяа FM радио энэ тал дээр бага зэрэг хоцрогдож байна.
Хэвлэл мэдээллийн салбарт 4400 орчим хүн ажиллаж буйн тал нь сэтгүүлч, редактор байна. Нийт ажиллагсдын 53 хувь нь телевизийн салбарт ажиллаж байна. Орон нутагт радио, телевизийн тоо буурч, сонины тоо тогтвортой байв. Нийт сонины борлуулалтад орон нутгийн сонины эзлэх хувь 5,2 хувьд хүрсэн нь сүүлийн арван жилд гарсан хамгийн өндөр үзүүлэлт боллоо.
“Монголын хэвлэл мэдээлэл – Өнөөдөр” мониторингийн судалгааг сүүлийн 17 жилийн турш тогтмол хэрэгжүүлснээр 1999 оноос хойшхи хэвлэл мэдээллийн салбарын өөрчлөлт, хөгжлийг баримтжуулж, чиг хандлагыг тодорхойлж иржээ.
2015 онд хэвлэл мэдээллийн салбарт гарсан өөрчлөлтүүд болон хэрэглэгчдийн судалгааны үр дүнгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг “Монголын хэвлэл мэдээлэл - Өнөөдөр” номоос авч болох юм байна.
Эх сурвалж-Gogo.mn
Сэтгэгдэл байхгүй байна