Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ханш сүүлийн өдрүүдэд тогтвортой байна. Хүнсний ногоо болон мах, гурилан бүтээгдхүүний үнэ ханшид бага зэргийн өөрчлөлт орсон байна. Ингээд 2016 оны 6-р сарын 3-р долоо хоногийн хүнсний бүтээгдэхүүний үнэ ханшийг мэдээг танилцуулъя.
Махны дундаж үнэ: хонины ястай нэг килограмм мах дунджаар 6560 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7660 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 7.5 хувиар буюу 625 төгрөгөөр, үхрийн цул махны үнэ 4.9 хувиар буюу 480 төгрөгөөр буурсан байна.
Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Баянзүрх” хүнсний захад хамгийн хямд буюу 7200 төгрөг, харин “Таван-Эрдэнэ” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 8800 төгрөг байна.
Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.8 хувиар буюу 55 төгрөг, хонины цул мах 0.6 хувиар буюу 50 төгрөгөөр тус тус буурсан байлаа. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хар хорин” хүнсний захад хамгийн хямд буюу 6300 төгрөгөөр, харин “Меркури”, “Таван-Эрдэнэ” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 7800 төгрөгөөр худалдаалж байна.
Гурилын үнэ: Нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1200-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1300 төгрөг, 2-р зэргийнх 780-1000 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1150-аас 1300 төгрөгийн үнэ ханштай байна.
Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1200 төгрөг, 1-р зэргийн гурил 1000 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1100-1210 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр”, “Таван-Эрдэнэ”, “Оргил”, “Хархорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1100 төгрөгөөр, харин “Сансар” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1210 төгрөгөөр худалдаалж байна.
Төмс, хүнсний ногоо: Үнэ ханшийг өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 5.0 хувиар буюу 55 төгрөг, лууван 46.3 хувиар буюу 940 төгрөг, байцаа 22.8 хувиар буюу 415 төгрөг, манжин 40.4 хувиар буюу 915 төгрөг, хятад сонгино 2.3 хувиар буюу 30 төгрөгөөр тус тус өсчээ.
Сэтгэгдэл байхгүй байна