• Эхлэл
  • “Ази, Европын түмний 11 дүгээр чуулган”-ы тунхаг бичиг гарчээ

“Ази, Европын түмний 11 дүгээр чуулган”-ы тунхаг бичиг гарчээ

2016/07/07

АСЕМ-ын дагалдах хурал болох Ази, Европын түмний 11 дүгээр чуулганыг энэ сарын 4-6-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулжээ. Уг чуулганаар үндсэн долоон асуудал хэлэлцсэн бөгөөд олон улсын зохион байгуулах хороо /IOC/ болон үндэсний зохион байгуулах хороо /NOC/ хамтран гарсан дүгнэлтийг нэгтгэн тунхаг бичиг болгон АСЕМ-д өргөн барихаар болсон байна.

Энэ талаар өнөөдөр /2016.07.07/ Ази, Европын түмний 11 дүгээр чуулганыг зохион байгуулагч нарын зүгээс мэдээлэл хийлээ.

Уг чуулганд иргэний нийгэм болон иргэдийг төлөөлж 42 орны 750 гаруй төлөөлөгч нар оролцсон байна. Үүнээс 210 гадаад орны, орон нутгаас 220 гаруй иргэний нийгмийн төлөөлөл оролцсон, энэ жилийн чуулган өргөн цар хүрээг хамарсан, ач холбогдолтой хурал болж өнгөрсөн тухай зохион байгуулагч нар онцолж байв.

Ази, Европын түмний 11 дүгээр чуулганы үндэсний зохион байгуулах хорооны дарга Л.Төр-Од “Шударга, тэгш, хүртээмжтэй хөгжлийн арга замыг Ази, Европт хэрэгжүүлэн, эв санааны шинэ нэгдлийг байгуулах  нь” сэдвийн хүрээнд долоон асуудлыг тал бүрийн дэмжлэгтэйгээр хэлэлцсэн. Энэ хэлэлцсэн асуудлаараа “Улаанбаатарын тунхаг бичиг”, “Улаанбаатарын үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг гаргаж байгаа” гэв.

Харин олон улсын зохион байгуулах хорооны гишүүд “Нийгмийн бүхий л төлөөллийг оролцуулахыг хичээсэн. Энэ жилийн чуулга уулзалт өмнөх 10 уулзалтаас хамгийн сайн зохион байгуулалттай, өндөр ач холбогдолтой хурал боллоо. Энэ чуулганаар хоёр жилд ганц удаа уулзаад зогсохгүй Ази, Европ тивийн хооронд тогтвортой харилцааг үүсгэдэг гүүр гэж хэлж болно.  Монголын талаас маш найрсаг хүлээн авч, хамтарч ажилласанд баяртай байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Энэхүү “Ази, Европын түмний 11 дүгээр чуулган”-ыг анх 1996 Тайландын Бангконг хотноо зохион байгуулж байжээ.


Сэтгэгдэл байхгүй байна