Амралт, баяр ёслолын үеэр дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй учир баяр наадмын өдрүүд бүх автомашин чөлөөтэй зорчиж болно гэж Замын цагдаагийн газраас өчигдөр мэдээллээ. Гэхдээ Үндэсний их баяр наадмын өглөө Төрийн есөн хөлт цагаан тугийг Төрийн ордноос Төв цэнгэлдэх хүрээлэн рүү залах үеэр Замын цагдаагийн газрын уулзвараас “Home плаза” хүртэлх замыг нэг чигийн хөдөлгөөнд оруулах аж. Тугийг долдугаар сарын 11-ны өдрийн 09.30-11.00 цагийн хооронд зална. Мөн буцаан залах буюу долдугаар сарын 12-ны өдрийн 21.50 цагт Төрийн ордны зүүн зам, Олимпийн гудамж, Махатма Гандийн гудамж зэрэг замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлах юм.
Харин энэ сарын 12-ны өдрийн 07.00-09.00 цагт соёолон насны хурдан морины уралдааны үеэр Архангай руу салдаг уулзвараас Хүй долоо худаг хүртэлх замыг зүүнээс баруун тийш, баруунаас зүүн чиглэлд нэг чигийн урсгалд оруулах юм байна. Хурдан морины уралдааны үеэр автомашины хөдөлгөөн ерөнхийдөө нэг чиглэлтэй байдаг учраас ийм зохицуулалт хийдэг юм.
Наадмын хоёр өдөр буюу долдугаар сарын 11,12-ны өдөр замын хөдөлгөөнд оролцох автомашинд дугаарын хязгаарлалт хийхгүй. Харин АСЕМ-ын уулзалт эхлэх долдугаар сарын 13-ны өдрөөс тээврийн хэрэгслийг дугаараар нь хязгаарлана. Гэхдээ энэ хязгаарлалтыг тэгш, сондгойгоор ялгах уу, эсвэл дугаарын сүүлийн цифрээр ялгах уу гэдгээ ЗЦГ хараахан шийдээгүй байгаа гэлээ. Наадмын “Дүнжингарав”, “Мишээл экспо” худалдааны төвийн зосоолуудад машинаа үнэ төлбөргүй тавьж болохыг ЗЦГ-аас мэдээллээ.
Сэтгэгдэл байхгүй байна