20 хоногийн дараа 90 жилийн түүхт ойтойгоо золгох Төв аймаг дахь шүүхэд их ажил оволзож байна. Үүдээр нь иргэдийн хөл үл тасрах 2 давхар шүүхийн байранд хөл тавимагц будгийн хурц үнэр ханхийж, өнгөө засч буй өргөтгөлийн ажил дунд шүүгч, ажилтнууд яарангуй зөрөлдөнө. Толгой өндийх завгүй, тасралтгүй үргэлжлэх шүүхийн үйлчилгээг тус шүүх 27 сумдыг харьяалан хүргэдэгээрээ ачаалал ч чамгүй. Мөнгөн морьт, Мааньт, Авдрантын хорих ангиуд, ШШГЕГ-ын харьяа Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх газар байрладгаараа онцлогтой Төв аймагт Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Иргэний хэргийн анхан шатны шүүх,Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх ажиллаж байна.
Оны өмнөхөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, профессор Н.Лүндэндорж тус аймгийн иргэдтэй уулзалт хийж, шүүхийн талаарх санал сэтгэгдлийг нь сонсч, шинэтгэлийн үйл явцыг дэлгэрэнгүй тайлбарлан таниулсан билээ. Хоттой ойр, мэдээлэл сайтай иргэд нь шүүгч, шүүхийнхээ талаар ам сайтай байсан тул энэ удаад шүүхийн "хөшигний ард” ажиллав. Шүүн таслах ажиллагааг явуулахаас бусад үед тэр бүр олны өмнө гараад байдаггүй шүүгчдийн дуу хоолойг сонсохоор Тамгын газрын дарга Н.Чулуунжавтай уулзлаа.
50 хүрэхгүй орон тоотой, 100 шахам жилийн түүхтэй тус шүүхийн хамт олон ойн баярынхаа ажлуудаас хамгийн чухлыг нь иргэдэд чиглэсэн ажил гэж нэрлэж байна. Германы мэргэшсэн экспертүүд Монголын шүүхийг цогцоор нь судлаад, үйлчилгээний байгууллага гэж дүгнэсний нотолгоо эндээс эхэлж болох. Мөн тус судалгаанд " Шүүгчдийн ажлын нөхцөл байдал, өөртөө итгэх итгэлд шүүмжлэх зүйл алга” хэмээснийг Төв аймаг дахь шүүхийн шүүгчдийн сэтгэгдлээс тандсанаа хүргэж байна.
Тамгын газрын дарга Н.Чулуунжав: Шүүхэд сэтгэлтэй хүн ажилладаг
1926 оны 05 дугаар сард Богдхан Уул аймгийн шүүх нэртэйгээр Лүн суманд шүүхийн дарга, шүүгч, байцаагч, зарлага гэсэн 4 орон тоотойгоор байгуулагдаж байсан манай шүүх өнөөдөр 17 шүүгч, 31 шүүхийн захиргааны ажилтантай ажиллаж байна. Эрүү, иргэн, захиргааны хэргийн анхан шатны дагнасан шүүхүүд ажиллаж байгаагийн зэрэгцээ 2016 оны 06 дугаар сарын 01-нээс Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шинээр зохион байгуулагдсан. Төв аймаг дахь шүүхийн Тамгын газар 4 шүүхийн захиргааны арын албыг хариуцаж ажилладаг. Энэ оны эхний хагас жилийн шүүн таслах ажлын хувьд өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад хэргийн ачаалал 2 дахин өссөн нь олон сумд харьяалдаг, ачаалал өндөртэйг нотолно. Хянан магадлангаар 105 ялтныг хугацаанаас өмнө тэнсэж, албадан эмчилгээнээс 210 хүнийг шүүгчийн захирамжаар сулласан. Өдөртөө иргэний хэргийн 6-7, эрүүгийн 9-10 шүүх хуралдаан товлогдон хийгдэж байна. Давж заалдах шатны шүүх ирснээсээ хойш сарын дотор хориод хэрэг шийдлээ.
- Шүүхийн захиргаа, шүүн таслах ажиллагааг тусад нь салгасан шинэтгэлийн бодлогын талаар та юу хэлэх вэ?
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан шүүхийн шинэтгэлийн үр дүнг сүүлийн 3 жил шүүх засаглал хүртэж байна. Шинэчлэл цаг үеэ олсон, хэрэгтэй байсан гэдэгтэй олонхи нь санал нийлэх байх. Яагаад хэрэгтэй болсон гэхээр иргэдийн шүүхэд итгэх итгэлд ахиц гарч байгаа явдал. Шүүх шүүгч рүү хандаж, харж байгаа олон нийтийн хандлага, үнэлэмжид эерэг өөрчлөлт гарлаа. Шүүх бол үйлчилгээний байгууллага гэсэн хандлагаар өнөөдөр бүх шүүх ажиллаж байгаа. Тэгвэл шүүхэд талархаж байгаагаа иргэд хэлдэг болсон байна. Шүүхийн шинэтгэлийн хамгийн гол үр дүн бол иргэдэд ойр, тэдний эрхийг хамгаалсан хүртээмжтэй шүүхийн үйлчилгээ. Алслагдмал нутгийн иргэд хол зам туулж шүүхэд ирж чадахгүй бол цахимаар шүүх хуралдаанд оролцуулж, зардал, цаг хэмнэж байна. Заавал шүүхээр заргалдахгүйгээр иргэд эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд хандсанаар шүүхийн ачаалал буурч байна.
- Шүүхийн байранд өргөтгөл хийжээ.Шүүхийг хэвийн ажиллуулахад гачигдал, дутагдал нь юунд байна вэ?
- Шүүхийн ерөнхий зөвлөлөөс манай шүүхийн байрны өргөтгөлд төсөв гаргаж өгснөөр одоо ашиглалтанд орох гэж байна. Хуучин шүүхийн байр маань зориулалтынх байгаагүй. Эдийн засгийн хямралтай энэ үед шүүхийн байрны өрөө тасалгаа бол хангалттай. Шалтаг гачигдал тоочих зүйл одоогоор байхгүй.
- Шүүхийн төсөв, шүүгчийн цалингийн тухайд та өмнө нь хэвлэлд ярьж байсан байх аа?
-Би өөрийнхөө шүүгч хийж байсан үеийг одоогийнхтой харьцуулж эргэцүүлдэг. Өнөөдрийн шүүхийн шинэтгэл шүүгчийн эдийн засгийн баталгааг хангаж өгсөн нь цаашид хумигдаж танагдалгүй хуулийн дагуу яваасай гэж хүсч байна. Өнгөрсөн жилийн шүүхийн төсөв дээр шүүгчдийн цалингийн асуудал эсэргүүцэлтэй тулсан. Шүүхийн захиргаа ямар хэмжээнд энэ асуудлын ард гарсан нь шинэтгэлийг гардаж байгаа хүмүүсийн хүч хөдөлмөр. Манай шүүгчид энэ хэмжээнд өндөр хариуцлага дааж ажиллахаа ухамсарладаг гэдэгт би эргэлздэггүй. Шүүхийн захиргааны ажилтнуудын цалинг аажим анхаарах байх гэж бодож байна. Цалин бага байсан ч шүүхэд сэтгэлтэй хүн ажилладаг гэдгийг би онцлон хэлье. Манай шүүхийн ажилтнууд лав цалин хөлсөө голж шилээд байдгийг би хувьдаа мэдэхгүй.
- Шүүх хуралдааныг нээлттэй шууд дамжуулах хүсэлт хэр ирдэг вэ?
-Манай шүүх хуралдааны танхимууд камераар иж бүрэн тоноглогдсон, бичлэг тогтмол хийгддэг.Хүссэн иргэн хүсэлтээ гаргаад бичлэгийг үзье, хуулбарлаж авья гэвэл бид шаардлагатай тохиолдолд өгдөг. Шүүх хуралдааныг шууд дамжуулья гэсэн хүсэлт манайд тэр бүр ирдэггүй. Шүүгч байсан хүний хувьд би шүүн таслах ажиллагааг олон нийтэд дэлгэж, телевизээр шууд дамжуулахыг зөв гэж үздэггүй. Энэ бол шүүх бүрэлдэхүүний бүрэн эрхийн асуудал. Учир нь бүх зүйл хуулийн дагуу явах ёстой.
- Шүүхийг бие даан ажиллуулахад шинээр эмхлэн байгуулагдаж байгаа төрийн бодлого, хандлага ямар байгаасай гэж та хүсч байна вэ?
- Монголын шүүх түүхэндээ чамлахааргүй хал дол үзсэн.Үүнийхээ төлөө шүүгчид хэзээ ч гомдоллож байгаагүй. Одоо бол шинэтгэлээр олдсон үр дүндээ бид маш хариуцлагатай ажиллах ёстой. Шүүхийн шинэтгэл бол зөвхөн нэг байгууллагын, Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажил биш. Бүх шатны шүүх, хуулийн салбарынхан, иргэд маань ч өөрсдөө идэвхтэй оролцож зүтгэж урагш ахиулах ёстой. Энэ бол нийгэмдээ гэрэл гэгээ түгээх маш том хувьсгал учраас шударга ёсны баталгаа болсон шүүхийг бие даан ажиллуулахад төр засаг бүлээн нүдээр харж, Үндсэн хуульд зааснаар шүүх үйл ажиллагаагаа явуулах эдийн засгийн баталгааг төр хангана гэдэгт эргэлзэхгүй байна. Өмнөх үр дүнгээс ухрахгүй байх нь хамгийн гол асуудал юм.
Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Болормаа: Шүүгчийн нэрийг өндөрт авч явах хариуцлага тулгарсан.
- Шүүхийн шинэтгэлийг иргэд олон нийт өөр өөрсдийн өнцгөөс харж байгаа байх. Миний хувьд Монгол Улсын шүүх гэсэн нэр хүндтэй их айлын эгнээнд багтаж, оногдсон ачааг үүрэлцэж яваа хүний хувьд шүүхийн шинэтгэлийг сайн талаас нь харж, мэдэрдэг. Намайг анх шүүгч болж байсан 1980-аад оны сүүл гэхэд нийгмийн тогтолцоо ямар байсан, одоо яаж өөрчлөгдсөн нь өдөр шөнө шиг эрс тэс ялгаатай. Тухайн үед хэсгийн ардын шүүгч гээд тогтоол гүйцэтгэгч, нарийн бичиг гэсэн туслахтайгаа 3,4 сум хариуцаад нүүдэллэн ажилладаг байсан. 1992 оны Үндсэн хууль батлагдсанаар шүүхийн бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөн, хууль эрх зүйн орчин болон шүүгчид тавигдаж байгаа болзол шаардлага хариуцлага өндөрссөн.Төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх ажлын стандарт, хэм хэмжээ, босго өөрчлөгдсөн. Энэ үеэс шүүхийн шинэчлэл үе шаттайгаар өнөөг хүрсэн, цаашдаа ч үргэлжилнэ гэж боддог. Шүүгчийн ажиллах орчин нөхцөлд ахиж гарч, хараат бус байдлыг нь хангаж, нийгмийн асуудлыг нь шийдэж, ялангуяа шүүхийг дагнаж мэргэшүүлэн ажиллуулж байгаа нь бидэнд төдийгүй иргэдэд мэдрэгдэж, тэдний итгэлийг дээшлүүлж байгаа тухай судалгааны үр дүн гарсан нь бидний ажлын үр дүн гэж бодож байна.
- "Нөлөөллийн мэдүүлэг” хөтөлснөөр шүүгчийн хараат бус байдалд ямар эерэг үр дүн хүрч, тусч байна вэ?
- Шүүгчид шаардлагатай тохиолдолд хуулийн дагуу хөтлөөд явж байгаа. Мэдээж, урьд өмнө нь нөлөөллийн мэдүүлэг хөтлөөгүйгээрээ шүүгч нөлөөнд автаж байсан гэж би хэлэхгүй. Хүндрэлтэй асуудал байсныг эрх зүйн хүрээнд зохицуулалт хийж өгснөөрөө ач холбогдолтой. "Нөлөөллийн мэдүүлэг” шүүгчид нөлөөлвөл хуулийн дагуу хариуцлага хүлээх юм байна гэж хүмүүст сэтгэл зүйн хувьд нэлээд өөрчлөлтийг авчирсан гэж боддог.
- Цахим шүүх хуралдаанд иргэд ямар сэтгэгдлээр хандаж байна вэ?
- Нэг үеэ бодвол хэрэгжээд иргэдэд хүртээл болж байна. Иргэдийн цаг зардлыг хэмнэсэн боловч нөгөө талаар нэг мөр хэрэгжихэд саад учирч байгаа юм уу, ойлголцлын хувьд бэрхшээлүүд бий. Алслагдмал нутгийн хэргийн оролцогчдод энэ нь хүртээмжит хэрэгцээтэй.
- Тахарын алба шүүхийн аюулгүй байдалд ямар нэмэр оруулж байна?
- 28 жилийн амьдралаа харахад би хөдөө орон нутгаар ямар ч цаг хугацаанд, таарсан унаагаараа хэргээ аваад эрсдэлтэй алхмуудыг давж туулаад өнөөдрийг хүрлээ.Хүндрэл мэдээж байсан. Одоо шүүх шинэчлэгдэж, цаг хугацаа өөр болж байна. Иргэдийн сэтгэл зүй ч өөрчлөгдөж, бидний ажиллах орчин нөхцөлд ахиц гарлаа. Шүүхийн шинэчлэлд би юугаар нэмэр болох вэ гэвэл хийж байгаа ажилдаа хариуцлагатай байж, гаргаж байгаа шийдвэр маань зөв мэргэн байх ёстой гэдэгт өөрийгөө боловсруулаад шүүгч гэдэг эрхэм нэрийг өндөрт авч явах хариуцлага бидэнд илүү тулгарсан.Олон зүйлд санаа зовж самгардах хэрэггүй болсон гэж бодож байна.
Шүүгч Д.Буянтогтох: Шүүгчийн ширээн дээр төрийн зүрх цохилдог
-Би Төв аймгийн шүүхэд 20 настайдаа ирж, 34 дэх жилдээ шүүгч хийж байна. Ажилдаа хайртай, хүндэтгэлтэй ханддаг учраас шүүхийнхээ 70 жилийн ойгоор "Шүүгчээ дуулья” дууны үгийг бичиж, 80 жилийн ойгоор дуулсан.Энэ жил 90 жилийн ойгоо тохиолдуулаад дуугаа дүрсжүүлсэн. Би хэдийгээр яруу найраг оролддог хүн биш ч гэсэн "Хар цагааны дэнс Хатуу зөөлнийг холбох шүтэлцээ Ард түмэн төр хоёрын өмч Алдаа зөрчил хоёрын эмч Ачит шүүгчээ дуулцгаая” гэж сэтгэлд буусан нь ажлаас маань үүдсэн мөртүүд. Шүүгч хүн бол төрийн хүн.Үр хүүхдүүд маань хүртэл хэлд орохдоо энэ чиний зөв, тэр чиний буруу гэдэг байсан. Шүүхийнхээ 35 жилийн түүхийг хамтдаа бичилцэж ажиллаж байгаадаа бахархдаг. Шүүхтэй миний ухамсарт амьдрал холбоотой учраас шүүхгүйгээр өөрийгөө төсөөлж үзээгүй. Хэдий амаргүй алба ч гэсэн би ажлаасаа хэзээ ч шантарч байсангүй. Хүн амины хэрэгт "Цаазаар авсугай” гэж шийдвэр уншиж байхад залуу цагт бол өвдөг чичирдэг байлаа. Шүүгч гэдэг бусдын л адил хүн учраас олон жил шүүгч хийхэд өр нимгэрнэ. Шүүгчийн ширээн дээр төрийн зүрх цохилдог гэж би боддог. Энэ утгаараа бурхнаас заяагдсан ажил мэргэжлээрээ бахархаж тэтгэвэртээ гартлаа хөдөлмөрлөнө. Төв аймаг дахь шүүхийн 90 жилийн ойг тохиолдуулан Монголын нийт шүүгчиддээ аз жаргал, ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе.
Шүүгч Э.Ариунаа: Шүүгчийн өвдөг ч чичирдэг
-Би 23 дахь жилдээ анхан шатны шүүхэд шүүгчээр ажиллаж байна. Шүүгч болохоосоо өмнө ачаалал ихтэй, гараа сарвайтал шийдвэр бичиж байгаа шүүгчдийг хараад прокурорын ажлаас хүнд гэдгийг нь мэдэрдэг байсан. Шүүгч болж байсан үеэ эргэн дурсахад анхны шийдвэрлэсэн хэрэг маань хулгайн хэрэг байсан. 27,28 нас хүрчихсэн, өмнө нь прокурор хийж байсан хирнээ анхны шүүх хуралдаанаа хийхэд өвдөг чичирч, сүрдэж байсан ч хэзээний шүүгч шиг гэх үнэлгээг прокурор, өмгөөлөгчдөөс сонсч байв. Шүүхэд айж сандарсан янз бүрийн хүмүүс ирдэг. Тэр бүрт хүмүүст тайван ярих, өөрийгөө илэрхийлэх боломж олгох хэрэгтэй. Ялангуяа гэр бүлийн маргаанд хүүхдийн санал асуух нь шүүгчид маш хүнд байдаг. Монголчуудын уужуу тайван сэтгэл алив зүйлийг цагийг нь тулгаж, аргагүйдсэн үедээ шүүхэд ханддаг. Гадаад явах гэж байна гэдэг ч юм уу, тэвдэж сандарсан байдалтай их тулгуу ирдэг нь тэр хэмжээгээр хариуцлага, шуурхай байдлыг шаарддаг. Анхан шатны шүүхэд хамгийн чадварлаг шүүгчид ажилладаг гэж Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж үнэлдэг нь бид бүхэнд урамтай, сайхан санагддаг. Шүүгчийн ажил мэргэжил эзнээсээ маш их чадвар мэдрэмж шаарддаг. Хамгийн наад зах нь шүүгч гээд хөмсгөө зангидаад байж болохгүй. Нэг талаар сэтгэл зүйч мэргэжил. 90 жилийн ойн түүхт баяр тохиож, шүүхийн шинэтгэл өрнөж байр, ахуй хангамж дээшилсэн, хараат бус байдал хангагдсан энэ сайхан үеийг үзэж байгаадаа баяртай байна. Шүүгч болж байгаа шинэ залууст төрийн энэ их хүндэтгэл, хайр халамжийг дааж ажиллаасай гэж бид захих ёстой. Нэг үхрийн эвэр дэлсвэл, мянган үхрийн эвэр дэлсэнэ гэгчээр хариуцлагаа цаг ямагт ухамсарлахгүй бол иргэд хэнд итгэх билээ. Ингээд нийт шүүгч, хуульчиддаа шүүхийнхаа 90 жилийн ойн баярын мэндийг хүргэж, сайн сайхныг хүсье.
Шүүгч С.Оролмаа: Шүүгчид өр нимгэн хүмүүс байдаг
-Би нэн тэргүүнд хүнд өвчнөө эмчлүүлэхэд минь намайг гэсэн халуун сэтгэлээр тусалсан шүүгчид, Шүүхийн ерөнхий зөвлөлд баярласнаа илэрхийлье. Өнөөдөр би шүүгчээр 20 жил ажилласан ахмад шүүгчийн тоонд орчихсон, шүүхийнхээ 90 жилийн ойг үзэх гээд эрүүл саруул сууж байгаадаа баяртай байна. Амьд явбал алтан аяганаас ус ууна гэдэг. Үүнийг маань үзүүлж байгаа түмэн олондоо баярлалаа. Хүн ажлаа хийхийн хажуугаар эрүүл мэндээ бас бодож байх ёстой. Шүүгчид гаднаасаа ширүүн дориун харагддаг боловч өр нимгэн хүмүүс байдаг. Би аливаа хэрэг маргааныг шийдвэрлэхдээ хүнээс эерэг талыг нь олж харахыг хичээдэг. Шүүгч хүн гэлтгүй ар гэр, үр хүүхэд нь ч арга буюу хаа ч явсан алхаа гишгээгээ хянадаг болчихдог нь ажил мэргэжлийн нөлөөлөл юм даа. Шүүхийнхээ хамт олонд аз жаргалтай, үргэлж инээмсэглэж, амьддаа бие биеэ хайрлаж байгаарай гэж захья.
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Мөнхтуяа: Бид алдах эрхгүй мэргэжлийн эзэд
-Би 1991 онд Төв аймгийн хэсгийн ардын нэгдүгээр шүүхэд шүүгчээр 30 настай орсон. Одоо шүүгчээр 25 жил ажиллаж байна. Шүүгчийн ажил мэргэжил бол нэр хүндтэй, өндөр ёс зүй, хариуцлагатай ажил. Шүүгч хүн Үндсэн хууль болон бусад хуулиар олгогдсон эрхээсээ хязгаарлагддаг. Бид төрийн хуулийг зөв хэрэглэхийн төлөө маш их хичээдэг, алдах эрхгүй мэргэжлийн эзэд. Би Төв аймгийн шүүхэд анх сайхан тохиолоор ажилд орсон. Ахмад шүүгч Түвшинжаргалтай хамтран ажиллаж байсан. Эхэн үедээ иргэний хэргүүдийг би шийдвэрлэж байсан. Тэр үед мэргэжлийн шүүх бүрэлдэхүүн шүүх хурлыг хийдэггүй байсан учраас бүхий л зүйлийг мэддэг чаддаг байх хариуцлага тулгардаг. Шүүхийн шинэтгэл арваад жилийн өмнөөс эхэлсэн гэж би боддог. Шүүгчийн хараат бус байдлыг хангаснаараа шүүгчдэд шинэчлэл маш сайн мэдрэгддэг. Цаашлаад шинэчлэлийн үр дүнг нэрлээд байвал олон талаар яригдана.Цалингаас өөр зүйлээр ямар ч орлого олох боломжгүй шүүгчдийн эдийн засгийн баталгааг хангаснаараа шүүгчид олон зүйлд санаа зовохоо больсон. Энэ цалин бидний амьдралд ач тустайгаар, ажилдаа хариуцлагатайгаар хандах нөхцлийг нээж өгсөн. Шинэчлэл шүүгчийн амьдрал ахуйд тусгалаа олсноор би төдийгүй бусад шүүгчид ч сэтгэл дүүрэн байгаа. Цаашдаа ч хуулиндаа шүүгчийн аюулгүй байдал, эдийн засгийн баталгааг дорвитой байдлаар баталгаажуулна гэж хүсч хүлээж, найдаж байна.
Төв аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Хажидмаа: Шүүхгүйгээр амьдралаа төсөөлдөггүй
-Төв аймгийн шүүхийн 90 жилийн ой мөдхөн тохиох гэж байна. 4 шүүх, Тамгын газар маань ойн баяраа тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсэг байгуулж, олон бүтээлч ажил төлөвлөн хэрэгжүүлээд байна.Хамгийн гол ажил маань иргэдэд хүрэх шүүхийн үйлчилгээний хүртээмж, ил тод, нээлттэй байдлыг хангах. Аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлтэй хамтарч "Иргэн ба эрх” гэсэн хууль сурталчилгааны төслийн ажлаар 27 сумддаа хүрч ажилласан. Миний хувьд 19 настайгаасаа Дархан-Уул аймгийн Шарын гол дахь шүүхэд орж ажилласнаас хойш 30 гаруй жил шүүхэд ажиллаж байна. Шүүхэд нарийн бичгийн дарга, тогтоол гүйцэтгэгч, тамгын газрын дарга, шүүгч, ерөнхий шүүгч гээд бүх шатны ажлыг нь хийсэн. Шударга ёсны баталгаа болсон шүүгчийн ажил алба, хамт олонтой холбоотой олон сайхан дурсамжууд бий. Зөвхөн захиргааны хэргийн шүүх Төв аймагт байгуулагдсан анхны дурсамжаа сөхөхөд анх удаа сонгуулийн маргаан шийдэх гээд Сүмбэр сум руу явж байлаа.Тэгэхэд манай Тамгын дарга анхаарал тавьж, Сум дундын ерөнхий шүүгч Д.Буянтогтох маань машинаа барьж жолооч хийж өгч, өвөл 11 сард хамтдаа явж байсан. Миний амьдрал 30 жил шүүхтэй холбоотой яваа болохоор би шүүхгүйгээр амьдралаа төсөөлдөггүй. Хуульчийн ёс зүй, шүүгчийн ёс зүй гээд энэ олон ёс зүйд захирагдаж амьдарч байгаагийн хувьд магадгүй гэр бүлийнхээ эрх, эрх чөлөөнд хатуу ханддаг байж магадгүй гэж хааяа бодогддог.
Шүүгч Ю.Энхмаа: Шүүхэд хоёргүй сэтгэлээр ажиллаж байна
- Юуны өмнө 90 жилийн ойтойгоо золгох гэж байгаа Төв аймгийн шүүхийнхээ хамт олонд болон хамтран ажиллаж байсан бүх шүүгч, ажилтнууддаа баярын мэнд хүргэе.Миний бие Төв аймгийн унаган харьяат. Миний хамгийн том бахархал бол 2000 онд анх шүүхэд нарийн бичгийн даргаар ажилд орсноос хойш өнөөг хүртэл хоёргүй сэтгэлээр ажиллаж байгаа маань. Шүүхийнхээ ахмад шүүгчид болох Д.Буянтогтох, Ж.Мөнхтуяа, Давж заалдах шатны шүүхэд байгаа Оюунчулуун, Гансүх, Мягмаржав шүүгч нартайгаа хамтран ажиллаж байсандаа баяртай байдаг. Төв аймгийн шүүх 3 хорихтой, магадлан нэлээд хийгддэг, хориход очоод сандраад сууж байснаа бодвол олон жилийг ардаа үджээ. Одоо шүүгчийн ажил мэргэжлээсээ санаа сэтгэл урвах зүйл байхгүй.
Шүүгч Б.Цолмон: Шүүгчийн ажил тал бүрийн мэдлэг шаарддаг
-Би 1999 оноос шүүхийн байгууллагад ажиллаж байна. Төдийгөөс өдий болтол шүүхтэй ажил амьдралаа холбоод, тэр бүртээ суралцаад явж байгаадаа бахархдаг. 2007-2013 он хүртэл Баянхонгор аймагт, Төв аймагт 3 жил нийтдээ 10 жил шүүгчээр ажиллалаа. Шүүхийн байгууллагын үе үеийн түүхийг бичилцэж байгаадаа баяртай байна. Шүүгчийн ажил мэргэжлийг би санаандгүй тохиолоор сонгосон юм биш, багаасаа зорьсон гэж хэлж болно. Эгч маань бас хуульч, шүүгч хүн учраас замналаар нь ирээдүйгээ сонгосон. Хамгийн анх шүүгч болж байснаа эргэн дурсахад Баянхонгор аймагт олны анхаарал татсан эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн. Хариуцлага алдсан 2 эмчийн хэргийг шийдвэрлэхэд эмнэлгийн ажилчид бүгд жагсаад аймгийн эмнэлэг эмчгүй боллоо гэж тэмцэж байсан. Энэ мэтчилэн шүүгчийн ажил тал бүрийн мэдлэг чадвар шаарддаг. Ажлын ачааллынхаа хажуугаар өөрийгөө дайчилж, мэдлэг боловсролоо ахиулах нь шүүгч хүн бүрт тавигдаж байгаа өндөр шаардлага. Өнөөдөр бидний ажиллах нөхцөл хүртэл ил тод, нээлттэй боллоо. Шүүх хуралдааныг дүрс бичлэгжүүлж байгаа нь иргэдийн эрхийг, нөгөө талаар шүүгчийн хараат бус байдлыг хангаж байна. Камертай боллоо гээд ёс зүй, хариуцлагын талаас цочирдон хүлээн авсан шүүгчид байхгүй байх. Бичлэг хийгдээгүй байхад ч урьд нь зах замбараагүй байдал байгаагүй.
Шүүгч Д.Алтантуул: Шүүхийн түүхийг үргэлжлүүлэх үүргээ ухамсарлаж байна
-Миний хувьд Төв аймгийн унаган иргэн. 90 жилийн ойтой нь зэрэгцэн төрөлх нутагтаа шүүгчээр томилогдож ирсэндээ баяртай байдаг. Шүүхэд 2006 оноос бичиг хүргэгч, шүүгчийн туслах, нарийн бичгийн дарга хийж байгаад 2015 онд шүүгчээр томилогдон ирсэн. Шүүхийнхээ ажлын онцлог, иргэдтэй харьцах, эрх зүйн актыг яаж бичихээ мэддэг учраас тэр бүр хүндрэл учраад байдаггүй. Би шүүгчээр томилогдож ирээд, тангарагаа өргөөд шууд шүүх хуралдаа орж байсан. Мэдээж, шинэ шүүгчийн хувьд анхны хурал гэдэг бол сандарч тэвдэх асуудал байсан. 90 жилийн ойтой золгож буй шүүхийнхээ түүхийг нэр төртэй үргэлжлүүлэн авч явах үүрэг шинэ залуу шүүгч бидэнд оногдож байгааг ухамсарлаж байна. Төв аймгийн шүүхийнхээ үе үеийн бүх шүүгч, ажилтнууддаа эрүүл энх, ажил төрөл нь өөдрөг байхыг хүсье.
Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Төмөрбаатар: Шүүгч хүнд илүү юм хэрэггүй
-Би Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар томилогдож ирээд эхний сардаа ажиллаж байна. 20 дугаар зууны Монгол улсын төртэй цуг үүсч байсан баялаг түүхтэй шүүхэд ажиллаж байгаадаа баяртай байгаа. 31 жилийн өмнө шүүгч болж байх тухайн үед хэсгийн ардын шүүгчийг сонгуулиар сонгодог байсан. 1992 оны 07 дугаар сард одоогийн Үндсэн хууль батлагдаж, шүүх эрх мэдлийг баталгаажуулсантай зэрэгцэн шүүгч болсноос хойш Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч, давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч, аймгийн шүүхийн шүүгч хийлээ. Шүүгчийн нийгэмд биеэ зөв авч явах байдал, үг үйлдэл нь олон нийтийн хараа хяналтанд байж, үлгэр дууриал үзүүлдгээрээ онцлогтой ажил мэргэжил. Алдах эрхгүй мэргэжил. Надад нэг удаа шүүхийн дарга, ахмад шүүгч "Шүүгч хүнд илүү юм огт хэрэггүй.Илүү юм байвал бусдад олзлогдох шалтгаан болдог. Төвийг сахиж, мэдлэг чадвартай байх ёстой” гэж сургаж байсан зарчмыг нь би дагаж ирсэн.Өнөөдрийн шүүхийг өнгөрсөнтэй харьцуулах аргагүй.1992 оны 07 дугаар сард Үндсэн хуулийн болзол хангасан шүүгчдийг Дээд шүүх дээр цуглуулахад 50-хан хүн ирж байсан. Бусад нь дандаа дунд боловсролтой байсан гэхээр шүүгчдийн мэдлэг чадвар ямар байсан нь ойлгомжтой. Тэр үед нарийн бичгийн даргагүй, шүүгч өөрөө бүгдийг гардан хийдэг байсан.Одоо бол өөр болсон.Дэлхийн жишигт бүрэн хүрсэн гэж хэлж чадахгүй ч тэр шаардлагад нийцэж очсон гэж боддог. Эрх зүй өндөр хөгжсөн орнуудын шүүхүүдээр яваад харж байхад манайх зохион байгуулалтын хувьд, шүүхийн эрх зүйн орчны хувьд бараг нэг түвшинд нийцсэн. Одоо бол төр засгаас шүүхийн төсөв санхүүг анхаарч үзэх чухал байна.
Сэтгэгдэл байхгүй байна