Жил бүрийн долдугаар сарын 11,12-нд Монголын үндэсний баяр наадам болдог. Энэхүү баяраар эрийн гурван наадам буюу бөх барилдаж, хурдан морь уралдаж, сурын харваа болдог. Энэ жил Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 810 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жил, Ардын хувьсгалын 95 жил гэсэн олон тэгш ой тохиож улсын их баяр наадмаар 1024 бөх барилдана.
Монгол наадмын бас нэг онцлог нь хурдан морины уралдаан. Эртнээс уламжилж ирсэн заншлыг дагуу нас, насны хурдан морьдыг 7-16 насны хүүхдүүд унаж 15 хүртэл км уралддаг. Хэдийгээр бага насны хүүхдээр морь унуулахыг шүүмжлэх болсон ч аюулгүй байдлыг хангах, хамгаалалтын малгай хувцас өмсүүлэн уралдуулах уламжлал хэвээр байгаа.
Наадам угтсан хүндэтгэлийн тоглолт болон сурын харваа зэрэг зарим үйл ажиллагаа 10-нд эхэлдэг.
Наадмын албан ёсны эхний өдөр буюу 11-нд Төрийн ёслолын цэргийн жагсаал болж, Төрийн далбаандаа хүндэтгэл үзүүлдэг. Мөн төр засгийн удирдлагууд Улаанбаатар хотын төв талбайд орших жанжин Д.Сүхбаатар болон, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлдэг. Үүний дараа Төрийн ордонд байрлах Есөн хөлт цагаан тугийг найман шарга морь бүхий төрийн тугчид наадмын гол ёслол болох Төв цэнгэлдэх хүрээлэнд залдаг. Наадмын ёслолыг Монгол Улсын Ерөнхийлөгч нээж, урлагийн тоглолт үзүүлснээр хүчит бөхийн барилдаан эхэлнэ. Бөхийн барилдаан хоёр өдөр үргэлжилдэг.
Үүнээс гадна наадамчид болон гадаадын жуулчдад зориулан өдөр бүр нийслэлийн төв талбайд үнэ төлбөргүй, нийтэд зориулсан урлагийн тоглолт зохион байгуулдаг. Үүнд
10-нд Монголын үндэсний “Учиртай гурван толгой” дуурь
11-нд “Эх орноо магтан дуулья” тоглолт
12-нд “Талын бүжиг” Монгол туургатны бүжгийн наадам- Монгол дэнс фестиваль болно. Харин 13-нд нийслэлээс 10 орчим км зайд байрлах Хүй долоон худаг хэмээх газар Уяачдын наадам болно. Энд мөн хурдан морины уралдаан болдог бөгөөд баярын өдрүүдэд өдөр бүр “Морьтон Монголчууд” морин спортын үзүүлэх тоглолт, цирк болон сонгомол морьдын үзүүлбэр зэрэг тоглолт, урлаг соёлын арга хэмжээ болдог юм.
Энэ жилийн хувьд монголчуудын уламжлалт баяр даваа гаригт эхэлж буй. Баяраар таван хоног амрах ёстой. Долоо хоногийн амралтын өдрүүдийг тооцвол энэ жилийн хувьд долдугаар сарын 9-18 хүртэл монголчууд үндсэндаа амарна. Энэ үеэр монголчууд Хүй долоо худаг болон Төв цэнгэлдэх хүрээлэнд наадахаас гадна хөдөө орон нутагт аялан амрах сонирхолтой байдаг.
Сэтгэгдэл байхгүй байна