Тулгар төрийн 2225, Их Монгол улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн хүчит бөхийн барилдаанд хүчит 1024 бөх эр бяраа үзсэн. Энэ жилийн барилдаанд Архангай аймгийн Хашаат сумын харьяат, Чимэдрэгзэнгийн Санжаадамба түрүүлсэн юм.
Ардын наадмын 22 дахь аваргаар тодорсон түүнд өнөө өглөө түрүү бөхийн бай шагнал болох Land Cruiser 200 маркийн автомашины түлхүүрийг гардууллаа. Ёслолд хотын дарга С.Батболд, НИТХ-ын дарга Ц.Сандуй, Тоёота Мотор корпорацийн Зүүн бүсийг хариуцсан захирал Нанахара Хироаки, тус корпорацийн Монгол дахь суурин төлөөлөгч болон Тоёотагийн албан ёсны дистрибьютер компанийн удирдлагууд, Дархан аварга Г.Өсөхбаяр аварга нар оролцлоо.
Дараа нь улсын аварга Ч.Санжаадамба наадамчин олонд хандаж, үг хэлэхдээ "Төр түмний минь баяр цэнгэл болсон наадам сайхан болж өнгөрлөө. Төрийнхөө баяр наадамд түрүүлж, бөхийн дээд цол авсандаа баярлаж байна. Ойр дотныхондоо, аав ээждээ, гэр бүлийн хүмүүс, багш дасгалжуулагч нартаа, нутгийнхаа дэвжээний бөхчүүдэд баярлаж байгаагаа хэлье. Бөхөө, Монгол соёлоо дээдэлдэг ард түмэндээ баярлалаа. Би улам их хичээн, Монгол бөхийн дээд цолондоо эзэн болж явна" гэсэн юм.
Сэтгэгдэл байхгүй байна