АСЕМ-ын дээд түвшний уулзалтын албан ёсны хурал ирэх баасан, бямба гаригт буюу энэ сарын 15, 16-нд Улаанбаатар хотод болно. Үүнтэй холбогдуулан цагдаагийн байгууллага болон Замын цагдаагийн газраас АСЕМ-ын үеийн аюулгүй байдлыг хангахаар төлөвлөгөө гаргаж ажиллаж байна. Төлөвлөгөөний хүрээнд АСЕМ-ын үеэр хэв журам, замын хөдөлгөөнийг хэрхэн зохицуулах талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Нэгдүгээрт, АСЕМ-тай холбогдуулан маргаашнаас тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилж хөдөлгөөнд оролцуулах болсныг мэдэгдлээ.
Долдугаар сарын 14, 16-ны өдрүүдэд тэгш тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно.
Долдугаар сарын 15, 17-ны өдрүүдэд сондгой тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно.
Мөн 10 тонноос дээш тээврийн хэрэгсэл болон тролейбусны хөдөлгөөнийг энэ өдрүүдэд хязгаарлах юм байна.
"Зарим замыг маргаашнаас бүрэн хаана"
Хоёрдугаарт, АСЕМ-тай холбоотойгоор маргаашнаас зарим замыг бүрэн хаах юм байна. Тухайлбал, Гэндэн, Олимпийн гудамж, "Чингис хаан" олон улсын нисэх буудлаас "АСЕМ вилла" хотхон хүртэлх замыг маргаашнаас бүрэн хаах юм. Тухайн хэсэгт амьдардаг иргэд туслах зам ашиглахаар зохицуулжээ. Дээрх замыг 14-18-ны хооронд хаах юм.
Бүрэн хаах замаас гадна бүх замууд өндөр ачаалал авна гэдгийг ард иргэдэд санууллаа. Тиймээс 14-16-ны хэдхэн өдөр автомашинаасаа түр татгалзахыг цагдаагийн байгууллагаас иргэдэд уриалсан юм.
Харин Яармаг, Налайх, Тэрэлж, Цонжинболдогийн чиглэлд зочдын цуваа олноор явах учир эдгээр замыг түр болон удаан хугацаагаар хаана. Тиймээс энэ төрлийн зорчих хэсгүүдийг сонгохгүй байхыг ард иргэдэд санууллаа. Мөн хязгаарлалт тогтоосон бүсийн гадна тээврийн хэрэгслээ байрлуулахгүй байхыг сануулж байна.
Энэ өдрүүдэд жолооч нарт 93.6 фм-ээр хаагдах замын мэдээллийг тухай бүрд нь өгнө гэдгийг санууллаа. Мөн энэ өдрүүдэд замын түгжрэл, хязгаарлалт их болох тул томоохон аж ахуйн нэгжүүд ажилтнуудаа нэгдсэн байдлаар тээвэрлэж, зогсоолоо чөлөөтэй байлгах, олон төрлийн тээврийн хэрэгсэл ашиглахгүй байхаар зохион байгуулахыг уриаллаа.
"Томоохон захууд амарна"
АСЕМ-ын дээд түвшний уулзалтын үеэр бүрэн хаах хэд хэдэн зам бий. мөн өдрүүдэд томоохон худалдааны төв, захууд ажиллахгүй гэдгийг ард иргэдэд сануулж байна. үүнд "Алтжин", "Бөмбөгөр", "Дүнжингарав", "Сандэй", "Нарантуул", "Өгөөмөр" зэрэг захууд амрах юм.
Мөн энэ өдрүүдэд иргэд өөрийн хэн болохыг тодорхойлох бичиг баримтаа биедээ авч явахыг дахин сануулсан юм.
"5000 цагдаа үүрэг гүйцэтгэнэ"
АСЕМ-д оролцох төлөөлөгчид эхнээсээ иржээ. Уулзалттай зэрэгцэн төрийн айлчлалууд хийгдэх талаар өмнө нь мэдээлсэн юм. Тэгвэл одоогоор таван улсын төр засгийн тэргүүн айлчлахаар мэдэгдлээ хүргэжээ. Өнөөдрийн байдлаар Вьеатнам, Сингапурын Ерөнхий сайд нар Монгол Улсад айлчлан ирсэн байна.
Энэ өдрүүдэд нийтдээ цагдаагийн 5000 орчим алба хаагчид үүрэг гүйцэтгэн, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, хэв журам сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр ажиллахад бэлэн болжээ. Мөн энэ үеэр нийслэлд 1100 орчим камеруудыг үйл ажиллагаандаа ашиглахаар болсон байна.
Сэтгэгдэл байхгүй байна