Орчин цагийн математикийн ухааны нэгэн томоохон чиглэл болох оновчлол оновчтой удирдлагын онолын Ази номхон далайн бүс нутгийн хамгийн нэр хүндтэй том хурал болох ICOTA (The International Conference on Optimization: Techniques and Applications) дахь удаагаа 2016 оны 7 дугаар сарын 23-26 өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна. Энэхүү хурал нь 3 жилд нэг удаа болдог бөгөөд анх удаа 1987 онд Сингапурт зохион байгуулагдаж байжээ. Энэ удаагийн хурлыг Монгол улсын Их Сургууль, Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль, Герман Монголын Ашигт Малтмал, Технологийн Их Сургуулиуд хамтран зохион байгуулж байгаа юм.
Математикийн шинжлэх ухааны оновчлол, оновчтой удирдлагын онолын дэлхийн тэргүүлэх эрдэмтэд чуулж хамгийн сүүлийн үеийн нээлт, ололт амжилтаа харилцан мэдээлэх, нэгтгэн дүгнэх, шийдвэрлэвэл зохих тулгамдсан асуудлуудыг томъёолох, хөгжлийн хэтийн чиг хандлагыг тодорхойлох, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх, монгол эрдэмтдийн бүтээлийг дэлхийд таниулан сурталчлахад энэхүү хурлын зорилго, ач холбогдол оршиж байгаа билээ. Дэлхийн тэргүүлэх их дээд сургуулиудын нэртэй эрдэмтэд, судлаачид, профессорууд оролцож байгаа тул монголын залуу эрдэмтэд, судлаачид, оюутнуудад эдгээр эрдэмтэдтэй холбоо харилцаа тогтоох, хамтран ажиллах, тэтгэлэг, грант олох сайхан боломжийг бүрдүүлж өгч байгаа билээ.
Үндэсний Зохион байгуулах хорооны даргаар МУИС-ийн профессор, Монгол Улсын Төрийн соёрхолт, Шинжлэх ухааны доктор Р.Энхбат, Монгол Улсын Төрийн соёрхолт, доктор Ч.Алтаннар, Герман Монголын Ашигт Малтмал, Технологийн Их Сургуулийн профессор Л.Алтангэрэл нар ажиллаж байна. Р.Энхбат профессорын хувьд шавь нар болон хамт олныхоо дэмжлэгтэйгээр “Optimization, Simulation and Control” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2002, 2007, 2010, 2013 онуудад нийт дөрвөн удаа амжилттай зохион байгуулж байсан туршлагатай. 2010 оны хуралд гадаадын хорин хоёр орны нэг зуун хорь гаруй эрдэмтэд ирж оролцож байсан бол 2013 оны хуралд гадаадын 11 орны 80 орчим эрдэмтэн судлаачид оролцон 4 салбар хуралдаанаар хэрэглээний математик, оновчлол, оновчтой удирдлагын чиглэлийн 70 гаруй илтгэл тавигдаж байсан билээ.
Энэ удаагийн хуралд АНУ, Герман, Япон, Орос, Австрали, Иран зэрэг 5 тивийн 25 орны 120 гаруй эрдэмтэн судлаачид оролцож байгаагийн 75 нь гадаадын, 45 нь дотоодын эрдэмтэн судлаачид юм. Хурлын нэгдсэн хуралдаанаар 6 илтгэл, салбар хуралдаанаар 120 гаруй илтгэл хэлэлцэгдэх болно. Тус хурлын шилмэл бүтээлүүд дэлхийн тэргүүлэх шинжлэх ухааны хэвлэлийн газрууд болох “Springer”, “Elsevier” хэвлэлийн газруудаас эрхлэн гаргадаг, өндөр чансаатай “Optimization letters”, “Applied Mathematical Modelling” сэтгүүлүүдэд хэвлэгдэх юм.
Сэтгэгдэл байхгүй байна