“Дархан-1”, “Дархан-2” өртөөний замд энэ сарын 22-23-нд шилжих шөнийн 03.58 цагт ОХУ-аас Хятад руу мод тээвэрлэж явсан ачааны галт тэрэг осолдсон хэрэг гарсан. Дээрх ослын талаар өнөөдөр Улаанбаатар төмөр замын удирдлагууд мэдээлэл хийлээ.
Эхний галт тэрэгний дугуй салж, замаас гарсны улмаас осолдсон байна.
Энэ талаар УБТЗ-ХНН-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, хамгаалалт хариуцсан орлогч дарга Ч.Эрдэнэчулуун “Ослын газар дээр очиход эхний галт тэрэгний дугуй нь хагарч, замаас гарсны улмаас тормосны гол хоолой болон арын галт тэрэгнүүд салж, бүлтэрсэн байдалтай байсан.
Замын удирдлага ослын газар дээр шуурхай ажиллаж, сэргээн босгох ажиллагааг цаг алдалгүй хийж, ачааг товлосон цагт Замын-Үүдэд хүргэсэн. Тухайн хэсэг хос замтай хэсэг байсан учир нөгөө замаар хөдөлгөөнийг үргэлжлүүлсэн. Мөн бид осол гарсантай холбогдуулан хууль, хяналтын байгууллагад хандаж гадны нөлөөтэй эсэхийг шалгуулахад гадны нөлөөлөл ороогүй гэх дүгнэлт гарсан. Урьдчилсан байдлаар ослыг Дархан-Уул аймагт хоёр өдөр үргэлжлэн орсон усархаг бороотой холбон тайлбарлаж байгаа” гэв.
Үүнээс гадна галт тэрэгний осол гарсан замыг 7.8 сая төгрөгөөр зассан байна. Осолдсон зургаан вагоныг холдуулж, замыг нь зассан ба сэргээн босгох ажилд 120 замчин, 30 ачигч, бусад албаны 20 орчим хүн оролцож 40 метр орчим зам эвдэрсэн байсныг 7.8 сая төгрөгөөр засварлаж, хэвийн ажиллагааг хангаад ажээ.
Ослын шалтгаан, хохирлын талаарх дүгнэлт ирэх пүрэв гарагт гарах тухай албаныхан хэлж байлаа.
Сэтгэгдэл байхгүй байна