Ой тогтоолтын спортын олон улсын хэмжээний мастер Э.Пүрэвжавыг Дэлхийн хамгийн ухаантай хүү хэмээн гадныхан нэрлэжээ. Учир нь тэрээр Оюун ухааны олимпод дэлхийн шилдэг 24 тамирчин, тэр тусмаа дан насанд хүрэгчидтэй өрсөлдөж, мөнгөн медаль хүртсэн. Хэдийгээр алтан медаль хүртэж чадаагүй ч дандаа томчуудтай оюун ухаанаа сорин өрсөлдсөн нь түүнийг ийн нэрлэхэд хүргэсэн аж. 16 настай Э.Пүрэвжав өнгөрсөн арваннэгдүгээр сард АНУ-ын Лас-Вегас хотноо болсон тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн. Энэ тэмцээнд Монголын 14 тамирчин /ганцаас бусад нь бүгд хүүхэд/ 15 медаль хүртэж гайхашруулж байсан. Тэгвэл одоо манай баг тамирчид энэ сарын 14-нд Сингапурт эхэлсэн Дэлхийн аваргын тэмцээнд оролцож байна.
Э.Пүрэвжавыг тэмцээнд явахаас нь өмнө ярилцсанаа хүргэж байна. Энэ бол жилд ганцхан удаа ганцхан хүнд жилийн нийлбэр дүнгээр Дэлхийн аварга цол олгодог тэмцээн юм байна.
-Өнгөрсөн зун болсон тэмцээнд мөнгөн медаль хүртэхэд чинь англи хэлний мэдлэг дутсанаас аварга болж чадаагүй гэж байсан. Хэлнийхээ бэлтгэлийг сайжруулж байна уу?
-Хэлний бэлтгэл ч нэг их нөлөөлөөгүй л дээ. Юун дээр алдсан бэ гэхээр, би өөрийгөө аваргын төлөө үлдэнэ гэж бодоогүй. Миний гол зорилго бол шилдэг наймд үлдэх байсан. Тэгээд шилдэг наймд дэлхийн номер нэг Америкийн тамирчин /27 настай/-тай өрсөлдөн ялж, шилдэг дөрөвт Германы тамирчин /34 настай/тай өрсөлдөж шилдэг хоёрт үлдсэн. Хамгийн сүүлд Германы тамирчинтай өрсөлдсөн. Өөрөө аваргын төлөө өрсөлдөнө гэж бодоогүй болохоор яг бэлтгэсэн юм байхгүй. Тухайн үедээ санаанд орж ирсэнээрээ цээжлээд явсан. Тиймээс алдаж хоёрт орсон. Ер нь тулгамдсан гэх үү дээ.
-Гол нь дандаа насанд хүрсэн, алдартай тамирчидтай өрсөлджээ?
-Тийм. Миний өрсөлдөгчид 27-35 насны хүмүүс байсан. Энэ тэмцээнд дэлхийн шилдэг 24 тамирчин өрсөлддөг. Насны ангилал байхгүй. Хэдэн ч настай байсан хамаагүй дэлхийн чансааны шилдэг 24 тамирчин л хоорондоо өрсөлдөнө. Монгол Улсаас хамгийн анх нэг л тамирчин оролцож байсан. Жил ахих тусам тоо нь нэмэгдэж байгаа. Өнгөрсөн зургадугаар сард Монголоос таван тамирчин оролцсоны дөрөв нь насанд хүрээгүй тамирчин байсан.
-Дэлхийн шилдэг 24 тамирчнаас тав нь монгол тэр тусмаа дөрөв нь хүүхэд байсан гэхээр гайхалтай. Ер нь манай хүүхдүүд их өндөр амжилт үзүүлж байна. Монгол Улсын тамирчдын нас бусад улсынхтай харьцуулахад...?
-Манайх хэтэрхий залуу. 70-аад хувь нь дунд насны тамирчид байдаг. Дунд нас гэдэг нь 12-17 нас. Ер нь ангилалд монголчууд номер нэг. Бусад орны тамирчдын ихэнх нь насанд хүрчихсэн. Ялангуяа Герман, Америк, Шведийн тамирчид 10-20 жил бэлтгэчихсэн, энэ спортыг амьдралаа болгосон, улсаас нь цалин өгдөг мэргэжлийн тамирчид байдаг.
-Монголд Хатанбаатар багш энэ спортыг хүүхдүүдэд зааж сургаж эхэлснээр хүүхдүүд ийм амжилт гаргадаг болсон гэж үзэж болох уу?
-Тийм ээ. Бид бүгд Хатанбаатар багшйн шавь нар. Монголын 17 хүртэлх насны тамирчид тэмцээн болгоны эхний гурван байрыг эзэлдэг.
-Хэдэн жилийн дараа та нар насанд хүрээд дэлхийд тэргүүлэх байх гэсэн сэтгэгдэл төрж байна. Гэхдээ Монголд мэргэжлийн тамирчин болох боломж бий юу. Тухайлбал, манай төрөөс цалин өгдөг үү?
-Мэргэжлийн тамирчин болох эсэх нь тухайн хүүхдийн сонирхлоос л хамаарах байх. Манайд бол энэ спортын тамирчдыг цалинжуулдаггүй, төрөөс шагнал, урамшуулал олгодоггүй. Насанд хүрсэн 3-4 тамирчин байдаг. Саяны олимпоор 2-3 нь зодог тайлахаа мэдэгдсэн. Тоотой ганц хоёрхон тамирчин үлдлээ л гэсэн гэсэн үг л дээ. Бүгд л ажил, сургуулийнхаа хажуугаар дуртай спортоороо хичээллэдэг.
-Гадаадад тэмцээнд явахад нь төр засгаас зардалд нь тусладаг уу? Өөрсдөөсөө л зардлаа гаргах уу?
-Хувиасаа л зардлаа гаргадаг. Ивээн тэтгэгч олох юм бол зардлаа даалгах боломжтой.
-Ивээн тэтгэгч хэр олдох бол? Чамд ивээн тэтгэгч байгаа юу?
-Ивээн тэтгэгч хайж үзээгүй болохоор сайн мэдэхгүй байна. Ээж аав хоёр маань миний ивээн тэтгэгч /инээв/.
-Олимп, дэлхийн аваргаас медаль авсан тамирчдад шагнал өгдөг. Та нарт шагнал өгдөг үү?
-Оюутны салбар нь үндсэн олимпод харъяалагддаггүй.
-Ямар нэгэн пүүс, компани болон танай багийнханд шагнал өгч байсан уу, эсвэл улсаас ч юм уу?
-Улсаас мөнгөн шагнал өгч байгаагүй. Харин компаниудаас шагнал өгч байсан. Боловсролын яам, хотын захиргаанаас бас өргөмжлөл, жуух бичиг өгсөн. Бидэнд бас их урам өгсөн.
-Тэгээд өдий хүртэл өөрсдөө л зардлаа гаргаад байдаг. Зардлаа яаж нөхөх вэ?
-Тэмцээн болгон шагналын сантай байдаг юм. Шагналын сан нь янз бүр. Гайгүй тэмцээнд сайн оролцоход зардлаа нөхнө. Тэмцээнээсээ хамаарна л даа.
Э.Пүрэвдорж 13 настайдаа ой тогтоолтоор хичээллэж эхэлжээ. Аавынх ь ажил дээр Хатанбаатар багш нь очиж лекц уншихад аав нь хүүгээ тэдний сургалтанд хичээлллүүлэхээр санал болгожээ. Хүү одоо ой тогтоолтын спортдоо “дурласан” гэж ярьж байна. Бидний ярилцлагын эхний хэсэг албаны маягийн болсон бол одоо Пүрэвдорж хэмээх 16-хан настай хүүгийн өдөр тутмын амьдралд яриагаа хандуулахыг хичээлээ.
Би жирийн хүүхдүүдтэй л адилхан
-13 настай хүүхэд магадгүй, сагс ч юм уу, компьютер тоглоом гээд өөр зүйл сонирхдог атал чи маш удаан хугацаанд маш их хэмжээний зүйл чээжилнэ, олон цагаар сууж давтана гэхээр хэцүү санагдаагүй юу?
-Анхандаа хэцүү санагдаж байсан л даа. Гэхдээ яваа яваандаа бүр дурлачихсан, цагийг дэмий өнгөрөөж байхын оронд дасгалаа давтах сан гэж боддог
-Анхаарлаа саринуулахгүйн тулд бэлтгэлээ чимээгүй нөхцөлд хийдэг байх. Чиний анхаарал хэр амархан сарнидаг вэ?
-Тухайн тамирчнаасаа хамаардаг л даа. Амархан анхаарал нь сарнидаг тамирчид байдаг. Гэхдээ ер нь анхаарлаа төвлөрүүлэх шаардлагатай учир аль болох чимээгүй газар бэлтгэл хийдэг. Бэлтгэл хийж байтал хажууд чимээ гарвал анхаарал сарних тохиолдол гардаг.
-Чиний хамгийн баяртай мөч
-Медаль авснаа мэдэж, тугаа бариад гарах, багштайгаа хамт баярлах
-Чиний ердийн өдрүүдийг зураглалвал, хэр ачаалалтай байдаг вэ. Бусад хүүхэдтэй харьцуулбал?
-Тэмцээн байхгүй ердийн өдрүүд бусадтай адил. Гэхдээ орой болгон гэртээ дасгалаа хийдэг. Тогтмол бэлтгэл хийх хэрэгтэй. Бэлтгэл хийхгүй бол хэмнэлээ алдчихдаг. Яг хэмнэлээ барихын тулд өдөрт гэртээ дор хаяж 20-30 минут бэлтгэл хийх ёстой. Харин тэмцээн эхлэх дөхөөд ирэхээр 2-3 сарын өмнөөс эрчимтэй бэлтгэдэг. Хичээл тараад академи дээрээ бэлтгэлээ хийнэ. Заримдаа шаардлага гарвал 22-23 цаг хүртэл бэлтгэх үе байдаг. Бусад үед бол бусад хүүхэдтэй л адилхан тоглох үедээ тоглоод явна
-Тоо цээжлэхэд яг юу нь сонирхолтой байдаг вэ. Зарим хүнд тоо цээжилнэ гэдэг уйтгартай, хэцүү санагддаг?
-Гаднаас харахад уйтгартай байх л даа. Маш олон цагаар удаан суудаг, жишээлбэл, гурван цаг ямар ч хөдөлгөөнгүй суудаг. Гэхдээ бид дотроо төсөөлөл бий болгож маш хөгжилтэй байдаг.
-Төсөөллийн аргаар цээжилдэг гэж үү?
-Тийм. Гэхдээ төсөөлөл нь маш хөгжилтэй юм уу аймшигтай байх ёстой.
-Заавал аймшигтай юм уу хөгжилтэй байх ёстой юм уу?
-Төсөөллийн үндсэн зарчмууд байдаг. Амьдралд байж боломгүй эсвэл маш хөгжилтэй буюу аймшигтай төсөөллийг бий болгох. Хүн өөрт тохиолдсон хамгийн хөгжилтэй ч юм уу аймшигтай зүйлийг мартдаггүй шүү дээ, яг л тэр зарчмаар
-Жишээлбэл?
-Жишээ нь, наадмаар хүн морь унаж уралддаг бол бидний төсөөлөл дээр морь хүнийг унана. Энэ нь амьдралд байж болохгүй шүү дээ. Тэгээд морь хүнийг унасан тэр төсөөллөө илүү хошин хөгжилтэй болгож төсөөлдөг.
-Тэгээд үүнийгээ яаж тоотой холбодог юм бэ?
- Тоо болгонд хадаас үгнүүд байдаг. 0-100 хүртэлх цифрийн хоёр орон болгон дээр үг бүтээдэг. Тэр үгсээ хооронд нь холбоод хошин төсөөллүүд гаргадаг. Бид түүний төсөөллийг илүү сайн ойлгохын тулд 8 тоо /утасны дугаар/ өгч хэрхэн төсөөлдгийг нь баахан шалгаав. Тамирчин бүрийн хадаас үг, төсөөлөл ондоо байдаг болохоор тэр хэлэхээс цааргалж байлаа. Нэлээд ярилцсаны эцэст найман хос тоо буюу утасны дугаарыг хэрхэн хадаас үг болгодгыг шалгаахад миний утасны тоо гэхэд бяруу- тодруулагч-бал-дугуй гэсэн байдлаар илэрхийлж болногэв. Түүнийг хошин төсөөлөлд оруулна гэхэд үнэхээр санаанд багтамгүй мэт. Бяруу бал аваад дугуйгаар тодруулагч хайв гэсэн төсөөлөл байж болох уу гэхэд бага зэрэг мушийв. Үүнээс хэд дахин илүү тоонуудыг цээжилдэг түүний төсөөллийн дэргэд инээдэмтэй санагдсан байх л даа. Харин Пүрэвдоржид наймхан оронтой тоо буюу дөрөвхөн үгийг санахад амархан байсан байх. /сурв/ Намайг ингэж хэлэхэд тухайн үедтөсөөлөөгүй ч ямар нэгэн тоог цээжлэх дадал болчихдог, ялангуяа удаан хугацааны турш бэлтгэл хийсэн энэ дадал тэмцээний сүүлийн мөчид хальт хараад ямар ч тоог тогтох дадалд сургадаг гэж тайлбарлав. Ингээд бидний яриа дахиад үргэлжиллээ.
-Байнга юм цээжлээд байхаар тархинд ачаалал өгөх ч юм уу, өмнөх зүйлүүдээ мартах ч тохиолдол гарах уу?
-Хүний тархи хөгжилтэй зүйлүүдийг урт хугацааны санах ой руугаа хадгалдаг. Бусад зүйлийг түргэн хугацааны санах ойдоо хадгалдаг. Түүнийхээ 80 хувийг 24 цагийн дотор мартдаг. Хүний тархи хөгжилтэй байдлаар төсөөлөл авдаг гэсэн шүү дээ. Тархи атираатай байдаг. Атираа нь нэмэгдэх тусам ашиглах хувь нь ихэсдэг. Ашиглахгүй бол гөлийдөг. Амьтны тархи бол гөлгөр. Хүн ашигладаг болохоор атираатай байдаг. Тийм бол тархины атираагаа үргэлж ажиллагаатай байлгаж байнга нэмэгдүүлэх ёстой. Хүн бол тархиныхаа нэг хувийг л ашигладаг гэсэн судалгаа байдаг. Цаана нь ашиглаагүй 99 хувь байна. Бид өдөрт доод тал нь гурван цагаар бэлтгэл хийж ийм их юм цээжилдэг ч гэлээ нэг хувийнхаа хаана нь ч хүрэхгүй хэсэгт л цээжилдэг.
-Амьдрал дээр энэ спортоор хичээллэснээр яаж хэрэг болдог вэ?
-Жишээ нь утасны дугаар цээжлэх гэх мэт.
-Чи хэдэн утасны дугаар мэдэх вэ?
-Яг цээжлэхийг хүсвэл хэдийг ч цээжилж болно л доо. Гэхдээ нэг их цээжлэхийг чармайдаггүй. Тоог дэмий цээжлэх биш. Тэр утга учиртай байх ёстой.
Хүмүүжилтэй хүү
Түүнийг харахад тийм ч ноомой биш, сэргэлэн, хөгжилтэй .Гэхдээ л ихэнх цагаа зөвхөн сурч, боловсрох, өөрийнхөө дуртай оюун ухааны спортоороо хичээллэхийн төлөө зориулах чин эрмэлзлэлтэй гэдэг нь харагдана. Түүний чөлөөт цагийн тухай бид энэ хэсэгт ярилцав.
-Энэ спортоор хичээллэхээр бусад хүүхдээс юугаараа өөр болдог вэ?
-Сонирхол л өөр болдог. Хүүхдүүд сагс тоглох, PC-дэх гэх мэт тоглох тал руугаа сонирхолтой байдаг. Харин бидний хувьд хичээл тараад гэртээ очоод бэлтгэлээ хийдэг. Ой тогтоолтдоо дурлачихсан гэхэд болно.
-Охидод дурлахгүй юм уу?
-Тийм зав байхгүй. /инээв/
-Уйтгартай биш үү?
-Үгүй ээ. Би өөрийнхөө дуртай зүйлийг л хийж байгаа шүү дээ.
-Охидтой нээлттэй ярилцаж, хөгжилддөг хөвгүүд байдаг. Тийм байж чаддаг уу?
-Тийм үе байна. Дандаа даруухан байна гэж юу байх вэ. Найзуудтайгаа хөгжилтэй байх үе байна. Түүнээс биш өдөр болгон анги дээрээ очоод охидтой юм яриад хичээлээ хийхгүй суугаад байхгүй. Хайран цагаа үрэхийн оронд дасгалаа хийсэн нь сонирхолтой. Илүү хэрэгтэй, зүйлдээ цаг хугацаагаа зориулах нь дээр
-Хэр олон найзтай вэ, эрэгтэй, эмэгтэй? Найзууд нь бүгд өөртэй чинь адилхан спортоор хичээллэдэг үү?
-Олон найзтай. Гэхдээ гарын таван хуруунд багтах сайн найзтай. Найзууд маань оюуны спортоор хичээлдэггүй. Эмэгтэй найзуул бас байгаа.
-Чөлөөт цагаараа чи юу хийх дуртай вэ?
-Сагс тоглох дуртай. Хаяа академи болон ангийнхантайгаа заал авдаг. Юм судлах дуртай, харьцуулах дуртай.
-Яг юу?
-Жишээлбэл Шерлок Холмсийн тухай ч юм уу. Би хуульч болохыг хүсдэг.
-Ийм мундаг тоо цээжилдэг юм чинь эдийн засагч, математикч гэх мэт мэргэжил сонгохгүй байсан юм уу?
-Би математик талдаа сонирхолгүй. Нийгмийн хичээлд дуртай болохоор хуульч болохыг хүсдэг. Томьёо цээжлээд явж болно л доо. Гэхдээ миний хувьд сонирхол татдаггүй. Судалгаа хийх дуртай.
-Хуульч болоход бас чамд давуу тал байж болох юм. Хуулийн зузаан, зузаан номнуудыг цээжлэхэд чи бусдаас илүү байна. Гэхдээ хуулийн номыг тэр чигээр нь цээжлэхэд чамд хэдий хугацаа шаардлагатай бол?
-Үсэг, өгүүлбэрийг ойлгож, зураглаж цээжлэхэд бага зэрэг хугацаа шаардлагатай. Тоо ихтэй бол чээцлэхэд илүү амархан. Зузаан номын тэр чигээр нь үг өгүүлбэргүй алдаагүй цээжлэхэд долоо хоног хэрэгтэй.
-Долоохон хоног уу?
-Тоо ихтэй номыг арай илүү хурдан цээжлэх боломжтой. Үсэг, өгүүлбэр ойлгож цээжлэх хэрэгтэй.
-Уран зохиолын номыг цээжлэх үү?
-Ихэвчлэн шүлэг цээжилдэг. Хичээл дээр шүлэг асуудаг болохоор.
-Тэгвэл чи одоо хэдэн шүлэг цээжээр мэдэх вэ?
-Тухайн үедээ 2-3 шүлэг цээжлээд шалгуулаад дүнгээ гаргачихдаг. Тэгээд дараа нь надад, амьдралд хэрэггүй учраас түргэн санах ойдоо цээжлээд дараа нь устгачихна.
-Устгахгүй байж болохгүй юу? Устгаагүй хэдэн шүлэг байгаа бол?
-Устгаагүй шүлэг байхгүй байх аа. Хичээлийн даалгаварт цээжлэх шүлгүүдийг хүүхдүүд бичиж аваад явдаг. Харин би тэр 3-4 шүлгийг хичээлийн 40 минутад цээжлээд бүгдийг нь уншаад асуугдчихдаг. Тэгээд тэр өдрөө асуугдаад улирлынхаа дүнг гаргачихаж байгаа учраас надад цаашид хэрэггүй гээд мартчихдаг.
-Мартая л гэвэл мартчихдаг юм уу. Яг компьютер шиг?
-Тийм
-Мартая гэсэн ч мартахгүй зүйл байх уу?
-Тэр бол яг нөгөө аймшигтай юмыг мартана гээд мартаж чадахгүй. Эсвэл маш хөгжилтэй төсөөлөл тархинд хадгалагддаг гэх мэт. Яг ийм зарчмыг дасгалаа хийхдээ ашигладаг. Амьдрал дээр ч мөн адил.
-Хүүхдүүд шүлэг цээжлэхэд хэцүү байхад чи шууд цээжилж чадна. Бараг хичээлээ бичих шаардлагагүй юм биш үү
-Тэгж болохгүй л дээ. Хийх ёстой хичээлээ хүн хийх л ёстой. Заримдаа манай тамирчдын давуу тал байдаг л даа .Хичээл дээр нойр хүрээд унтах тохиолдол гардаг. Эсвэл ангийнхантайгаа юм яриад байж байнгаа мөртлөө багшийн ярьсныг давхар сонсож байдаг. Багш унтаж байгааг нь мэдээд миний ярьсныг хэл гэхээр хэлчихдэг ч гэдэг юм уу.
-Тэр бүхнийг яаж санах ойдоо тэмдэглэж чаддаг юм бэ?
-Оюуны зураглал гэж юм байдаг. Жишээ нь 500 худастай номыг ганцхан нүүрэнд багтаах боломжтой гэхчилэн. Тэр зураглалаар багшийн хэдэн ч цагийн яриа, лекцийг нэг нүүрэн зургаар илэрхийлдэг. Дараа нь тэрхүү зурсан зургаа хараад эргүүлж төсөөлөл бий болгон ярьж болно. Хүүхдүүд лекц гэж хэдэн хуудас юм бичдэг. Бас их юм хуулах шаардлага гардаг. Бидний хувьд ганцхан нүүр зураг зурдаг.
-Ямархуу зураг байх уу?
-Тухайн бүрд ондоо л зураг гарна.
-Чи шүүгч боллоо гэхэд хэдэн жилийн өмнө ч болсон шүүх хурлыг хэргийн материалыг шууд цээжээрээ санаж, ярьж чадна гэсэн гэсэн үг үү?
-Хүсвэл...Богино хугацааны санамжид хадгалсан зүйлийг дахин дахин давтсанаар урт хугацааны ой тогтоолтод оруулдаг. Цээжлэх сонирхолгүй бол тэгсгээд орхичихдог байж магадгүй. Таны сонирхлыг татахгүй бол та түүнийг хэзээ ч санаж чадахгүй шиг хүсэхгүй бол санах боломжгүй.
Дэлхийд ганцхан “Борооны хүн”
Түүнийг ой тогтоолтын олон улсын мастер болохоор зарим хүмүүс юуг ч хамаагүй цээжилдэг эсэхийг нь шалгахыг оролддог гэнэ. Яг миний дээр найман орон тоо асуудаг шиг. Зарим хүүхэд нэг хуудас бичиг харуулаад “Үүнийг цээжилж чадах уу” ч гэж асуудаг. Гэвч тэр үүнийг тэр бүр анхаардаггүй дасгалаа хийх нь чухал гээд чимээгүйхэн орхидог гэв.
-Бид зарим зүйлийг цээжлэе гэвч чаддаггүй. Тэгвэл хэчнээн жилийн өмнөх үйл явдлыг ч, өдөр тутмынхаа үйл хөдлөлийг ч цээжлэх боломж байдаг болов уу, тухайлбал, чи чадах уу?
-Тийм хүн дэлхий дээр ганцхан байдаг. Тархиндаа 3000 ном багтаасан, хуудас, мөр болгоныг шууд хэлдэг. Тэдэн оны тэдэн сарын тэдэнд өглөөний цайн дээрээ юу уусан бэ гэхэд яг хэлдэг. Тэр хүний талаар “Райн ман” буюу “Борооны хүн” гэдэг кино байдаг. Хэн ч түүний хэлсэн үгэнд итгэдэггүй байхад хайрцагтай шүдний чигчлүүр унахад унах чимээгээр нь тоолчихосн тоог нь хэлснээр дүү нь аргагүй итгэдэг гэдэг. Тэр бол байгалиас заасан ганцхан хүн
-Монголын нэг залууг казинод орохыг хориглосон гэсэн мэдээлэл гарч байсан, үнэн болов уу?
-Манай найз Энхмөнх.
- Үнэхээр казинод ороход бүх тоог цээжилж чадах болохоор тэгж хориглосон юм уу?
-Хөзрийг 20 секунтэнд цээжилдэг 4-5 хүн байдаг, дэлхийд. Түүний нэг нь Энхмөнх
-Чи жишээлбэл, казинод орвол ихээхэн мөнгө хожих боломжтой юу, чадвараа ашиглаад. Казинод орж үзсэн үү?
-Казинод орж үзсэн. Зүгээр л ямархуу газар байдаг юм бол гээд. Түүнээс биш, тоглож болохгүй л дээ, би 21 нас хүрээгүй болохоор.
-Эсвэл автомат тоглоомоор ч юм уу тоглоод мөнгө хожих юм сан гэж бодогдож байв уу?
-Автомат тоглоом бол оюун ухаан шаарддаггүй. Зүгээр л аз. Тэгээд ч би тоглоом тоглохыг хүсдэггүй. Насанд хүрээгүй хүүхдэд тийм маягаар мөнгө олохыг хориглодог
Түүний энэ үгнээс төдийгүй, ер нь л байгаа байдал, ертөнцийг харах өнцөг, үйл хөдлөлөөс нь зөв хүмүүжилтэй, нямбай, чамбай хүүхэд гэдэг нь яалт ч үгүй харагдана. Олон медальтай юу гэж асуухад даруухнаар “Мэдэхгүй ээ. Тоолоогүй ш дээ. 50 гаруй медаль байгаа байх аа” гэх. Ой ухааны дасгалаа хийгээд л сууж байхдаа л дуртай тэрээр үнэхээр ээж, аавын сайн хүү. Ийм л мундаг хүүхдүүд Монголын ирээдүйг тодорхойлох буй за.
Ингээд Пүрэвжав болон Монголын баг тамирчдадаа амжилт хүсье. Монголынхоо нэрийг өндөрт өргөөрэй.
Ярилцсан. Ч.Гэрэл, А.Туяа
Сэтгэгдэл байхгүй байна